Тогтоолын төсөл: "Алт-3" аян лоозон төдий хэрэгжих юм биш биз

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед санаачилж байсан “Алт-3” аяныг одоо Г.Занданшатарын танхим, тэр дундаа АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням гардан үргэлжлүүлэх гэж байна.
Улмаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын тогтоолын төслийг өргөн бариад байгаа.
Гэхдээ яг алт олборлолтыг бодитой нэмэгдүүлж, эрчимжүүлэх агуулга үүнд багтав уу гэдэг анхаарал татаж байна.
Ерөөсөө үндсэн гол зорилт нь нийт 100 тонн алтны нөөц бүхий нэр бүхий ордуудыг эргэлтэд оруулах байв. Үүнд Сэлэнгэ аймгийн Гацуурт, Баавгай, Эрээн, Хэнтий аймгийн Шурадгийн гол зэрэг ордууд нэрлэгдэж байсан.
Эдгээр нь тусгай хамгаалалттай бүсэд оршдог. Иймд хамгаалалтаас тооцоо судалгааны үндсэн дээр хэсэгчлэн гаргах асуудал хөндөгдсөн. Энэ нь ч АҮЭБ-ийн яамнаас бэлдсэн тогтоолын төсөл дээр заалт болж орсон байв.
Тодруулбал, сүүлийн заалтад нь: 2020 оны зарим газар нутгийн тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай 46, 47 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулна гэж тусгасан.
Гэвч УИХ-д өргөн мэдүүлсэн тогтоолдоо тус заалтыг хасаж, тусгай хамгаалалттай газрын асуудлыг хөндөхөө больж, “...алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах” гэсэн агуулгаар л тусгаж өгчээ.
Бусдаар бол уг тогтоолын төсөл таван заалттай бөгөөд,
- Уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг дэмжих
- Эрх зүйн орчныг тодорхой болгох, зөвшөөрөлтэй олборлогчдын эрхийг хамгаалж, хууль бус оролцогчдын хариуцлагыг нэмэгдүүлэх
- Алтыг хууль бусаар экспортлох үйл явцад хил, гаалийн хяналтыг чангатгах
- Алтны геологийн судалгаа, хайгуулыг эрчимүүлэх зорилгоор тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгодог болох, холбогдох хуулийг боловсруулж батлуулах зэргийг дурдсан байна.
Өмнөх Засгийн газрын үеийн тооцоо судалгааг дагавал шороон ордын нийт тушаалт хоёр жилийн дотор 20-30 хувь өснө, алтны 45 үндсэн ордоос 130 гаруй тоныг тушаах байв. Тэгвэл 2-3 тэрбум ам.долларыг даруй валютын нөөцөд нэмэх, 5 хувийн АМНАТ-аа авна гэвэл энэ 500 гаруй тэрбум төгрөг болох тооцоотой.
Одоогийн тогтоолын төслөөр бол алт олборлолтыг яг яаж хэрхэн нэмэгдүүлэх юм, шороон ба үндсэн ордуудыг хэрхэн эргэлтэд оруулах юм гэсэн аргачлал алга. Ерөнхийдөө энэ аяныг хэрэгжүүлнэ, хилд гаалиа чангатгана мэтийн ерөнхий, үзэл санааны агуулга л орж ирсэн байгаа юм.
Иймд “Алт-3” аяныг нэр төдий зарлаад, шинэ ордуудыг хөндөлгүй одоогийн ордууд дээр түшиглэн ажилласан болоод өнгөрөх үү гэсэн болгоомжлол үүсчихлээ. Уг нь алтны үнэ тогтмол өсөж, 4000 ам.доллар давах нь тодорхой эдгээр үеүдэд бодитой хандах шаардлага бий юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.