"Олон овоот гоулдтай холбоотой хэрэгт ₮100 гаруй тэрбумын асуудал бий"

"Олон овоот гоулд” ХХК-д холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар холбогдох албанаас өнөөдөр мэдээлэл өглөө.
Тухайн хэрэг 2016 онд Улсын Дээд Шүүх(УДШ)-ийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн иргэний хэрэг бөгөөд тухайн үед шүүхийн шийдвэр гүйцэтгэх процессын ажиллагаа хийгдээгүй учир ажлын хэсэг 03 дугаар тогтоол гаргасан байна.
Энэ талаар Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар(НШШГГ)-ын Хан-Уул дүүргийн I хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Даваасүрэн "Олон овоот гоулд компаниас тодорхой мөнгөн хөрөнгийг гаргуулж, банкны эрх хүлээн авагчид олгох гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, түүнийг үндэслэн бичигдсэн гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулдаг юм.
Уг шийдвэр нь 2016 онд Улсын Дээд Шүүх(УДШ)-ийн тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн иргэний хэрэг юм. УДШ-ийн 853 дугаар тогтоолд тодорхой мөнгөн хөрөнгийг Олон овоот гоулд компаниас гаргуулж, банкны эрх хүлээн авагчид олгох, ийнхүү ажиллагааг явуулахдаа Иргэний хуулийг 153 дугаар зүйл, мөн хуулийн 175 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасныг үндэслэн тухайн барьцааны зүйлээс төлбөр гаргуулахыг дурдсан байдаг. Барьцааны тусгай зөвшөөрлийг шууд шилжүүлэх талаар огт заагаагүй. Нэгэнт гүйцэтгэх хуудас бичигдээд шүүхийн шийдвэрийн журмаар төлбөр гаргуулах ажиллагаа явагдаж байгаа тохиолдолд Шүүхийн шийдвэрийн тухай хуульд заасны дагуу процессын ажиллагаа хийгдэх ёстой. Гэвч процессын ажиллагаа хийгдээгүй учраас 03 дугаар тогтоол гарах үндэслэл болсон. Иргэний хуулийн 153 дугаар зүйлд барьцаалагч нь барьцааны зүйлээс нэн тэргүүнд төлбөрийн шаардлагаа хангуулах хэрэгтэй гэдэг. Энэ хүрээнд Иргэний хуулийн 175 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийг албадан худалдан борлуулж байж шаардлага хангагдана. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд барьцаалуулагч нь төлбөрөө төлж чадахааргүй бол барьцаалагч нь хүссэн тохиолдолд барьцаалуулагч өөрөө өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх ёстой болохоос биш ганцхан барьцаалагчийн хүсэлтээр ашигт малтмалыг шилжүүлэх үндэслэлгүй" хэмээсэн юм.
Харин Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар(ШШГЕГ)-ын Дотоод хяналтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батболд "Олон овоот гоулд компани Хадгаламж банкаас гадна нэр бүхий иргэн, хуулийн этгээдэд нийт 100 гаруй тэрбум төгрөг олгох шүүхийн шийдвэр бий. Барьцааны зүйл нь Хадгаламж, Зоос банканд хамаарна.
Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар банкны эрх хүлээн авагч Энхтөр гэж хүн томилогдсон. Банкны төлбөр барагдуулах газраас Олон овоот компанийн үүсгэн байгуулагч иргэн А нас барсны улмаас өв залгамжлалын эрх нь нээгдээгүй жил гаруйн хугацаа өнгөрсөн байсан.
Энэ хугацаанд компанийн үйл ажиллагаа явуулах 44 лиценз байснаас найман лиценз үлдсэн байсан. Найман лицензээс төлбөр гаргуулах ажиллагааг ажиллагаа холбогдох хууль, журмын дагуу битүүмжлэх, барьцаалах, хураах, үнэлгээ тогтоох, худалдан борлуулах, худалдан борлуулснаас олох орлогоос төлбөрийг гаргуулах ёстой. Гэтэл тухайн үед шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа банкны эрх хүлээн авагчийн охин компани гэх нэр дурдагдаад байгаа Минерал эксплорэйшн фандинг гэдэг компанид шилжүүлэх албан бичиг явсан байдаг.
Гэхдээ Ашигт малтмалын газраас тэр албан бичгээр шилжүүлээгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар манай байгууллага тэр компанид тухайн уул уурхайн олборлолтын газрыг хүлээлгэж өгөөгүй. Гэтэл хууль бусаар хүлээж аваад, олборлолт явуулж байна.
Ажлын хэсэг шалгаад иргэн А нас барснаас хойш өв залгамжлалын эрх нээгдээгүй байхад төлбөр авагч ганцхан Хадгаламж банкны эрх хүлээн авагчид шилжүүлсэн нь хууль бус байна, бусад төлбөр авагчийн эрх ашиг зөрчигдсөн байна гэж үзээд 100 хувийн саналтайгаар дүгнэлтээ гаргаад Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 2024 оны есдүгээр 26-нд 03 тогтоол гарсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба нь хуульд заасан үндэслэл журмын дагуу томоохон үнийн дүнтэй болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын тал дээр мэргэжлийн удирдлагаар хангаж, байнга хяналт тавьдаг юм. Хэн нэгэнд давуу эрх олгохгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Тийм байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж байна гэж үзэж байгаа. Хадгаламж банк 44 тэрбум төгрөгийн авлагатай байна. Нийтдээ 100 гаруй тэрбум төгрөгийн асуудлаар илүү их иргэн, төрийн хохирлыг барагдуулж буй" хэмээн мэдээллээ.
Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.