Шүүмжлэлийн улмаас “Prada” шинэ шаахайн загвар нь Энэтхэгээс гаралтай гэж хүлээн зөвшөөрлөө

Италийн “Prada” брэнд хэд хоногийн өмнө болсон загварын шоу дээр нэгэн шинэ шаахай танилцуулсан юм. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр Милан хотод болсон “Prada”-гийн загварын шоу дээр моделууд 12-р зууны үеийн Энэтхэгээс гаралтай загвартай ижилхэн хийц бүхий савхин шаахай өмссөн байна.
Энэтхэгт ийм загварын шаахайг махараштра гэж нэрлэдэг аж. “Prada” тус шинэ шаахай нь Энэтхэгээс гаралтай хийц гэдгийг олон нийтэд мэдэгдээгүй нь энэтхэгчүүдээс шүүмжлэл дагуулжээ. Тэгвэл “Prada”-гийн эзэмшигчийн хүү Лорензо Бертелли шаахай Энэтхэгийн өв соёлтой холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэр Энэтхэгийн Махараштра мужийн худалдааны танхим руу захидал илгээхдээ “Энэ шаахай нь олон зуун жилийн өв уламжлал бүхий Энэтхэгийн гар хийцийн шаахайнаас сэдэвчилсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
“Prada”-гийн энэхүү шинэ шаахай нь загварын эхний шатандаа байгаа аж. Мөн хэзээ худалдаанд гаргах нь тодорхойгүй. Тус брэнд Энэтхэгийн гар урчуудтай яриа хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.