Трампын шинэ хуулийн төсөл АНУ-ыг өөрийн хямралаас аварсан ч урт хугацаандаа асуудал дагуулна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын санаачилсан татварын хөнгөлөлт, төсвийн зарлагыг нэмэгдүүлэх хуулийн төслийг пүрэв гарагт /2025.07.03/ Конгресс баталсан. Трамп тэрхүү хуулийн төсөлд орон нутгийн цагаар 17:00 минутад буюу Улаанбаатарын цагаар үүрээр гарын үсэг зурсан юм.
Энэхүү хуулийн төсөл нь АНУ-ын засгийн газрыг өрөө төлж чадахгүйд хүрэх эрсдэлээс хэсэг хугацаанд аварч буй. Гэхдээ урт хугацаандаа улсын өрийн асуудлыг улам дордуулж байна. Ихээхэн маргаан дагуулаад буй тэрхүү төсөл нь дэлхийн хамгийн чинээлэг хүн Илон Маск, Трамп хоёрын харилцаа муудах шалтгаан болсон билээ.
Конгрессын Сенатын танхим тэр хуулийн төслийг ширүүн хэлэлцэж, энэ долоо хоногт санал хураахад 50:50 харьцаатай тэнцсэн байдаг. Үүний улмаас АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Ванс санал хураалтын эцэслэн шийдвэрлэх шаардлага гарч, дэмжсэн санал өгснөөр хуулийн төсөл Төлөөлөгчдийн танхим руу шилжсэн юм.
Тус хуулийн төсөлд Трамп 2017 онд хэрэгжүүлж байсан татварын хөнгөлөлтийг сунгах, хилийн аюулгүй байдал ба батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэх, “Medicare” ба “Medicaid” хөтөлбөрийн зардлыг огцом танах гэх мэт зүйлсийг тусгаж өгсөн байгаа.
Энэхүү хуулийн төсөл АНУ-ын өрийн таазыг 5 их наяд ам.доллароор өсгөсөн юм. Хууль батлагдахаас өмнө өрийн тааз 36.1 их наяд ам.долларын байсан билээ. Гадаад өрийн хэмжээ энэхүү таазанд зун дуусахаас өмнө эрсдэл тулаад байсан юм. Шинжээчдийн тооцоогоор сангийн яамны бүх төлбөрөө хийх боломжгүй болж, таазанд өр тулах хугацаа наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр тохиох магадлалтай байсан аж. Энэ эрсдэлээс тэрхүү хуулийн төсөл сэргийлж буй
Гэвч урт хугацаандаа энэ хууль АНУ-ын үнэт цаасны зах зээл болон төсвийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлнө гэж шинжээчид үзэж байна. Тодруулбал, ирэх 10 жилд улсын өрийг 3.4 их наяд ам.доллароор өсгөнө гэж хараат бус судлаачид тооцоолжээ.
Аналистуудын үзэж буйгаар энэ хуулийн төсөл АНУ-ын засгийн газрын бондын нийлүүлэлтийг ихэсгэж, үүнтэй зэрэгцээд худалдан бонд худалдан авах хөрөнгө оруулагчид багасаж буй асуудлыг даамжруулах юм. Энэ хоёр зүйл нь сүүлийн саруудад санхүүгийн зах зээлийг хамгийн их хөдөлгөсөн хүчин зүйл болж байна.

“Wellington Management” фирмийн стратегич Майк Медейрос “Хуулийн төсөл засгийн газрын бондын талаарх хоёр том асуудлыг улам тодотгож байна. Энэ хоёр асуудал бол төсвийн алдагдлын тогтмол өсөлт, гадаад өр өндөр түвшинд байгаа явдал” гэжээ.
“BlackRock” хөрөнгө оруулалтын компани “Гадаадын хөрөнгө оруулагчид АНУ-ын бондоос татгалзаж эхэлсэн” гэж даваа гарагт /2025.06.30/ анхааруулсан. Хэрэв энэ хандлага үргэлжилбэл АНУ-ын долоо хоногт гаргадаг 500 тэрбум ам.долларын бондын хэрэгсэлд эрэлт унах, улмаар бондын өгөөж өсөх эрсдэлтэй юм.
“АНУ-ын гадаад өр өндөр байгаа нь тус улсыг санхүүгийн зах зээл дэх “онцгой байр суурь”-аа алдахад хүргэж болох хамгийн том эрсдэл” гэж “Blackrock” компани анхааруулсан байна.
Конгрессын төсвийн албаны тооцооллоор энэ хууль 4.5 их наяд ам.долларын татварын хөнгөлөлт үзүүлж, 1.2 их наяд ам.долларын зардлыг танана. Гэхдээ дагаад 10.9 сая Америк иргэн эрүүл мэндийн даатгалгүй болох юм.
Тус хууль эдийн засгийн өсөлтийг дэмжих зарим заалттай. Жишээлбэл, бизнесүүд тоног төхөөрөмж худалдан авалт болон судалгаа, хөгжлийн зардлаа бүрэн гаргуулах боломжтой болж, татварын зарим хөнгөлөлт эдэлнэ. Гэсэн хэдий ч зарим хөрөнгө оруулагчид энэ төслийн үзүүлэх гадаад өрийн ачаалал эдийн засгийг дэмжих үр нөлөөг сааруулж нь болзошгүй гэж болгоомжилж байна. Трамп уг хуулийн төслөө “One Big Beautiful Bill” буюу “Нэг сайхан том хууль” гэж нэрлэсэн.
“Wellington Management” фирмийн бондын менежер Кампе Гудман “Энэ хууль 2026 онд АНУ-ын эдийн засгийн өсөлтөд 0.5 хувиар нэмэр болно гэж хүмүүс найдаж байгаа. Гэхдээ зах зээл АНУ-ын засгийн газрын урт хугацааны бондын өгөөж өсөх эрсдэлд хэт тайван хандсан” гэж хэлсэн.
“F.L. Putnam” компанийн стратегич Эллен Хазен “Энэ хуулийн төсөл корпорацын ашиг орлогыг өсгөж, улмаар хувьцааны үнэд эергээр нөлөөлнө. Гэхдээ энэ нь засгийн газрын бондын өгөөжийг удаан хугацаанд өндөр байлгаж болзошгүй тул бонд зэрэг тогтмол орлоготой хөрөнгө оруулалтыг эрэлт буурна” гэжээ. Бондын эрэлт саарч, үнэ буурах үед өгөөж нь өсдөг зүй тогтолтой юм.
Лхагва гарагт /2025.07.02/ АНУ-ын засгийн газрын 10 жилийн хугацаатай төрийн бондын өгөөж өссөн нь хөрөнгө оруулагчдын төсвийн асуудлаас үүдэлтэй болгоомжилж эхэлснийг харуулж байна.
“National Alliance Capital Markets”-ийн гадаад бондын хэлтсийн дарга Эндрю Бреннер “Бондын сахиулууд (Тааруухан бодлоготой засгийн газрууд зээл авах зардлыг нь ихэсгэдэг хөрөнгө оруулагчид) зах зээлд дахин орж ирж байна. Тэд “Төсвийг илүү танах шаардлагатай. Трамп, Конгресс хоёр хангалттай хичээхгүй байна” гэж харж байна” хэмээжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.