ХЗБХ: Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Киргиз улс хоорондын гэрээнд гарын үсэг зурах эрхийг ЗГ-т өгөх нь зүйтэй гэж үзлээ

ХЗБХ-ны өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
Үүнд: Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Киргиз Улс хоорондын гэрээний төслийг бүхэлд нь зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн Газарт өгөх нь зүйтэй гэж үзлээ. Тус гэрээг анх 1999 онд гэмт этгээд шилжүүлэх тухай ерөнхий байдлаар байгуулжээ.
Шинэчилсэн төслөөр эрүү болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх нарийн зохицуулалтыг зааж 25 зүйлтэйгээр боловсруулсан байна. Монгол Улс одоогийн байдлаар 22 улстай 40 эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд Тайланд болон Малайз улстай гэрээ байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсыг Киргизийн 3300 гаруй иргэн зорин ирсэн бол 150 гаруй Монгол иргэн тус улсад ажиллаж амьдарч байна. Харин манай улсад Киргизийн 75 иргэн амьдарч байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Хуулийн төсөлд цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийг тээврийн хэрэгслийн ангилалд оруулж, техникийн дээд хурдыг тогтоож, зорчихыг зөвшөөрсөн зам зэргийг тогтоосон бөгөөд жолооч, үйлчилгээ эрхлэгчийн эрх үүрэг, хариуцлага, хориглосон зүйлийг тусгасан. Тодруулбал хуулийн төсөлд хурдны дээд хязгаарыг 25 км/ц, явган хүний замаар зорчихдоо 10 км/ц-аас дээшгүй хурдтай зорчих тухай, нэг эгнээтэй замын зөвхөн баруун гар талд зорчих зэргийг тусгажээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 9 гишүүн өргөн мэдүүлсэн Харьяатын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах шатанд шилжүүлэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5% дэмжив.
Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 06 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийн анхын хэлэлцүүлгийг хийлээ. Үндсэн хуулийн цэц 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа иргэдээс гаргасан мэдээллийн дагуу хянан хэлэлцээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.", Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад "... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, ... өмчлөх ... эрхтэй. ..." гэснийг тус тус зөрчсөн байна хэмээн шийдвэрлэсэн. Ингэснээр тус хуульд 2023 онд нэмэлтээр оруулсан “үл хөдлөх хөрөнгийг авсан үнээс нь буу руулж зарах"-ыг хориглосон заалтыг УИХ хүчингүй болгосон юм.
Хуралдааны төсгөлд Хууль зүйн Байнгын хорооны даргаар Дамдины Цогтбаатарыг дэвшүүлэх саналыг УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг танилцуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.