НИЙГЭМНийгэм мэдээ

"Төрөөд удаагүй нялх янзага өнчирч, ам, хамар нь хатсан байдалтай байсан"

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Д.Тосон ойд эмийн ургамал түүж явах үедээ эхээсээ төөрч, шим тэжээлийн дутагдалд орсон байж болзошгүй янзагыг олж, анхны тусламж үзүүлсэн байна.

Тодруулбал, 2025 оны долоодугаар сарын 5-ний өдөр Хөвсгөлийн ой хээрийн бүсэд эмийн ургамал түүж явах үедээ туйлдаж, ганцаар орхигдсон янзагатай таарчээ. Тэрээр ийнхүү орхигдсон янзаганд анхны тусламжийн хүрээнд ус уулган, түр зуур гэртээ авчран асарч байгаа юм.

Ийнхүү бид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Д.Тосонтой холбогдон янзаганы биеийн байдлын талаар тодруулан асууж, ярилцлаа.

-Сайн байна уу. Янзаганд ус өгч буй бичлэгийг цахимаас үзсэн. Таныг анх олоход ямархуу байдалтай байсан бэ?

-Ойд ургамал хайж явж байх үед жалганд юм хөдлөх шиг болсон. Очиж шалгахад төрөөд удаагүй гэмээр жижигхэн янзага байсан. Эхээсээ ямар нэгэн байдлаар төөрсөн байх магадлалтай гэж хамгийн түрүүнд бодсон. Яагаад тэгж бодсон бэ гэхлээр чих, хамар, ам нь хатаад хуурайшсан байдалтай байсан юм. Эхийн сүүгээ уугаагүй удсан гэмээр. Тийм учраас хамгийн түрүүнд ус өгсөн. Ус уугаад сэргээд арай цовоо болсон. Мөн хатсан хэсгүүдэд нь баавгайн тос түрхэж өгсөн.

-Эхийг нь хүлээх юм уу хайж үзсэн болов уу?

-Эх нь ойр байхгүй байх магадлал өндөр санагдсан. Орхигдоод нэлээн хэд хоносон байр байдалтай байсан. Хэрвээ үлдээчихвэл амьд үлдэхгүй ч байж магадгүй болохоор яах аргагүй гэртээ авчирсан.

-Цахимд тавигдсан бичлэгийн сэтгэгдэл хэсэгт хүмүүс их олон янзын зөвлөгөө өгсөн байсан.

-Тиймээ хүмүүс янз бүрийн зөвлөгөө өгсөн. Эхээсээ төөрсөн янзага олоод гэртээ тэжээсэн хэд хэдэн тохиолдол байдаг юм билээ. Янзага тэжээж байсан гэх нэг хүн холбогдсон. Тухайн иргэн янзагаа хоёр жил тэжээж байж байгальд нь тавьсан гэсэн. Учир нь хүний гараар удаан тэжээснээс болоод байгальд гараад амьдрах чадвар нь муу байсан учраас хангалттай том болгож байж ойд тавьсан гэсэн. Ерөнхийдөө хамгийн багадаа зургаан сар тэжээгээд байгальд нь тавих бодолтой байна.

-Тухайн бүс нутгийн байгаль хамгаалах газартай холбогдсон уу?

-Холбогдоогүй байгаа. Харин бидэнтэй Архангай аймгаас холбогдсон. Тухайн нутагт янзага нутагшуулах ажил эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд манайд өгөх боломжтой юу гэж асуусан. Хэрвээ өгвөл зохих журмын дагуу харьяа байгууллагуудаар дамжуулан авч болно гэсэн.

-Та энэ саналыг хүлээж авах бодолтой байгаа юу эсвэл өөрийн нутагт нь үлдээх үү?

-Ер нь бол өөрийнх нь төрсөн нутагт нь үлдээе гэж бодож байгаа. Өөр хол газар явуулах, хүнд өгнө гэхээр болохгүй юм шиг санагдаад л байна. Анх бид л олсон юм чинь өөрсдөө л өсгөх санаатай. Манай нохой хүртэл дасаад, хайрлаад эхэлсэн. Аль болох бараадаад, манаад байдаг.

-Одоо янзаганы биеийн байдал хэр байна вэ?

-Одоо харьцангуй гайгүй байгаа. Гэхдээ шим тэжээлийн дутагдалд ороод дархлаа нь унаад, ядарч сульдсан байдалтай олдсон. Тийм учраас аймгийн мал, эмнэлгийн газарт шаардлагатай гэсэн үзлэг, шинжилгээ, зөвлөгөө, заавар авахын тулд өгчихсөн байгаа. Маргааш дуудвал очиж эмчтэй уулзаж ярилцаад янзагаа очиж авна даа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button