БНХАУ газрын ховор металлд тавьсан хориг Бээжинд тус болсон ч дотоодын компаниудад хүнд тусав

БНХАУ газрын ховор металлын экспортод тавьсан хязгаарлалт дэлхийн автомашины нийлүүлэлтийн сүлжээний зарим хэсгийг саатуулж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг хэлэлцээний ширээний ард суухад хүргэсэн. Гэвч дотооддоо энэ арга хэмжээ эдийн засгийн удаашралтай тэмцэж буй компаниудад хүндхэн тусаж байгаа аж.
Бээжин дөрөвдүгээр сард АНУ-ын тавьсан гаалийн татварт хариу болгон газрын ховор металл болон соронзын экспортыг хязгаарласан. Энэ нь соронз үйлдвэрлэгчдийн гадаад борлуулалтыг унагааж, эдийн засгийн сул байдал дээр нэмж дарамт болж байгаа аж. Мөн соронз үйлдвэрлэгчдийн гол салбаруудын нэг болох цахилгаан автомашины зах зээлд хүндхэн тусжээ.
АНУ зургаадугаар сарын 27-нд Хятадтай ховор металлын урсгалыг сэргээх хэлэлцээр хийснээ зарласны. Гэсэн хэдий ч соронз үйлдвэрлэгчдэд үүссэн хүндрэлүүд ойрын үед намжих төлөвгүй байна.
Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд тодорхой хугацаа шаардана гэж төрийн дэмжлэгтэй “Baotou” ховор металлын бирж мэдэгдэл хийхдээ онцолсон юм. Тус биржийн мэдээлснээр агуулахуудад бараа бүтээгдэхүүний нөөц их хэмжээгээр хуримтлагдаж эхэлсэн байна. Энэ мэдэгдэл нь хэлэлцээр зарлагдсанаас хойш 12 цагийн дараа гарсан юм.
Экспортын хязгаарлалтын улмаас хоёр сарын хугацаанд соронзын экспорт 75 хувиар унаж, дэлхийн хэд хэдэн автомашин үйлдвэрлэгч зарим үйлдвэрээ түр хугацаанд хаахдаа тулсан. Тавдугаар сард “Baotou” бирж мэдэгдэл хийхдээ зарим орон нутгийн соронз үйлдвэрлэгчдийн хувьд энэхүү хязгаарлалт нь “хямрал” үүсгэсэн гэсэн юм.
БНХАУ газрын ховор металл бүхий соронзын 90 хувийг үйлдвэрлэдэг. Үйлдвэрлэсэн соронзын ихэнхийг нь дотооддоо ашигладаг байна. Гэхдээ 2024 онд соронз үйлдвэрлэгч 11 томоохон компанийн экспорт нийт орлогынх нь 18-50 хувийг бүрдүүлжээ.
“Argus” компанийн металлын үнэ хариуцсан захирал Элли Саклатвала “Одоо тэдний борлуулалтад хоёр талаас нь шахалт ирэх болсон. Экспорт саатаж, дотоод эрэлт сул байгаа. Тэд бизнес харилцагчдынхаа чухал хэсгийг түр хугацаанд алдаад байна. Хэзээ дахин сэргэх нь тодорхойгүй хэвээр” гэж хэлсэн байна.
БНХАУ-ын хоёр соронз үйлдвэрлэгч компани “Reuters” агентлагт нэрээ нууцалж мэдээлэл өгөхдөө энэ онд орлого буурах төлөвтэй байна гэжээ. Нэг компани нь “Ямартай ч экспортын бизнест маш том нөлөө үзүүлнэ. Гэхдээ яг хэдий хэмжээний алдагдал хүлээхээ одоогоор таамаглах боломжгүй байна” гэж мэдээлэл өгсөн аж.
Мөн уг асуудлын талаар мэдээлэлтэй өөр нэг эх сурвалж хэлэхдээ, дунд үйлдвэрлэгчид дөрөв, тавдугаар сард үйлдвэрлэлээ ойролцоогоор 15 хувиар бууруулжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.