“Одиссэй”, “Илиада”, “Тэнгэрлэг туульс"-ын орчуулгаар Д.Цахилгаан төрийн шагнал хүртэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ахмад дипломатч, доктор профессор, түүхч Д.Цахилгаан “Төрийн шагнал” хүртэхээр болжээ.
Хүн төрөлхтний оюуны охь, дэлхийн сонгодог уран зохиолын ноён оргил болох “Илиада”, “Одиссэй” болон “Тэнгэрлэг туульс” бүтээлийг монгол хэлнээ дуун хөрвүүлсний учир төрийн эрхэм дээд шагналыг хүртээж байгаа юм байна.
Туульсын яруу найргийн онцлууштай, утга төгөлдөр орчуулга болсны зэрэгцээ эх бүтээлийн агуулга, хэл найруулга, дүр дүрслэлийг хадгалан монгол хэлнээ буулгасан нь утга зохиолын орчуулгын хөгжлийг шинэ шатанд гаргасныг онцлов.
Тус бүтээлүүдийг монгол хэлнээ орчуулах ажлыг “Монсудар хэвлэлийн газар” санаачлан, орчуулагчтай хамтран ажиллаж, Монголд анх удаа бүрэн эхээр нь “Одиссэй” туульсыг 2020 онд, “Илиада” туульсыг 2021 онд, “Тэнгэрлэг туульс” бүтээлийг 2024 онд уншигчдын хүртээл болгожээ.
Энэ нь манай нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан төдийгүй өнөөгийн хийгээд хойчийн уншигчдад эх хэлээрээ дэлхийн сэтгэлгээний сонгодог бүтээлтэй танилцах боломжийг олгосноороо ихээхэн ач холбогдолтой юм.
“Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульсыг барууны уран зохиолын хамгийн эртний бүтээлд тооцдог. НТӨ 725-675 оны хооронд анх Илиада нь, арай сүүлд Одиссэй нь зохиогджээ. Үйл явдлын хувьд хоёр тууль хоорондоо холбоотой, тулаан, дайны тухай өгүүлдэг боловч хүний зориг, хүнд бэрхийг даван туулах чадвар, гэр бүлийн үнэ цэн, хувь тавилан, шударга ёсны тухай гүн утга санааг шингээсэн.
“Тэнгэрлэг туульс” нь Италийн суут зохиолч Данте Алигьеригийн 14-р зуунд
бичсэн, дэлхийн утга зохиолын түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүдийн нэг.
Зохиолын би баатар 35 настай Данте өөрөө ТАМ, АРИУСЛЫН ОРОН, ДИВААЖИН гэсэн гурван орноор хүний амьдралын утга учир болоод нүглийн мөн чанарыг ойлгох аялалд гардаг. Уг зохиол нь зөвхөн нэг хүний сүнслэг аялал төдийгүй хүн төрөлхтний ёс суртахуун, авралын тухай юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цахилгааны хүү Жаргaлсайхан Монгол улсаас урвасан хэргээр 17 жилийн ял аваад шоронд орсон байдаг. Гэтэл түүнд гавъяа байгуулсан мэтээр төрийн шагнaл олгох ёсгүй баймаар. Шагнaл , одон мед�##�ь утгаа aлдаж байна даа. Авилгачин Адьшаа гавъяат хуульч болчихсон байх шиг.