Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТОЙМ: Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар сольсноос өөр ажил амжуулаагүй хаврын чуулган

2025.03.17-нд нээлтээ хийсэн хаврын ээлжит чуулган өчигдөр /2025.07.09/ хаагдлаа. Хаврын чуулган Үндсэн хуульд заасны дагуу ажлын 82 хоног хуралдаж 66 хууль, 59 тогтоол баталжээ. Энэ хугацаанд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.


-Хоёр ЗГ: Л.Оюун-Эрдэнийнхийг унагаж, Г.Занданшатарынхыг байгуулав-

Хаврын чуулганы хамгийн том дуулиан бол Засгийн газар солигдсон явдал. Л.Оюун-Эрдэнийнхийг унагаж, Г.Занданшатарынхыг байгуулав. "Гашуунсухайт-Ганцмод" боомтын бүтээн байгуулалтын нээлтийн үеэр гүйцэтгэх засаглалаа тонгорчихсон. Товчхондоо, 1970 оны ах нар нь 1980 оныхноо дарж, МАН-ын түүхэн цикл эргэв.

Гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар, Парламент Ерөнхийлөгчийн тамгын газар гэсэн институц хоорондын толхилцоон байсныг нуух юун. Эрх мэдлээ булаацалдсан институц хоорондын зөрчил, ийм зөрчилд хүргэдэг тогтолцоо манайд бий.

Парламент дээр Ерөнхийлагчийн шатрын өрөг өрөгдөв. Нэгийг нь унагааж, нөгөөг зурсан үйл явдал олон нийтийн нүдэн дээр өрнөсөн. Шөнө УИХ-ын чуулганы хуралдаанд орж ирж, үг хэлсэн нь ч эцсийн цэгийг хатгатлаа нөлөөлсөн. Парламент нь шийдээгүй байхад орж ирээд загначихдаг, тулгачихдаг Ерөнхийлөгчтэй, засаглалын тодорхой бус байдалтай гэдгээ монголчууд олж харсан.

Л.Оюун-Эрдэнийн өөрт нь итгэл хүлээлгэх бодлогоо “Сонгодог парламентын тогтолцоог төгөлдөржүүлэхийн тулд” гэж тодорхойлсныг “Сонгодог парламент аюулд орчихсон” гэдэг мессеж гэдгийг улстөрчид хэлж байв. Энэ ч утгаараа хамтарсан ЗГ унавал Ерөнхийлөгчийн институт хүчирхэгжинэ гэсэн болгоомжлол хөвөрсөн. Одоо бол Ерөнхийлөгчийн болон гүйцэтгэх засаглал нь нэг институц шиг л ажиллаж эхэлснийг анзаарч болно.

Институц хоорондын хагарлын хөлд АН өртчихсөн. Хамтарсан Засгийн газрыг задлах шалтгаанаа АН руу чихэж байгаад нураачихсан. Гэвч ХҮН нам, ИЗНН-д ганц хоёрхон сайдын суудал өгч хамтралаа оромдов. АН-д хүчтэй сөрөг хүчин байж, 2028 оны сонгуульдаа бэлдэх завшаан гэж эерэгшүүлж болохоор.

-Дав.Цогтбаатарыг "хуулийн мухардал" нэрээр явуулсангүй-

Хаврын чуулганы эхэнд МАН-ын бүлгийн гишүүн Э.Болормаа, АН-ын бүлгийн гишүүн Д.Цогтбаатар нарыг эргүүлэн татах асуудлыг хэлэлцэх нь тодорхой болоод байв. Гэвч Дав.Цогтбаатарыг явуулж чадсангүй.

Хангайн бүсэд АН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдсон Д.Цогтбаатарыг эгүүлэн татах үндэслэл бүрдсэн. Тэрбээр, Хөгжлийн банканд ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, “Мон дулаан”, “Газ импорт”, “Бэрэн” ХХК-д давуу байдал олгосон, Хөгжлийн банканд их хэмжээний хохирол учруулсан гэж анхан шатны шүүх үзэж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж 20 сая төгрөгөөр торгох ял оноосон бий. Анхан шатны шүүхийн шийдвэрийг УДШ-ээс хэлэлцэн хэвээр үлдээсэн. Д.Цогтбаатар нь Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүлээн аваад байгаа. 

Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг эгүүлэн татах асуудлыг энэ хаврын чуулганаар хэлэлцэх байсан ч, хуулийн мухарлдалд орсон гэдэг шалтгаанаар явуулсангүй.

-Төсөв: Ерөнхийлөгчийн хориг ба тодотгол дээр УИХ олон хоног мунгинав

Хаврын чуулганы хугацааны улсын төсөвтөө чамгүй цаг зарцуулав.

Эхлээд 2025 оны нийт орлогыг 36.8 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлогыг 33.9 их наяд төгрөг, зарлагыг 35.8 их наяд төгрөг байхаар тооцож баталсан. Гэвч "үрэлгэн төсвөө тана" гэх агуулгаар Ерөнхийлөгч төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан байдаг. Улмаар Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар хуулийн мухардалд орсон. Хоригийг хүлээж авсан тохиолдол гарч байгаагүй. Ингэж дахин хэлэлцээд алдагдалгүй төсөв баталлаа гэцгээсэн билээ.

Гэвч 2025 он дундаа орох үед гадаад, дотоод хүчин зүйлс төсөв тодотгох нөхцөлд хүргэсэн. Хамгийн эхнийх нь мэдээж нүүрсний үнийн уналт. Нүүрсний үнийг 2025 оны төсөвт 105 ам.доллар гэж тооцож байсан ч дэлхийн зах зээл дээрх үнэ унаж, төсвийн орлого тасарсан. Дээр нь Засгийн газрын тогтворгүй байдал, Трампын тарифын бодлого зэрэг хүчин зүйлс тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Төсвийн тодотголоор зардлыг 2.3 их наяд төгрөгөөр бууруулж, төсвийн алдагдлыг 1.8 их наяд байхаар тооцсон. Нийт хасагдаж буй зардлын 1.5 их наяд төгрөгийг урсгал зардлаас, 600 орчим тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалтын зардлаас хасахаар тооцоод байна.

-Иргэдийн хамгийн их хүлээсэн Татварын багц хуулийг өргөн барьсангүй-

Хаврын чуулганаар иргэдийн хамгийн их хүлээлт үүсгэсэн хуулиудын нэг нь "Татварын багц хууль".

Татвар төлөгчийн тоо 2014-2019 онд 126.6 хувь, 2019-2023 онд 19.2 хувь, 2023-2024 онд 8.6 хувиар өссөн. Монгол Улсын төсвийн орлого бүрдүүлдэг аргачлал хуучирсан гэдгийг хаа хаанаас хэлсээр байгаа.

  • Хамгийн гол нь ААН-үүдийн хүсэн хүлээж байгаа татварын хувь хэмжээг бууруулах хуулийн төсөл орж ирсэнгүй.
  • Б.Пүрэвдорж нарын гишүүдийн НӨАТ-ыг 5% болгож бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Олонхийн бүлэг хэлэлцүүлсэнгүй.
  • Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүний хамт НДШ-ийг бууруулах хуулийн төслийг Засгийн газраас өргөн барих Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлтэй нийцүүлнэ хэмээн зогсоов.

-Анхаарах сэдвүүд үлдээлээ: "Онтрэ"-тэй учраа олж, “Ухаа худаг”-ийг УИХ-ын босго давуулж чадсангүй

Нэгдүгээрт, “Оюу толгой”-н хэлэлцээ буюу “Онтрэ”-гийн асуудал. Лиценз шилжүүлэх процесс нэгэнт саатсан учир далд уурхайн бүтээн байгуулалт, олцорлолт саатчихаад байгаа. Монголын ЗГ-ын шийдийг хүлээж буй нь зөв ч угаас тэгэх хуультай юм. Харин энэ хооронд ажлыг яаравчилъя гээд О.Батнайрамдал гишүүнээс өөр энэ чухал сэдвийг хөндөж, ярьсан нь цөөн байв. Одоо үүн дээр Г.Занданшатарын Засгийн газар яг ямар үзэл санаа барих юм, хэрхэн “Рио тинто” болон “Онтрэ ресурс”-тэй ажиллах юм гэдэг төдийлөн тодорхой биш байна. Шийдэлгүй хаврын чуулганыг хаасан бол зундаа амжиж хөдлөх л шаардлагатай.

Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнийн ЗГ стратегийн ач холбогдол бүхий ордод хамаарах Ухаа худагийг 2007 онд “Энержи ресурс” компанид шилжүүлсэн асуудлыг хуульд нийцүүлэх шаардлагатай гэж үзэн, тогтоолын төслийг боловсруулсан. Улмаар УИХ-д өргөн мэдүүлсэн.

Хамтарсан Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах, хувь эзэмшил тогтоох нь УИХ-ын эрх хэмжээний асуудал. Гэтэл энэ асуудлыг Засгийн газар 2007 онд тэмдэглэлээр шийдвэрлэсэн нь хуулийн процедурыг зөрчсөн гэдэг асуудлыг хөндөж байлаа. Иймээс УИХ-аар эл асуудлыг оруулж, хэлэлцүүлэхээр болсон. Гэвч Засгийн газрын эл шийдвэр нь хувийн хэвшил рүүгээ халдсан үйл ажиллагааг явуулж байна гэдэг шүүмжлэл дагуулсан.

Энэ хаврын чуулганы хамгийн халуун сэдэв болох нь тодорхой болоод байсан юм. Гэхдээ хэлэлцэлгүй байсаар чуулганаа хаалаа.

Гуравдугаарт, Орлогоо баталж чадаагүй нийтийн албан тушаалтнуудын хөрөнгийг хураах хуулийн төсөл бол өмнөх ХЗДХ-ийн сайдын амбицлаж байсан хуулийн төсөл. Л.Оюун-Эрдэнэ өөрөө тэргүүлж гарч ирээд ЗГ нь унахын өмнөх өдөр өргөн барьсан. Хууль зүйн сайд асан О.Алтангэрэл "Нийтийн албан тушаалтан хууль ёсны орлогоосоо давсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй, тайлбар нь нотлогдохгүй бол уг хөрөнгийг хууль бус гэж үзэх юм" хэмээсэн. Насаараа төрийн байгууллагад ажилласан түүхтэй ч хэдэн үеэрээ идээд барахгүй хур их хөрөнгө хураасан хүмүүс монголын төрд олон бий.

Дөрөвдүгээрт, алтны үнэ өндөр байгаа цаг үеийг ашиглая гэж өмнөх Засгийн газар “Алт-3” аяныг санаачилсан. АҮЭБ-ийн сайдаар Г.Дамдинням ирж, ирсэн дороо аяны тогтоолын төсөлд анхаарсан ч хэлэлцэгдэхгүй байна. Уг нь тогтоолын төсөлдөө алтны үндсэн ордуудыг эргэлтэд оруулах, үүний тулд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээл олгох агуулга тусгаж чадсан. Гэхдээ энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтад ч багтаагүй. Цаг алдахгүй хөдлөх ёстой санаачилга торойн үлдэв.

Хаврын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Г.Занданшатараар сольсноос өөр юу амжуулав. Шүүхийн шийдвэр биелүүлж, Дав.Цогтбаатарыг явуулж чадсангүй. Өргөн барьчихсан “Ухаа худаг”-ийн учрыг ололгүй орхиж, төсөв дээр баахан мунгинав. Иргэдийн хамгийн их хүлээсэн татварын багц хуульдаа ч гар хүрсэнгүй.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button