Өнгөрсөн жилийн сур харвааны аварга, даяар дуурсах мэргэн Б.Пунсалдулам

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам эхэлж буй.
Ийнхүү өнгөрсөн жилийн баяр наадамд сур харваагаар манлайлж, төрийн наадамд гурав дахь удаа түрүүлсэн Б.Пунсалдуламын тухай цөөн мэдээлэл хүргэе.
Тэрбээр, өнгөрсөн жил даяар дуурсах мэргэн болсон билээ.
Түүний хувьд 2010 оноос хойш тасралтгүй наадамд оролцжээ. Наадамд дөрвөн удаа эхний тавд буюу хоёроос дөрөвдүгээр байрт шалгарч байсан нь өнө их амжилтынх нь суурь болсон аж.
Анхны тэмцээн 2003 оны хавар аймгийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд орсноор эхэлж байсан. Уг тэмцээнд төдийлөн амжилт гаргаагүй. Хэдий тийм ч маш тууштай бэлтгэлээ хийжээ. Ийнхүү тэр жилийн наадмаар Өвөрхангай аймгийн өсвөрийн тэмцээнд түрүүлж байжээ.
Тэрбээр физикийн багш мэргэжилтэй хэдий ч багаас дадсан сур харваандаа ихэд хайртай. Өөрийн хичээл зүтгэл, авьяас чадвараа бусдад өвлүүлэхийг зорьж буй. Мөн түүнийг багадаа жүдо бөхөөр хичээллэдэг байхад нь аав нь сур харваа руу хөтөлж, оруулсан тухайгаа ярьж байжээ.
Нөхөртэйгөө сурын зурхай дээр танилцаж байжээ. Түүний хань улсын баяр наадамд нэг удаа айрагдаж, урианхай сурын харваанд нэг удаа түрүүлж байсан. Урианхай сурын мэргэн, үндэсний сурын аймгийн мэргэн спортын цолтой харваач аж. Хоёр сартай нярай биетэй байхдаа ч нум татаж, сур тавьж явсан эрэмгий түүнийг энэ жилийн наадамд ихэд өнгөтэй байгааг харваачид ярьсаар байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.