НИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжлага: Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр эхэлж, өчигдөр буюу долоодугаар сарын 11-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн үйл ажиллагаа сүр жавхаатайгаар болж өндөрлөлөө.

Наадмын энэ өдрүүдэд хот, хөдөө, гадаад улсын олон мянган наадамчид Төв цэнгэлдэх хүрээлэнг зорин ирж, баярын уур амьсгалыг мэдрэн хуушуураа идэж, үндэсний дээл хувцсаараа гоён, гэр бүлээрээ цэнгэн нааддаг уламжлалтай билээ.

Иймд наадмын эргэн тойрны хуушуурын худалдаа үйлчилгээ, аюулгүй байдал, яаралтай тусламжийн үйлчилгээ зэргийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс сурвалжлагаа бэлтгэлээ.

Яаралтай тусламжийн үйлчилгээ

Цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талд хүн зөрөх зай хомс, нар төөнөж, үүл багатай халуун өдөр байлаа. Ийм цаг агаарын нөхцөлд ялангуяа ахмад настан, хүүхдүүдийн хувьд даралт ихсэх, наранд цохиулах зэрэг эрсдэл өндөр байдаг.

Бид эдгээр эрсдэлийн талаар мэдээлэл авч, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна байрлаж буй түргэн тусламжийн машин дээр очлоо. Машины дотор эмч, сувилагч, жолооч мөн олон нийттэй харилцах албанаас томилогдсон харгалзагч ажиллаж байв.

Ингээд бид эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар яаралтай тусламжийн эмчтэй ярилцлаа. ХУД-ийн түргэн тусламжийн эмч Г.Гандэлгэр, "Одоогийн байдлаар дуудлага бүртгэгдээгүй байна. Харин 16-17 хүн ирж үзлэг хийлгэсэн. Эдгээрээс дийлэнх даралт ихсэлт мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс үзлэг хийлгэж, зөвөлгөө авсан" гэж хэлсэн юм. 

Харин бид эргээд 17-18 цагийн үед дахин нөхцөл байдлыг тодруулахаар очиход, "Бага үдийн үед үзлэг бага байсан бол одоогийн байдлаар 60 гаруй хүн үзлэг хийлгэсэн байна. Дийлэнх нь өндөр настан болон хүүхдүүд ухаан алдсан дуудлага, үзлэг байлаа. Хуушуурын асрууд агаар сэлгэлт муухай учраас хүмүүс удаан хугацаанд оочирлож суух үедээ ухаан алдах, даралт ихсэх эрсдэл үүсэж байна. Нэг хүүхдийг яаралтайгаар ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгөөд ирсэн. Нийт наадамчин олондоо хандаж зөвлөхөд наадамлаад болсон гэж үзвэл гэртээ харихыг зөвлөе. Хэрвээ эрүүл мэндийн асуудалтай хүмүүс хэт халууны үед гадаа олон цагаар байх болбол хэрэглэдэг эм, бүтээгдэхүүнээ заавал авч яваарай гэж хэлье" гэлээ.

Хуушуурны асрууд

Энэ жилийн баяр наадмаар төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт хуушуурын бизнес эрхлэх ААН-үүдэд олгох зөвшөөрөлд шинэ зохицуулалтууд үйлчилж эхэлсэн билээ. Энэ нь юу вэ гэхлээр албан ёсны хоол хийх үнэмлэхтэй мэргэжлийн тогооч нарыг ажиллуулах талаар байсан юм. Гэвч энэ нь хуушуурын цэгүүдийг цөөрөхөд хүргэж, наадмын эхний өдөр оочер дараалал үүсгэн, наадамчин олныг бухимдуулаад буй.

Иргэдийн хэлж байгаачлан хуушуур авахын тулд 1-2 цаг оочирлож байгаа талаар мэдээлсэн юм. 

Мөн хуушуурны зөвшөөрөл авсан газрууд бүгд албан ёсны хоолны үйлчилгээ явуулдаг ААН байсан ба тэд ч ачааллаа дийлэхгүй тогооч нар нь ядарч, зарим ажилчдын биеийн байдал муудсантай холбоотой хэсэг захиалга авахгүй байгаа газрууд ч байлаа.

"Hancook" Солонгос хоолны рестораны ажилтан, "Ачаалал маш их байна. Бид өглөө 8 цагт ирж бэлтгэл ажлаа хангасан боловч цахилгааны асуудлаас үүдэн 10 цагаас албан ёсоор борлуулалтаа хийж эхэлсэн. Бүх шалгуураа бүрэн хангасан учраас зөвшөөрлөө авсан" гэж хэллээ.

"Yama" япон хоолны рестораны ажилтан, "Үйлчлүүлэгчид маш их байна. Одоогоор барагцаалбал дөрвөн мянга гаруй хуушуур хийсэн гэж бодож байна. Ковидын өмнө жил манай ресторан наадмын талбайд ажиллаж байсан. Өмнөх үеийг бодоход хүн их байна. Бусад зохион байгуулалт, шийдэл нь сайжирсан санагдлаа" гэсэн юм.

Харин иргэдийн зүгээс хуушуур авах гэж барагцаагаар 1-2 цаг оочирлож буй. Амт чанар, үнийн сонголт хийх боломжгүйгээр шууд бага оочиртой гэсэн газраасаа л худалдан авалт хийж байгаа гэсюж мэдээлсэн юм.

Шуурхай шпаб 

Төв цэнгэлдэх хүрээлэнд байрлах Цагдаагийн шуурхай штаб нь баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийг бүртгэх, шаардлагатай тохиолдолд газар дээр нь шуурхай арга хэмжээ авах үүрэгтэй ажиллаж байна.

Энд ажиллаж буй алба хаагчид хүн олноор төвлөрсөн энэ өдрүүдэд иргэдийг сонор сэрэмжтэй байж, хувийн эд зүйлсээ анхаарах, хүүхэд төөрөхөөс сэргийлэхийг зөвлөж байв. Мөн аливаа маргаан, зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эргүүл, хяналтын багууд төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадаад орчинд тогтмол эргүүлд гарч байгаа юм.

Энэ жилийн наадмаар ЦЕГ-аас хүүхэд хамгааллын түр байр ажиллуулж эхэлсэн байна. Энэхүү байр нь төв цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байрлах бөгөөд төөрсөн эсвэл хараа хяналтгүй явж буй хүүхдийг түр хугацаанд хамгаалан байрлуулах зориулалттай.

Ингэснээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах давуу талтай. Түр байранд хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчийг нь иртэл тухтай, аюулгүй орчинд байлгаж, холбогдох байгууллагууд хамтран хэн болохыг нь тогтоож, улмаар гэр бүлийнхэнтэй нь эсэн мэнд уулзуулах зохицуулалттай юм. 

Албаныхны мэдээлснээр наадмын эхний өдөр хэд хэдэн хүүхэд төөрсөн ч түр байрны ачаар богино хугацаанд гэр бүийнхэнд нь хүлээлгэн өгсөн аж. Энэ талаар 

ЦЕГ-ын урьдчилсан сэргийлэх албаны хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчилөөс урьдчилан сэргийлэх албаны ахлах дэслэгч Э.Эрдэнэтулга, "Энэ жил төв цэнгэлдэх хүрээлэнд хүүхэд хамгааллын түр байр байгуулан ажиллаж байна. Хүүхдүүдтэй холбоотой гэмт хэргийн шинжтэй зүйл гараагүй. Харин 10 гаруй бага хүүхэд эцэг эхээсээ төөрсөн. Тэдгээрийг бүгдийг нь түр хамгаалах байрандаа байршуулаад, эцэг эхийг нь олж хүлээлгэн өгсөн байгаа" хэмээн мэдээлсэн юм. 

Үргэлжлүүлэн бид шуурхай штаб дээр байрлаж буй халаасны хулгайтай тэмцэх албаныхнаас наадмын үеийн гэмт хэргийн нөхцөл байдал, бүртгэгдэж буй зөрчлүүдийн талаар тодруулга авлаа.

Албаныхны мэдээлснээр гадаадын иргэдийн гар утсыг хулгайлсан байж болзошгүй хоёр хэрэг бүртгэгдсэн ба тэдгээрийг илрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас хүний хөл хөдөлгөөн ихтэй, олны дунд анхаарал суларсан үед халаасны хулгайн эрсдэл эрс нэмэгддэг гэдгийг онцоллоо. Иймээс гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс энгийн хувцастай цагдаагийн алба хаагчдыг наадмын талбайд эргүүлд гарган ажиллуулж байгаа юм. Эдгээр эргүүлүүд сэжиг бүхий этгээдийг илрүүлэх, тухайн үйлдлийг газар дээр нь таслан зогсоох чиглэлээр шуурхай үүрэг гүйцэтгэж байна.

Наадмын талбайн гол цэгүүдэд байршуулсан хяналтын камерууд нь хүний хөдөлгөөн, царай төрхийг илрүүлж таних өндөр хүчин чадалтай бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цаг тухайд нь илрүүлж, мэдээлэх боломжтой байна.

Түүнчлэн иргэдэд гар утас, түрийвч зэрэг үнэ бүхий эд зүйлээ ил задгай барихгүй байх, хүүхэд багачуудын аюулгүй байдалд онцгой анхаарахыг сануулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 12, 2025 14:10

tosond sharsan guril ideh geed oochirlood uhaan aldval hohi l geye dee

Холбоотой мэдээ

Back to top button