ОХУ-ын эдийн засагт өрийн асуудал тулгарсан уу

ОХУ бодлогын хүүгээ түүхэн дээд хэмжээнд барьж, эдийн засаг нь удаашралын шинж тэмдэг үзүүлж байгаа. Энэ нөхцөлд бизнес эрхлэгчид болон эдийн засагчид өрийн асуудал улам гүнзгийрч, дампуурлын давлагаа үүсэх эрсдэлтэй гэж анхааруулж байна. Тэгвэл эдийн засагчид, шинжээчид юу гэж дүгнэж байгааг харцгаая.
Хоёр дахь жилдээ дараалж ОХУ-ын Төв банк бодлогын хүүг түүхэн өндөр түвшинд барих гэж байна. Энэ нь инфляцыг бууруулах гэсэн зорилготой ч бизнесүүдэд улам их дарамт болж буй. Инфляцын гол шалтгаан нь дайнд чиглэсэн төрийн зардал юм. Төв банк 2024 оны долоодугаар сард бодлогын хүүгээ 16 хувиас 21 хувь хүртэл өсгөж, 2025 оны зургаадугаар сард 20 хувьд барьсан.
Улсын батлан хамгаалахын нэгдэл “Ростех”-ийн дарга Сергей Чемезов хэт өндөр бодлогын хүүгээс болж төслүүд зогсож, хөрвөх чадварын хомсдол бий болсон хэмээжээ. Харин ган үйлдвэрлэлийн магнат Алексей Мордашов төмөрлөгийн салбарт хүнд хохирол учирч болзошгүйг анхааруулсан юм.
“Bloomberg” агентлаг Оросын банкны эх сурвалжуудтай холбогдон, муу зээл нэмэгдэж байгааг мэдээлсэн. Эх сурвалжийн нэг нь “Ирэх 12 сарын дотор санхүүгийн системд тулгарч болзошгүй хямралын эрсдэл бодитой” гэсэн байна.
Ямар тоо баримт өрийн асуудлыг харуулж байна вэ?
Компаниуд зээлээ төлөхөд улам хүндрэлтэй нөхцөл байдалд орж байгааг илтгэх хэд хэдэн шинж тэмдэг бий. Хамгийн тод жишээ нь компаниуд орлогынхоо хэдэн хувийг зээл, төлбөрт зарцуулж байгаа тоо баримт юм. Эдийн засагч Павел Рябовын тооцоолсноор бизнесүүдийн хүүгийн төлбөр 2025 онд 15 их наяд рубл ($172 тэрбум) хүрч, 2024 оны 11.5 их наяд рубль ($150 тэрбум), 2023 оны 6.3 их наяд рубль ($82 тэрбум)-тай харьцуулахад эрс өсөх төлөвтэй аж.
Зөвхөн 2025 оны эхний улиралд компаниуд 3.73 их наяд рубль ($48.5 тэрбум) хүү төлсөн нь өмнөх оны мөн үеэс 58 хувиар өссөн үзүүлэлт гэж Рябов онцолсон.
Үүний зэрэгцээ эргэлзээтэй зээлийн хэмжээ нэмэгдэж байна. Засгийн газрын дэргэдэх Макроэдийн засгийн дүн шинжилгээ, богино хугацааны төсөөллийн төв мэдээлснээр, 2024 оны есдүгээр сараас 2025 оны гуравдугаар сарын хооронд хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 11 хувиар өссөн байна. Үүнд хамгийн их өртсөн салбарууд нь нүүрс олборлолт, машин механизмын засвар, төмөрлөг, төмөр зам, хөлөг онгоц, онгоцны үйлдвэрлэл байна.
2024 онд дампуурсан компанийн тоо 8,197 хэвээр тогтвортой байсан. Гэхдээ бодлогын хүү өндөр байгаа нь батлан хамгаалахын салбартай холбоотой бизнесүүдийн санхүүд ихээхэн дарамт учруулж байгаа аж.
Нөхцөл байдал үнэхээр ийм хүнд байгаа юу?
Компаниудад ирэх өрийн дарамт нэмэгдэж байгаа хэдий ч ОХУ-ын макро эдийн засгийн ерөнхий үзүүлэлтүүд харьцангуй тогтвортой байна. Санхүүгийн үйлчилгээ эрхэлдэггүй компаниудын нийт өрийн хэмжээ түүхэн болон олон улсын түвшинтэй харьцуулахад дунд зэрэг хэвээр байна.

Тус салбарын компаниудын өр 2021 онд, дайн эхлэхээс өмнөх 40 их наяд рубль байсан юм. Харин 2024 оны арванхоёрдугаар сард 74.8 их наяд рубль ($972 тэрбум) болж хоёр дахин нэмэгдсэн ч 2025 оны тавдугаар сард 72 их наяд рубль ($936 тэрбум) болж бага зэрэг буурчээ.
Эдийн засгийн өсөлттэй уялдуулан харвал ОХУ-ын өр болон ДНБ-ий харьцаа тогтвортой хэвээр байна. 2022 онд энэ харьцаа 31 байсан бол 2025 онд 36 хувьд хүрсэн. Энэ нь БНХАУ-ын 140 хувь, АНУ-ын 77 хувь, Францын 75 хувьтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
ОХУ-ын өрхийн өр 36.7 их наяд рубль ($460 тэрбум), ДНБ-ий хувьтай тэнцэж байгаа нь Франц, Их Британи, Итали зэрэг орны 60 хувиас хамаагүй бага үзүүлэлт аж.
Мөн чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа ч одоогоор хяналтаас гараагүй байна. Төв банкны мэдээллээр 2025 оны эхний улиралд банкуудын олгосон зээлийн нийт хэмжээ өмнөх улиралтай харьцуулахад 0.1 хувиар буурсан.
ОХУ-ын засгийн газар болон банкны салбар нь болзошгүй дефолтод бэлтгэлтэй байгаа бололтой. Одоогийн байдлаар ОХУ-ын засгийн газрын төсвийн алдагдал 2 хувиас доош, улсын өр ДНБ-ий 16 хувь байгаа нь хөгжингүй орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт. Төв банкны ерөнхийлөгч Эльвира Набиуллина Орос 8 их наяд рублийн ($104 тэрбум) капиталын нөөцтэй тул дефолтыг даван туулах боломжтой гэж мэдэгджээ.
Цаашид нөхцөл байдал хэрхэж магадгүй вэ?
Кремль дайны эдийн засагт шилжих явцдаа хяналтгүй инфляц үүсэхээс зайлсхийж чадсан ч энэ нь өндөр үнэтэй тусаж байна. Ийм өндөр хүүтэй нөхцөлд компаниуд зээл авч дийлэхгүй байгаагаас эдийн засгийн өсөлт удааширч, олон төсөл зогсонги байдалд орж байна. Мөн дампуурлын тоо нэмэгдэж, хуучин болон шинэ зээлээ төлж чадахгүй компаниуд олширсоор.

Төв банк мэдээлснээр 2025 оны эхний улиралд эрсдэлтэй шинэ зээлийн бүтцийн өөрчлөлт 100 тэрбум рубль ($1.3 тэрбум орчим) хүрсэн байна. Энэ үзүүлэлт 2024 оны дөрөвдүгээр улиралд 127 тэрбум рубль ($1.64 тэрбум орчим) байсан нь 2024 оны гуравдугаар улирлын 45 тэрбум рубль ($585 сая)-аас огцом өссөн үзүүлэлт юм.
Эдийн засагч Дмитрий Некрасов хэлэхдээ, олон компани 2024 оноос өмнө авсан зээлүүдээ илүү өндөр хүүтэй зээл авч дарж байгаа нь цаашид илүү хүнд дарамтад орох эрсдэлийг үүсгэж байна.
АНУ-д бодлогын хүүг нэмснээс хойш дампуурлын тоо өсөх хүртэл дунджаар хоёр жилийн хоцрогдол гардаг гэж Нексаров дурдаж хэлсэн байна. Мөн ОХУ-ын жижиг банкнуудын зарим нь дампуурч магадгүй ч энэ нь банкны бүхэл банкны салбарын нуран уналт биш, харин нэгтгэл хэлбэрээр илэрнэ гэж тэр хэлсэн юм.
Одоогоор банкнууд асуудалтай зээлүүдийг дахин бүтэцжүүлэх боломжтой хэвээр байна. Эдийн засагч Владислав Иноземцевын үзэж буйгаар, бүрэн хэмжээний хямрал үүсэхийн тулд банкнууд зээлээ төлөхийг компаниудаас хүчтэй шаардаж эхлэх шаардлагатай, харин одоогоор ийм зүйл хараахан болоогүй байгаа аж.
Тэрбээр “Өрийн асуудал үүсэх тал руу чиглэсэн хандлага бий, гэвч системд аюул учруулах, тэсрэхүйц хэмжээнд хүрсэн гэж хэлэхэд арай эрт байна” хэмээжээ.
Санхүүгийн хүндрэлд орсон томоохон батлан хамгаалахын компаниуд одоогоор төр, томоохон банкнуудын дэмжлэгтэйгээр зээлээ дахин зохицуулах боломжтой байгаа гэж нэг жижиг үйлдвэр эрхлэгч "The Moscow Times"-д хэлжээ.
Тэр эрхлэгч “Жижиг бизнесүүд, тэр дундаа батлан хамгаалахын салбарынханд дампуурлын тоо өснө. Гэхдээ тэдний хөрөнгийг шууд банк эсвэл төр худалдаж авах биш, харин бусад компаниуд худалдан авч үйл ажиллагааг үргэлжлүүлэх нь элбэг байдаг” хэмээжээ.
Ингэснээр Батлан хамгаалах яаманд зориулж тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг нэг үйлдвэр дампуурсны дараа тоног төхөөрөмжийг нь өөр компани хямд үнээр худалдан авч, шинэ удирдлага дор үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжтой гэсэн үг юм.
Эх сурвалж: Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.