Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны 07 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.
Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Монгол Улс Бүгд Найрамдах Киргиз Улстай 1992 оны 04 дүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч 2023 онд манай улсад төрийн айлчлал хийсэн.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Хамтарсан тунхаглал” гаргасан.
Мөн айлчлалын хүрээнд талууд байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль, эрх зүй зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон нийслэл хотууд хоооронд ах дүүгийн харилцаа тогтоохтой холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурсан юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.