Гадаад

Монголд нууц ажиллагаа явуулсан БНСУ-ын тагнуулын хурандаа нарыг тусгай прокурорууд шалгаж эхэллээ

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын цэргийн онц байдал зарлахын өмнөхөн тус улсын Батлан хамгаалах яамны Тагнуулын командлал (DIC)-ын ажилтнууд Улаанбаатар дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоохыг оролдоод Монголын тагнуулынханд баригдсан юм. Тусгай прокурор Чо Ын Со-гийн удирдсан шалгалтын баг Монголоос баригдан ирсэн өөрийн улсын хоёр тагнуулын ажилтныг Хойд Солонгостой үгсэн хуйвалдах санаатай байсан эсэхийг шалгаж эхэлсэн талаар Ханкёрэ сонинд бичжээ.

Мөн "Тусгай прокурорын баг Тагнуулын командлалын ажилтнуудын Монгол дахь энэхүү нууц ажиллагаатай холбогдох баримтуудыг сэргээн тогтоож байгаа бөгөөд энэ үйлдлийг гадаадын иргэн, улс оронтой үгсэн хуйвалдсан хэрэг гэж үзэж болох эсэх, цаашлаад гадаадын түрэмгийллийг өдөөсөн гэмт хэргийн урьдчилсан нөхцлийг бүрдүүлсэн эсэхийг тогтооно" гэв.

"Ханкёрэ" сонины сурвалжлагч даваа гарагт мэдээлэхдээ тусгай прокурорын баг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлчээр Монголд БНСУ-ын Тагнуулын командлалын хурандаа, дэд хурандаагийн оролцсон тэрхүү нууц ажиллагааны шалтгааныг мөрдөн шалгаж эхэлснийг онцолсон байна.

Эдгээр хоёр ажилтныг Монголын тагнуулын байгууллага баривчилсан бөгөөд тэд Өмнөд Солонгост цэргийн онц байдал зарлахын өмнөх 10 орчим хоногт Улаанбаатар дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоохоор холбогдох албаныхантай уулзахыг завдсан байна. Тагнуулын командлалын дотоод эх сурвалжууд хэлэхдээ, уг хоёр ажилтан Хойд Солонгосын талаарх мэдээлэл цуглуулах үүрэгтэй байсан ба тэдний илтгэлд Хойд Солонгосын Элчин сайдын яам гол зорилго байсан гэж дурдсан байжээ.

Эдгээр хоёр ажилтан өнгөрсөн зургадугаар сард БНСУ-ын Тагнуулын командлалын ажилтнуудын нэрсийн жагсаалт алдагдаж, олон нийтэд зарлагдаад зогсохгүй энэ явдлын дараа гадаадад үүрэг гүйцэтгэхийг хориглосон байхад Монгол руу зорчсон нь тус улсын тагнуулын байгууллагын анхаарлыг татсан байна.

Мөн тухайн үед Тагнуулын командлалын командлагч Мун Сан Хо эдгээр хоёр ажилтныг Монголд баригдсаны дараа суллууллах асуудлыг хувиараа хөөцөлдсөн нь эргэлзээ төрүүлжээ. Үүн дээр нэмэгдээд, бослого өдөөх хэрэгт буруутгагдан яллагдаж буй Тагнуулын командлалын хуучин дарга Но Сан Воны тэмдэглэлийн дэвтэрт "Хойд Солонгостой хиллэдэг хойд хязгаарын шугам руу нэвтэрч, Хойд Солонгосыг довтолгоонд өдөөх" тухай өгүүлбэр байсан нь энэ сэжгийг улам батжуулсан байна.

Цэргийн онц байдал зарлах төлөвлөгөөг албан бусаар удирдсан гэж үзэж буй Но Сан Вон өнгөрсөн аравдугаар сард Тагнуулын командлалын 46 ажилтны хувийн мэдээллийг авсан байжээ.

Тусгай прокурорын баг мөрдөн шалгах явцдаа Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо тогтоох оролдлого нь гадаадын улс оронтой үгсэн хуйвалдах гэсэн оролдлогын ул мөр мөн гэж үзэхээр байгаа. Хэрэв Юн Сок Ёлын засаг захиргаа Хойд Солонгостой хамтран ажиллаж, цэргийн байдал зарласнаа зөвтгөх оролдлого хийсэн нь тогтоогдвол, сэжигтнүүд гадаадын түрэмгийллийг өдөөсөн хэргээр яллагдах боломжтой.

БНСУ-ын Эрүүгийн хуульд гадаадын түрэмгийллийг өдөөсөн этгээдэд оноох ял нь дараах байдлаар заагдсан байдаг:

  • Гадаадын улс оронтой үгсэн хуйвалдаж БНСУ-ын эсрэг дайны ажиллагаа эхлүүлсэн, эсвэл гадаадын иргэдтэй хамтран БНСУ-ын эсрэг тэмцсэн хүн цаазын ял эсвэл тодорхойгүй хугацааны албадан хөдөлмөрийн хорих ял авна.
  • Мөн ийм төрлийн түрэмгийллийг өдөөх бэлтгэл ажил, хуйвалдаанд оролцсон тохиолдолд 2-оос доошгүй жилийн хорих ял авна гэж заажээ.

«Ханкёрэ» сонины сурвалжлагч болон Ардчилсан намын хууль тогтоогч Бу Сын Чаны албанаас авсан мэдээллээс үзвэл тусгай прокурорын баг өнгөрсөн оны зургаадугаар сард дрон ажиллагааны командлалын хуучин дарга Ким Ён Дэ өөр таван ажилтныг тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр томилсон талаар мэдүүлгийг авсан байна. Эдгээр ажилтнуудад цэргийн стандарт баримт бичгийн формат, үсгийн фонтыг ашиглахгүй байх үүрэг өгчээ.

Мөн өөр нэг тусдаа багийг экс Ерөнхийлөгч Юн Сок Ёлын тушаалаар Хойд Солонгос руу дрон нэвтрүүлэх ажиллагаа явуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Ц.ТАМИР

Бид уг мэдээлэлтэй холбоотой нийтлэлийг урьд нь хүргэж байсан билээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button