Дидди $50 саяаар батлан даалтад гарахыг зорьж байна

АНУ-ын хөгжмийн салбарын магнат Шон Кумбс буюу Диддигийн өмгөөлөгч нар мягмар гарагт /2025.07.29/ мэдэгдэл хийхдээ түүнийг 50 сая ам.доллароор батлан даалтад гаргахыг шүүгчээс хүссэн байна. Шүүх түүнийг аравдугаар 3-нд яллах товтой байгаа. Үүнээс өмнө тэр батлан даалтад гарах хүсэлтэй байгаа аж.
Энэ сарын эхээр тангарагтны шүүх түүнийг буруутгаад байсан таван зүйл ангиас гуравт нь буруугүй гэж үзсэн. Тодруулбал бэлгийн мөлжлөг хийсэн гэх хоёр зүйл анги, хууль бусаар мөнгө олсон гэх нэг зүйл ангиас Дидди мултарсан. Энэ гурав нь хамгийн хүнд зүйл ангиуд байсан билээ. Тэр одоо биеийг нь үнэлүүлэхийн тулд хүн тээвэрлэсэн гэх хоёр зүйл ангиар ял сонсох юм.
Тангарагтнууд гурван зүйл ангид буруугүй гэж үзсэний дараа Диддигийн өмгөөлөгч нар түүнийг батлан даалтад гаргах гэж оролдсон. Гэвч хэргийг даргалж буй шүүгч Дидди бусдад аюул учруулахгүй гэдгээ тодорхой, баттай баримтаар нотлох боломжгүй гэсэн шалтгаанаар үүнийг нь зөвшөөрөөгүй билээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.