Улс төрийн мэдээ

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 27 нь санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлжээ

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Намын санхүүгийн хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор сонгуулийн төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.

Хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудад 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр албан бичиг хүргүүлж, санхүүгийн тайланг нь хүлээн авлаа.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 2025 оны хагас жилийн санхүүгийн тайлангаа 27 нам хуулийн хугацаанд ирүүлж, "Үнэн ба зөв" нам хоцроож буюу 7 дугаар сарын 24-ны өдөр ирүүллээ.

Харин Монголын либерал нам, Бүгд найрамдах нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 9 нам санхүүгийн тайлангаа ирүүлсэнгүй.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт “энэ хуулийн 37.2-т заасан үүргээ зөрчин хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй” бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар заасан.

2024 оны жилийн эцэс, 2025 оны хагас жилийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам зэрэг 7 нам ирүүлээгүй байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button