Нийгэм мэдээ

П.Дэлгэрнаран: Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмж байршууллаа

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (ИТХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 11-нд болно. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-ны дарга П.Дэлгэрнаран сонгуулийн дүн мэдээллийг хэрхэн олон нийтэд дамжуулах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Орон нутгийн сонгуулийн санал хураалт маргааш орой 20:00 цагаас улс орон даяар дуусна. 20:00 цагт улсын бүртгэлийн төхөөрөмж автоматаар зогсоно. Үүнээс хойш дүн дамжуулах ажил явагдана. СЕХ-ны төв серверт хэсгийн хороодын санал тоолох төхөөрөмжийн дүнгүүд нэгтгэгдэх юм.

Орон нутгийн ээлжит сонгуульд 8,031 мандатын төлөө 10 нам, нэг эвслийн 17,278 нэр дэвшигчид өрсөлдөж байна. Нэр дэвшигчдийн 32.3 хувь нь эмэгтэй хүн юм. Түүнчлэн нам, эвсэл бие даагчдын 104,500 менежер, шадар туслах сонгуулийн сурталчилгааг явуулсан. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2395 тойрог, 8031 мандатын төлөө 10 нам, 1 эвслээс 17010, бие даан нэр дэвшигч 268, нийт 17278 нэр дэвшигч шат, шатны сонгуулийн хороодоос нэр дэвшигчийн үнэмлэхээ авч, хуулийн хугацаанд сурталчилгаагаа хийж дуусгалаа. Нэр дэвшигчдийн 5582 буюу 32.3 хувь нь эмэгтэй, 11696 буюу 67.7 хувь нь эрэгтэй бөгөөд насны хувьд 31-50 насныхан зонхилж байна.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт 2.246.164 иргэн саналаа өгнө. Нийт сонгогчдын 1.146.158 нь орон нутагт, 1.102.278 нь нийслэлийн сонгогчид байна. Улсын хэмжээнд 18,033 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан бөгөөд 2024.10.10-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд хэсгийн хорооны гишүүд батлагдсан хуваарийн дагуу 7500 чиглэлд саналыг нь авч байна. Санал авах, тоолох үйл ажиллагааг улсын хэмжээнд 17.800 гаруй ажиглагч хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.

Улсын хэмжээнд 2230 санал авах байранд 2824 санал тоолох төхөөрөмжөөр сонгогчийн саналыг авахаар бэлтгэл хангалаа.  Сонгогчийн тооноос шалтгаалан 1500-аас дээш сонгогчтой хэсгийн хороодод тус бүр хоёр ширхэг санал тоолох төхөөрөмж байрлуулаад байна. Сонгогчийн ирцийг шууд дамжуулахаар алслагдсан хэсэгт байрлаж байгаа хэсгийн хороодод 381 интернэтийн сүлжээний төхөөрөмж (старлинк) байршуулж бэлтгэлээ. Монгол Улсын хэмжээнд ашиглагдах бүх санал тоолох төхөөрөмж болон саналын хуудсыг нам, эвсэл, төрийн бус байгууллага хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн нээлтэй оролцоотойгоор энэ сарын 7, 9-ний өдрүүдэд шалган туршиж, баталгаажуулсан.

Санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасан. Хэрэв маргаан, хардлагатай нөхцөл байвал 100 хүртэлх хувиар тоолж болох чиглэлийг бид өгч ажиллаж байгаа.Нийслэлийн Сонгуулийн Хороо (НСХ)-оос нийслэлийн ИТХ-ын сонгуулийн дүнг шууд дамжуулахаар бэлтгэл ажил хангасан. СЕХ нэгдсэн байдлаар шууд дамжуулалт хийхгүй. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг тухайн нутаг дэвсгэрт нь мэдээлнэ хэмээн хуульд заасан. Тиймээс тухайн нутаг дэвсгэрт сонгуулийн дүнг олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа болно. 

Мөн нийслэлийн хэмжээнд буй хэсгийн хороодод камерын дэлгэц ажиллах учраас нам, эвсэл, олон нийт хянах боломжтой. СЕХ-ны байрны нэгдүгээр давхар мэдээллийн төв маягаар ажиллах тул сонгуулийн ирцийн мэдээлэл болон хэсгийн хорооны байрны дүрсийг шууд дамжуулна. Ирцийн мэдээллийг дамжуулах дэлгэцээр орон нутаг бүрийг тус тусад нь ялган харуулна" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button