Жеймс Камерон: Өөрийн үүргээ гүйцэтгэн, бусдын хүндэтгэлийг хүлээж чадсан үедээ сэтгэл хангалуун байдаг

Оскарын гурван удаагийн шагналт, алдарт найруулагч Жеймс Камерон "The Talks" сонинд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.
Ноён Кэмерон, та кино урлагийн салбарт шинэчлэл, дэвшлийг тууштай эрэлхийлэхэд юу урам зориг өгдөг вэ?
Хүүхэд байхаасаа л би хүмүүсийг гайхшируулдаг урлагийн бүтээл хийхийг хүсдэг байсан. Намайг гайхшируулж чадсан кинонуудыг үзээд, тэр мэдрэмжийг өөрөө бүтээхийг хүсдэг байлаа. Тэр кинонууд дунд Рэй Харрихаузены бүтээлүүд, Стэнли Кубрикийн “2001: Space Odyssey” ч байсан. Тийм бүтээлүүдээс доогуур зүйл хийхийг хүсээгүй, зөвхөн онцгойг. Би тийм онцгой төслүүдэд л дуртай. “Энийг хийж болох юм болов уу?” гэж бодогддог мөртлөө хэн ч өмнө нь оролдож үзээгүй зүйлс. Би дандаа шинэ зүйл, шинэ төхөөрөмж бүтээхийг хүсдэг байсан.
Хүүхэд байхаасаа л бүтээхийг хүсдэг байсан уу?
Мэдээж. Би хайрцгаар робот хийдэг байсан. Үргэлж нэг галзуу санаа толгойд ороод л ирнэ. Арван настайдаа би нисэх онгоц хийхийг хүссэн юм. Тэгээд нэг удаа хээр талд орхигдсон фанерууд олсон. Би найзуудаа цуглуулаад, тэдэнтэй хамт фанеруудаа хөрөөдөж, нисэх онгоц хийсэн юм. Мэдээж нисээгүй л дээ, гэхдээ бид хэд онгоцоо модноос дүүжилж чадсан. Би технологи, робот, оптик гэх мэт зүйлд үргэлж л дуртай байсан. Тийм болохоор л би ахлах сургуульдаа хөлбөмбөгийн багт биш, харин шинжлэх ухааны клубийн ерөнхийлөгч болсон юм. Тэр клубт зөвхөн би, англи хэл мэдэхгүй Чехословак охин, хэдэн лабораторийн хулгана байсан л даа.
Олон арван жилийн дараа ч гэсэн харахад таны уран бүтээлүүдэд технологи ба роботын сэдэв хүчтэй оршсоор байгаа нь анзаарагддаг. Та яг тэр хүүхэд насны мөрөөдлөө одоо амьдрал дээр хэрэгжүүлж байна гэж ойлгож болох уу?
Тэгэлгүй яах вэ, би одоо ч тэр шинжлэх ухаанд дуртай жаахан хүү хэвээрээ. Кино урлагт арай хожуу дурласан, гэхдээ үүндээ маш их сэтгэл ханамжтай байдаг. Миний зүрх сэтгэл үргэлж л судлаач хүнийх шиг байх болно. Титаникийг судалж, усан доорх роботоо удирдах, эсвэл дэлхийн хамгийн гүнзгий хэсэг рүү шумбах нь техникийн сорилт. Би тэр сорилтод дуртай. Би хүнд асуудал шийдэхэд дуртай, хүнд орчинд ажиллах машин угсрах дуртай. Тэр машин нь ажиллаж байхад бүүр дуртай. Энэ л надад хамгийн сонирхолтой.

Кино хийх ба судалгаа явуулах гэсэн хоёр ертөнц огтлолцох үед хамгийн сэтгэл ханамжтай байдаг уу?
Яг тэгж огтлолцох үнэхээр сэтгэл хөдөлгөм байдаг. Би өөрийгөө аав, ээжийнхээ хослол гэж боддог. Шууд утгаараа. Аав маань логиктой, хариуцлагатай инженер хүн байсан. Харин ээж маань уран бүтээлч. Миний бодлоор кино бол цэвэр урлаг биш, энэ бол техникийн урлаг. Маш нарийн төхөөрөмж, инженерчлэл ордог, тэр технологийг эзэмшиж байж л сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадна. Би инженерчлэлд дуртай, түүх өгүүлэхэд ч дуртай. Миний хувьд энэ хоёр зүйл салшгүй холбоотой. Жишээ нь, далайн гүн руу судалгаа хийхээр явах үед шинэ төхөөрөмж бүтээж, шинэ гэрэлтүүлэг, шинэ камер хийнэ. Инженерчлэл, түүх өгүүлэх хоёр миний цаанаасаа нэг зүйлийн хоёр тал шиг л санагддаг.
Тэгэхээр бараг л өөрийнхөө уран зөгнөлт кинон дотор амьдарч байгаа мэт?
Тийм, яг тийм. Хамгийн хөгжилтэй нь би судалгааны аяллынхаа тухай кино хийгээд, тэрнээс олсон ашгаараа аяллын зардлаа гаргадаг. Кино хийж, мөнгө олоод, тэр мөнгөөр жинхэнэ судалгаа явуулдаг. Кино хийхээс ч илүү чухал зорилго байх хэрэгтэй. Бид үл мэдэгдэх ертөнцөд гэрэл тусгаж, шинжлэх ухааны мэдээлэл цуглуулж, тэр дагуу ажилладаг. Би зөвхөн кино хийх гэж судалгаа хийдэггүй. Гэхдээ сайн кино хийх нь ч бас өөрөө үнэ цэнтэй.
Судлаачийн хувьд цуглуулсан туршлага таныг илүү сайн найруулагч болгосон уу?
Судлаач байх нь надад багийн ажиллагаа, хамт олны ач холбогдлыг гүн ойлгуулсан. Далайн гүнд судалгааны хийсний эцэст мэдэрдэг хамгийн их сэтгэл ханамжтай зүйлсийн нэг бол багийн нэг хэсэг байсан гэдэг мэдрэмж байдаг. Би хөлгийг удирдаж, төхөөрөмж дээр ажиллан, роботоо жолоодож, өөрийн үүргээ гүйцэтгэн, бусдын хүндэтгэлийг хүлээж чадсан үедээ сэтгэл хангалуун байдаг. Энэ нь намайг илүү сайн кино найруулагч болгосон гэж боддог. Учир нь кино хийх ч гэсэн маш хамтын ажиллагаа шаардсан ажил. Их том баг хамт олон хэрэгтэй, шинэ технологи хэрэгтэй. Зүгээр л "Би найруулагч учраас бүгд намайг дагах ёстой" гэж бодоод байж болохгүй. Эхэндээ кино ертөнцийг маш шаталсан бүтэцтэй гэж төсөөлдөг байсан. Шатлалтай ажиллаж болно л доо гэхдээ одоо тэгж ажиллах нь надад сэтгэл хангалуун бус байдаг болсон.
Түүх өгүүлэхийн хувьд, технологийн хөгжлийг дагаад кинонууд илүү сайн болсон гэж үзэх үү?
Бүтээгдэхүүний чанарын хувьд лав дээрдсэн болсон. Харин өгүүлэмжийн хувьд дээрдсэн үү? Мэдэхгүй. Сайн өгүүлэмж гэдэг бол өөрөө хэзээ ч хуучирдаггүй зүйл. 1940 оны хар цагаан кино байсан ч сайн өгүүлэмжтэй байж болно. Жишээ нь “Casablanca” өнөөдөр ч гэсэн тэр түүхийг давтахад хэцүү. Техникт хэт хөтлөгдөлгүй, хүний сэтгэл зүрхэнд хүрэх зүйл бүтээх нь чухал. Хүмүүст ямар нэгэн юм мэдрүүлж, бүр уйлуулах хэрэгтэй. Сайн өгүүлэмж, сайн технологи хоёул хэрэгтэй энэ хоёрын аль нэг нь дутах ёсгүй.

Таны хувьд түүхийг сайнаар өгүүлэх гэж юу вэ?
Сайн өгүүлэмж гэдэг бол ямар ч хачирхаалтай орчинд, хачин мэргэжилтэй дүрүүд гарсан ч, үзэгчидтэй ямар нэгэн байдлаар холбогдож чаддаг дүрийг гаргаж өгүүлэх. Хосуудын харилцаа, аав хүүгийн харилцаа, гэр бүл салалтын тухай ч байж болно. Хүн бүр л тийм мэдрэмжтэй танил. Шинэ хүнтэй харилцаа тогтоож, дараа нь тэр харилцаанд сорилт тулгаран, эцэст нь дахин нэгддэг байх ёстой. Үзэгчдэд энэ нь сэтгэл ханамж өгөх хэрэгтэй. Бүр "Titanic" шиг гунигтай төгсгөлтэй байсан ч гэсэн. Миний бүх кинонууд хайр дурлалын түүх гэж би хэлдэг.
Жинхэнээсээ юу? “Aliens” хүртэл үү?
“Aliens”-д бол ээж охины хайрын түүх. Гэхдээ гол зүйл нь тэр хайрыг сорих ёстой. Харин төгсгөлд нь тэд ямар нэгэн байдлаар дахин нэгддэг байх ёстой. Энэ нь үзэгчдэд сэтгэл ханамж өгдөг.
Та кино хийх түүхээ тун няхуур сонгож байгаа нь мэдэгддэг. 30 гаруй жилийн хугацаанд ердөө долоон бүрэн хэмжээний кино хийжээ.
Тийм ээ, би янз бүрийн санаа, дүр төрх, орчныг туршиж үздэг. Гэхдээ зарим нэг санаа над дээр дахин дахин гарч ирээд байвал заавал кино болгох ёстой юм шиг санагддаг. Тэр түүхийг би сэтгэлээсээ өгүүлж байж л амар амгалан болдог. Гэхдээ тэр нь хэр удаан хугацаа шаардахыг хэн ч мэдэхгүй. Би “The Abyss”-ийн зохиолыг бүр 1968 онд ахлах сургуульд байхдаа бичиж байсан. Гэтэл кино нь 1988 онд гарсан. “Avatar” ч бас яг адилхан. Хэрвээ би 200 наслах байсан бол өнөөдөр өгүүлж амжаагүй түүхүүд дээрээ ажилласаар байх байх.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.