Хэнри Кавилл: Өөрийг чинь жинхэнэ утгаар нь мэддэг, байгаагаар чинь хайрладаг хүмүүсийн дэргэд байх сайхан

Холливудын алдарт жүжигчин Хэнри Кавилл "The Talks" сэтгүүлд өгч байсан ярилцлагыг орчуулж хүргэе.
-Ноён Кавилл, та бараг 20 жилийн турш жүжигчнээр ажиллажээ. Энэ хугацаанд таны хувьд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
-Энэ бүх хугацаанд би маш их хичээж, уйгагүй хөдөлмөрлөсөн. Амьдрал, ажил үргэлж санасаар болоогүй л дээ. Тийм болохоор өөрийн дотоод ертөнцтэйгээ ажиллаж, өөрийгөө илүү сайн ойлгож, орчин нөхцөлдөө ухаалаг хандаж, мөрөөдлөө бодит болгохын тулд өөрийгөө хөгжүүлэх шаардлага тулгарсан. Сорилт тулгарсан цаг үе бол өсөж хөгжих хамгийн үр дүнтэй орчин гэж би боддог. Тиймээс би аливаа зүйлсийг дотроо тунгааж ирсэн. Хүн сэтгэлээр унаж, сөрөг бодолд автах нь амархан. Гэхдээ хангалттай эргэцүүлж чадвал, тэр сөрөг зүйлсийг эерэг болгон хувиргах боломжтой байдаг.
-Сөрөг нөхцөл байдлыг та яаж даван туулдаг вэ?
-Энэ бол амьдралын нэг хэсэг шүү дээ. Заримдаа бүх зүйл санаснаар болж байхад, заримдаа огт эсрэгээрээ эргэдэг. Гэхдээ хамгийн хэцүү нь бол, тухайн зүйлд чин сэтгэлээсээ хандсан байхад л бүтэхгүй байх. Сэтгэл зүйд гүнзгий нөлөөлнө. Гэхдээ би ер нь ирээдүйгээ харж, урагшаа тэмүүлэхдээ сайн. Аль болох тухайн нөхцөл байдалд тохирсон хамгийн зөв гарцыг олж, цааш үргэлжлүүлж явахыг хичээдэг. Хэрвээ орхих боломжтой бол эргэж харалгүй орхидог.
-Ийм хүнд хэцүү үед гэр бүл хэр чухал байдаг вэ?
-Би өнөр гэр бүлээс гаралтай, хоорондоо нэлээд дотно. Шууд тусламж гуйхгүй байсан ч, зөвлөгөө авахгүй байсан ч, хаа нэгтээ тэд нар минь байгаа гэдгийг мэддэг байх нь сэтгэлийн тулгуур болдог. Гэхдээ хүн бүр өөр орчинд өссөн болохоор гэр бүл хүн болгонд маш чухал байх албагүй. Харин миний хувьд бол, гэр бүл дээрээ ихээхэн тулгуурладаг. Цаг гаргаж тэдэнтэй хамт байх надад үнэхээр сайхан байдаг. Ялангуяа хүний хараанд үргэлж өртөж байдаг ийм мэргэжилтэй хүнд бол, өөрийг чинь жинхэнэ утгаар нь мэддэг, байгаагаар чинь хайрладаг хүмүүсийн дэргэд байх сайхан. Алдаа гаргасан ч, алдаа гаргаагүй ч, хэн ч тэрийг чинь насан туршийн гэм мэт хүлээж авдаггүй. Цар тахлын үеэр би гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрүүлж чадсан. Энэ нь сэтгэл зүйд ч үнэхээр эерэг нөлөөтэй байсан.

-Та саяхан зураг авалтын үеэр хүнд бэртсэн нь ч бас том сорилт байсан байх. Гуяны арын булчингийн бэртэл жүжигчний замналыг дуусгах шахсан гэдэг нь үнэн үү?
-Тийм ээ, маш хүнд бэртэл байсан. Гуравдугаар зэргийн урагдал гэж оношлогдсон. Ялимгүй дордсон бол бүр булчингийн тасралт болох байлаа. Тэгвэл үнэхээр амьдрал, карьерын хувьд эргэлт болох байсан. Тийм учир мэдээж санаа зовж байсан. Гэхдээ би тухайн үедээ аль болох сэтгэл хөдлөлгүйгээр, зөв шийдвэр гаргахыг хичээсэн. Хэдий бэртлээ эдгээчихсэн байсан ч эмч маань “Өдөрт таван цагаас илүү зогсож болохгүй” гэж хэлж байсан. Гэтэл зураг авалтын багт илүү их хугацаа хэрэгтэй. Бид таван цаг л зогсохыг зорилго болгож байсан ч заримдаа зургаа, долоон цаг ч зогсох болсон. Зарим өдрүүдэд бол үнэхээр тэсэхийн аргагүй өвддөг байсан.
-Тун аюултай, нарийн тэнвцэрийг олжээ. Биеэ хэт ачааллавал та өөрөө хохирно, хэт болгоомжловол уран бүтээл хохирно.
-Тийм ээ. Би заримдаа өөрөөсөө “За, дахиад жаахан шахвал бэртэхгүй байж магадгүй. Бүүр дордож ч магадгүй. Энэ нэг зураг авалтын төлөө үнэхээр ингэх хэрэгтэй юу?” гэж асуудаг байсан. Яг тэр зааг дээр зөв шийдвэр гаргах л хамгийн чухал байсан.

-Таныг супермений дүрээр олон хүн мэддэг. Гэхдээ та “The Man from UNCLE”, “Mission: Impossible Fallout” зэрэг олон адал явдалт кинонд тоглосон. Одоо арай хөдөлгөөн багатай, ухаалаг дүрийг туршиж үзэх бодол бий юу?
-Тэр ч гоё сонсогдож байна шүү. Тэгэхээр ажиллах цагийн хувь арай бага, тулааны сценд зориулж бэлтгэх ажил ч цөөрнө. Би ер нь адал явдалт, тулаант кинонд дуртай. Тулааны дэглэлт хийх, тэрийг сурч гүйцэтгэх нь маш сонирхолтой. Сайн хийж чадвал дүрийг баяжуулж, түүх өгүүлэмжийг илүү хүчтэй болгох сайхан арга. Гэхдээ үнэндээ маш их хөдөлмөр шаарддаг. Хэрвээ кино бас дүрд нь тийм зүйл шаарддаггүй бол би баяртай л хүлээж авна.
-Гэсэн ч та одоогоор адал явдалт киноноос бүрэн гараагүй л байна. Ийм хөдөлмөрч хандлага таных уу, эсвэл эртнээс төлөвшсөн зүйл үү?
-Үүнийг бол миний багш нараас асуувал дээр байх даа. Харин мэргэжлийн түвшинд бол би ямагт сахилга баттай, хөдөлмөрч байхын төлөө хичээж ирсэн. Мэдээж бүх цаг үед төгс байж чадахгүй, алдаа гаргана, сэтгэл гаргахгүй үе ч таарна. Гэхдээ миний хувьд хөдөлмөрч, сахилга баттай байх зорилгыг өөртөө тавьдаг. Магадгүй аав ээж, ах нараасаа, найз нөхдөөрөө дамжуулан сахилга бат, тэвчээр, сэтгэлийн тэнхээний талаар их зүйл сурсан байх.
-Ажил мэргэжлийн хувьд таны суралцсан хамгийн том сургамжууд юу байв?
-Сүүлийн үед миний мэргэжлийн амьдралд их олон өөрчлөлт гарсан. Ялангуяа “The Witcher” шиг амжилттай цуврал кинонд тоглох нь их өөрчлөлт авчирсан. Заримдаа жүжигчдийг “бараа” мэт хардаг. Нэг төслөөс тань амжилт гарвал “Энэ жүжигчин одоо эрэлттэй бараа болчихлоо” гэж бодоод, өөр кинонд оруулахыг хүсдэг. “The Witcher” тийм байдлаар миний жүжигчний карьерын бизнес талд нөлөө үзүүлсэн.
-Та ийм амжилтад хүрнэ гэж бодож байсан уу?
-Амжилтыг таамаглах гэдэг үргэлж хэцүү. Гэхдээ би “The Witcher” номыг нь уншсан хүн олон байдаг гэдгийг мэдэж байсан. Энэ нь давуу тал болно гэдэгт бид итгэлтэй байсан. Зохиолын тал дээр хүмүүс хүчтэй байр суурь илэрхийлэхэд би дуртай. Учир нь би өөрөө ч эх зохиолдоо үнэнч, маш их хайртай хүн. Би кино зохиолыг өөрөө хянаж чадахгүй, үйл явдлыг өөрөө шийдэж чадахгүй, зураг зурж ч чадахгүй. Гэхдээ би дүрдээ бол нөлөө үзүүлж чадна.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.