Улс төрийн мэдээ

Төсвийн хэлэлцүүлэг #1: Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан нарын “том”-чуудыг нэг өдөр бөөндсөнөөс тодорхой мэдээлэл үлдсэнгүй

2026 оны улсын төсвийг өргөн барихаас өмнө олон нийтээр хэлэлцүүлнэ гэж Ерөнхий сайд Г.Занданшатар амласан. Энэ хүрээнд иргэдийн саналыг 1111 төв, E-Mongolia аппаар хүлээн авч байгаа.

Харин салбар салбарын яамдын төсөв дээр мэргэжлийн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж буй.

Энэ хэлэлцүүлгийг наймдугаар сарын 4-14-ний хооронд, нийт 12 удаа хийхээр төлөвлөсөн.

Хуваарь ёсоор эхний хэлэлцүүлэг өчигдөр болов. Ингэхдээ нэлээд хэдэн салбарыг нэг дор хамруулчихлаа.

Тухайлбал, өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр:

  • Уул уурхай
  • Хүнд үйлдвэр
  • Барилга
  • Зам тээвэр
  • Эрчим хүч
  • Цахим хөгжил, харилцаа холбооны салбарын төсвийг хэлэлцсэн.

Нэг ёсондоо АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, ЦХИХХ-ы сайд Э.Батшугар нарын хариуцсан салбарт хэлэлцүүлэг өрнөлөө.

Томоохон салбар, нөлөө нь бас том сайд нарын асуудлыг нэг өдөрт шуударчээ.

Урт шууд дамжуулалтыг иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага сонсож ойлгох нэг хэрэг. Харин төсвийн хэлэлцүүлэг салбарт нь хэрхэн явагдсаныг хэвлэлийн албад нь тоймлож, тайлбарлах тусдаа. Ийнхүү хэвлэлийн мэдээнээс нь гэхэд л иргэд ямар мэдээлэл авч болохоор байгааг авч үзье.

Г.Дамдиннямын салбар: Газрын тос боловсруулах үйлдвэрийг онцлов

Засгийн газраас зөвшөөрөл олгож байгаа хэдий ч орон нутгийн болон холбогдох байгууллагын түвшинд саатал үүсдэг, энэ нь хөрөнгө оруулагчдын тоог бууруулж байна. 

Ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Уул уурхайн долоо хоногийн хүрээнд энэхүү асуудлыг хэлэлцэж, арга хэмжээ авахыг зорьж байгаа.

Хөрөнгө оруулалтын тухай хууль, ашигт малтмалын тухай хууль болон холбогдох эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт татах байдлаар салбараа босгож ирэх амбицтай гэжээ.

Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхний улиралд ашиглалтад орох төлөвтэй. Тус үйлдвэрийн хуваарьт хөрөнгө оруулалтыг төсөвт заавал суулгаж байж энэ хугацаанд амжина.

Бусдаар төсөвт холбогдох ямар санал дэвшүүлсэн нь ТОДОРХОЙ БИШ байна.

Э.Бат-Амгалангийн салбар: 592.7 тэрбум шаардлагатай

Харин Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам арай бүтээлч ханджээ.

Энэ салбарт улсын төсвийн хөрөнгөөр 2026 онд шилжин хэрэгжүүлэх 43 төсөл арга хэмжээ, шинээр хэрэгжүүлэх 43 барилга, байгууламж, тоног төхөөрөмжийн 2 төсөл, ТЭЗҮ зураг төсөв боловсруулах 19 төсөл буюу нийт 64 арга хэмжээнд 1 их наяд 366.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 592.7 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг нэгтгэн төлөвлөж, хуулийн хугацаанд албан албан бичгээр болон цахим системээр хүргүүлсэн байна.

Эдгээрийг задалбал:

1. “Залуус-1“ орон сууцны хорооллын инженерийн дэд бүтэц

2. Аймаг, нийслэлийн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ

4. 20 минутын хотын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх суурь судалгаа, төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ, барилга байгууламж

5. Хархорум хотын төлөвлөлт зураг төсөл. Энэ тавын хөрөнгө оруулалт 2026 оны төсөвт суух ёстой гэжээ.

Б.Дэлгэрсайханы салбар: Тодорхой агуулга бага

Зам тээврийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан төсөл, арга хэмжээнүүд, тендрийн сонгон шалгаруулалтад дотоодын компаниудын идэвх оролцоо, иргэний нисэх, төмөр зам, авто замын салбарт  хэрэгжүүлэх төслийн ажлууд, автозамын салбарт эрэмбэлж хойшлуулсан төслүүд байгаа эсэх, удааширч сунжирсан хүлээлттэй байгаа төслүүдийн талаар хэлэлцэгджээ.

Харин хариулт яаж өгөгдсөнийг хэвлэлийн алба нь тоймлоогүй байна.

Ердөө асуултад бүтээлчээр хариулсан, иргэдийн саналыг тусгахаа амласан зэрэг өгүүлбэрүүдээр мэдээлсэн байна.

Б.Чойжилсүрэнгийн салбар: Албан мэдээ ч байхгүй

Эрчим хүчний салбарын төсөл хэлэлцэхэд ямар асуудал хөндөгдсөн, ямар хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн зэрэг ямар ч агуулгыг яам нь мэдээлээгүй байна.

Уулзалтын шууд дамжуулалтыг Засгийн газрын албан хуудсаас хуваалцан түгээгээд л орхижээ.

Э.Батшугарын салбар: Дэд бүтцийн шинэчлэл хийнэ

 ЦХИХХ-ны яамны хувьд дараа жилийн төсөвт эдгээр чиглэлийг тусгах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Үүнд:

1. Харилцаа холбооны дэд бүтцийн өргөтгөл Монгол Улсын  бүх аймаг, сум, багийг өндөр хурдны интернэт сүлжээнд  бүрэн холбож, орон нутгийн хөгжлийг дэмжих  үндсэн суурийг бүрдүүлнэ. Үүнд үүрэн сүлжээ, шилэн кабелийн сүлжээний тэлэлт, дагалдах суурь дэд бүтцийн шинэчлэл багтана.

2. Үндэсний дата төвийн төхөөрөмж хүчин чадлыг нэмэгдүүлэх болон GPU cluster төв Үндэсний дата төв бол  төрийн болон хувийн салбарын өгөгдлийн найдвартай  хадгалалт, боловсруулалт, хүртээмжийг хангах  төвлөрсөн онц чухал байгууллага.

3. GPU cluster төвийг нэвтрүүлсэнээр зөвхөн мэдээлэл технологийн салбарт бус Монгол Улсад үндэсний AI моделууд, хэл боловсруулах систем, өгөгдөлд суурилсан шийдлүүдийг  хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтэц. Ингэвэл эрдэм шинжилгээний байгууллага, дотоодын гарааны  бизнесүүд өндөр өртөгтэй гадаад cloud ашиглах  шаардлагагүй болно зэргээр дурджээ.


Дээрхээс харвал хамгийн бүтээлч мэдээлсэн нь Э.Бат-Амгалан, Э.Батшугарын яам байна.

Харин Г.Дамдинням, Б.Дэлгэрсайханы салбар маш бүдэгхэн, нэр төдий.

Б.Чойжилсүрэн сайдын хэвлэл бол бүр огтхон ч хэлэлцүүлгийн талаар яригдсан агуулгаа олон нийтэд мэдээлээгүй байна.

Хэвлэлийн анхаарал шууд дамжуулалтад төвлөрч байж мэдээлэл авах нь үүгээр ойлгогдлоо. Нөгөө талаас, өнөөдөр соёл, спорт, аялал жуулчлалын салбарын төсөв хэлэлцэгдэнэ. Ч.Ундрамын хэвлэл хэрхэн энэ сэдэвт хандах нь өнөөдөр мэдэгдэх юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 5, 2025 09:30

Чойжилсүрэн Дэлгэрсайхан нарыг үтэр түргэн �######�уулаачээ

Зочин
Зочин
8 сар 5, 2025 10:03

Чойжоог ямар үлийгээ хийгээд байлгаад байнаа. Авч хаяачээ. Нэг ч хоног үнэтэй байна шүү дээ...

Холбоотой мэдээ

Back to top button