Аль Пачино: Star Wars-аас татгалзсан нь миний анхны том алдаа

Ноён Пачино, та бол ихээхэн амжилттай яваа жүжигчин. Энэ амжилттай дагалдан ирдэг ачааг хэрхэн зохицуулдаг вэ?
Мэдэхгүй юм. Ер нь бол тийм утгаар бодох хэрэггүй. Бүтээсэн дүрүүдээ би амжилт гэж харахгүй, зүгээр л бүтээсэн дүрүүд, зурсан зураг шиг л санагддаг. “Би одоо цааш нь жүжиглэмээргүй байна, учир нь хамгийн сүүлд хийсэн киноноосоо илүү гарч чадахгүй нь, больсон нь дээр” гэвэл яах вэ? Тэгж хэлдэг жүжигчнийг өнгөрсөнд бүтээсэн гавьяандаа ханаад амарсан л гэж хэлнэ шүү дээ. Тэгж болохгүй байх. Би бол харин тэгж амрахын төлөө л явж байгаа хүн. Өндөр цалинтай ажил хийчхээд өөр салбар руу орж болно шүү дээ. Гэхдээ яагаад ч юм, би үргэлж буцаад энэ ажлыг хийхийг хүсээд байдаг юм.
Яагаад гэвэл та шинэ зүйл хийхийг хүсдэг үү?
Тийм ээ. Би хувь нэмрээ оруулж чадах юм шиг зүйлийг, дотоод мэдрэмжээрээ холбогдож байгаа мэт зүйлсийг хийдэг. Шекспир “Байгальд өөрийнх нь толины тусгал үзүүлнэ” гэж хэлж байсан. Үүнтэй адил хэрвээ би өөрийн авьяасыг ашиглаж, дүрээр дамжуулан кино дотроо жинхэнэ хүнийг илэрхийлж, харилцан ойлголцолд хүргэж чадна гэж мэдрэх л юм бол тэр ажлыг хийнэ. Би ер нь тэтгэвэрт гарна гэдэг үгийг хэрэглэмээргүй байна. Урлагийн хүн тэтгэвэрт гарна гэж хэлэх нэг л эвгүй.
Артист Кристо хэлэхдээ, “Уран бүтээлчид тэтгэвэрт гардаггүй, тэд зүгээр л таалал төгсдөг” гэсэн байдаг.
Гэхдээ тэтгэвэрт гарсан уран бүтээлчид бас бий. Жишээ нь Филип Рот. Түүний “The Humbling” гэдэг зохиолоор хийсэн кинонд би тоглосон. Тэр гэхдээ одоо зохиол бичихээ больсон, өөрөө бол их баяртай байгаа гэж хэлдэг. Өөр юм хийгээд л явж байгаа. Би үүнийг ойлгож байна. Хэзээ нэгэн цагт нэг л хэвийн санагдаж эхэлдэг юм. Кино зохиол авна, уншина, цээжилнэ. Бүх процессыг дахиад л дахин давтана. Тэгээд л өөр зүйлийг хайж эхэлнэ. Жишээ нь, өөрийг чинь тоглуулах хүсэлтэй найруулагч.
Гэхдээ бараг бүх найруулагчид таныг л хүсдэг биз дээ?
Загалмайлсан эцгээс өмнө бол хэн ч намайг хүсээгүй. Гэхдээ Франсис намайг л тоглуулахыг хүссэн. Яагаад гэдгийг нь би ч өөрөө ойлгоогүй. Кино студиуд, хэн ч намайг хүсээгүй, намайг хэн ч танихгүй байсан. Гэхдээ нэг найруулагч намайг кинондоо тоглуулахыг хүсэж байвал би хийе ээ л гэсэн хандлагатай байдаг. Сорилт, дааж чадах эрсдэлээ туулах хэрэгтэй. Унасан ч дахиад босоод урагшаа явна гэдэг нь л чухал.

Яагаад?
Ямар нэгэн зүйлийг урт хугацаанд хийсэн бол өөрийгөө нээлттэй байлгах хэрэгтэй. Өөрийгөө хааж болохгүй. Эмзэг байдал бол чухал. Сэтгэл чинь хэт хатуужиж болохгүй. Брехт залуу байхдаа бичсэн “Jungle of Cities” гэдэг зохиол бий. Тэр зохиолын нэг дүр “Хүн төрөлхтний сэтгэл энэ ертөнцөд хэтэрхий хэврэгдэнэ” гэдэг. Гэхдээ дараа нь сэтгэл хат сууж, эцэстээ юм мөргөөд ч мэдрэхээ болих хэмжээний хатуу болдгийг тэр дүр хардаг.
Та өөрийгөө сорих гэсэн хүсэлдээ автаад хийсэн кинонуудаасаа харамсдаг уу?
Үгүй ээ, харамсдаггүй. Би алдаа гаргаж байсан. Буруу кино сонгож байсан, эсвэл дүрдээ гүнзгий ороогүй, буруу сонголт хийсэн тохиолдлууд бий. Гэхдээ тэр бүхэн бол миний нэг хэсэг шүү дээ. Хүн болгонд л байдаг зүйл. Хийсэн бүхнээсээ нэг зүйлийг сурж авдаг. Тэр кино бүтээл болгоны орон зай, мөчүүд бол зүгээр нэг дурсамж биш, амьдралын хэсэг болдог. Тиймээс харамсах зүйл алга.
“Star Wars”-аас татгалзсан гэдэгтээ ч үү?
“Star Wars” уу тийм ээ, миний хамгийн анхны том алдаа.
Тэгээд Теренс Маликийн зохиолыг ч бас татгалзсан уу?
Тийм ээ. Урьд нь Тэрри намайг нэг кинондоо тоглуулахаар урьж байсан. Би одоо ч гэсэн тоглосон байсан бол гэж боддог. Энэ бол миний олон алдааны нэг. Татгалзсан зохиолуудаа тавьчихсан “Алдааны музей” гэж бий.
Таны жүжиглэх арга барил өмнөхөөсөө өөрчлөгдсөн үү?
Тийм гэж хэлнэ. Хэрвээ өөрчлөгдөөгүй бол ингэтлээ удаан ажиллаж чадахгүй байх байсан. Хүн бүр л амьдралдаа тодорхой үе шатыг туулдаг, би нас гэдэг зүйлийг яг үүнтэй холбоотой гэж боддог. Хүмүүс амьдралд чинь орж ирээд, тэгээд байхгүй болно. Хэзээ явахыг нь мэдэхгүй шүү дээ. Тиймээс бид мөчлөг дамжин амьдардаг.

Танд одоогийн мөчлөг тань таалагдаж байна уу?
Шил дүүрэн байна уу, хоосон байна уу? Гэдэг талаас нь бодож болно. Зарим өдөр үнэхээр сайхан байдаг. Зарим өдөр нь үгүй. Хэрвээ би зураач байсан бол хэн ч надаас насны тухай асуухгүй. “Би зурдаг! Би уран бүтээлч хүн!” гэж хэлнэ. Гэхдээ би энэ үгийг хэлэх дургүй. Үүнийг би эрт ойлгосон юм. Нэг хамт амьдардаг байсан бүсгүй надад “Өөрийгөө уран бүтээлч гэж хүмүүст хэзээ ч битгий хэлээрэй” гэж хэлж байсан. Би “Харин тийм ээ, би хэлдэггүй ээ” гэж хариулсан. Тийм болохоор би энэ үгнээс аль болохоор зайлсхийдэг. Гэхдээ өөрийнхөө дотор бол би уран бүтээлч хүн гэж боддог. Тийм байгаасай гэж хүсдэг. Харин би зураач байсан бол хүмүүсийн асуулт өөр байх байсан.
Гэхдээ бүх жүжигчид л настай холбоотой асуудалтай тулгардаг шүү дээ.
Тийм ээ, энэ нь бидний гадаад төрхтэй холбоотой. Дүр бүр өөр ч байлаа гэсэн, дүрийн цаана үргэлж нэг л төрх, нэг л царай байна. Тэр нь байнга дагаж явдаг. Ийм учраас жүжигчин өөрийгөө уран бүтээлч гэж хэлэхэд хүмүүс дургүйцдэг болов уу?. Учир нь эцсийн эцэст чи кино од шүү дээ. Гэтэл энэ ч бас нэг төрлийн их зантай үг. Би кино од гэж хэлэх нь. Тэгэхээр одоо тэгээд яг юу гэж хэлэх ёстой юм бэ дээ, гэж бодогддог.
Эх сурвалж: The Talks
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.