Нийгэм мэдээ

И-Баримтын бүртгэлийг цахим болгоно

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар И-баримтыг бүрэн цахимжуулах ажлын хүрээнд холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзав.

Уулзалтад Цахим хөгжил инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Монгол банкны газрын захирал Э.Анар, Татварын ерөнхий газрын дэд дарга А.Энхболд, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг, болон Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтнууд оролцов. Тэд цаасан И-баримтыг халж цахимжуулах бүрэн боломжтойг онцолсон юм.

Энэхүү баримтыг одоогоор cu аппликейшнээр дамжуулан автоматаар бүртгүүлж байна. Мөн Хаан банк дотоод үйлчилгээгээ шууд и-баримттай холбосон бол Мобиком, Юнител зэрэг газрууд автомат системд холбосон байдаг. Энэ жишгээр иргэдийн банкны картаар нь дамжуулж худалдан авалт хийх бүрд автоматаар бүртгэдэг болох ажлыг эхлүүлж буй юм.

ЦХИХХ-ны сайд Э.Батшугар “Монгол улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын И-баримтын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох ажлын хүрээнд И-баримтын бүртгэлийг хялбаршуулж цахимжуулах ажлыг эхлүүлж байна. Энэ нь Дижитал шилжилтийн нэг хэсэг байх болно” гэв. 

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван ярихдаа, "Одоогийн байдлаар аж ахуй нэгжээр и-баримтаа бүртгүүлэх тохиолдолд автоматаар бүртгэгдэж байгаа. Иргэнээр баримтаа авах тохиолдолд тухайн иргэний дансны нэгдсэн системд бүртгэлтэй регистрийн дугаараар ордог болох боломжтой юм. Тиймээс иргэн өөрөө дансаа сонгох шаардлагатай юм. Бид банкнуудтай хамтарч аппликейшн дээр хөгжүүлэлт хийх хэрэгтэй” хэмээн онцлов.

Харин Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн захирал Т.Батбилэг “Кассын системээс мэдээлэл авч татварын руу өгдөг систем дээр арилжааны банкнуудын гүйлгээг дамжуулахад Монгол банкнаас дэмжлэг хэрэгтэй, нөгөө талдаа иргэд өөрсдөө ямар картаа сонгох вэ гэдгээ шийднэ. Энэ ажил дээр техникийн хувьд хүндрэлтэй зүйл байхгүй, аюулгүй байдал, нууцлалыг хангах шаардлагатай байна” хэмээн саналаа илэрхийлэв.Энэхүү үйлчилгээг цахимжуулснаар иргэд татварын буцаан олголтоо бүрэн авах нөхцөл бүрдэх аж.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button