ДЭЛХИЙ

Монголоос Францад контрбандын замаар очиж байсан үлэг гүрвэлийн яс нь Shri rapax гэх шинэ төрөл зүйл болохыг тодорхойлжээ

Одоогоос ойролцоогоор 70 сая жилийн өмнө Монголын элсэн манхан, говь нутгийг далай байх үед хоёр метр орчим урттай, хүчирхэг урд мөч, хүчтэй эрүүтэй махчин үлэг гүрвэлүүд амьдарч байжээ.

Эрдэмтэд эдгээр махчин үлэг гүрвэлүүдийн дотроос Shri rapax хэмээх нэртэй шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэлийг тодорхойлсон талаараах судалгааны үр дүнгээ Historical Biology сэтгүүлд нийтэлсэн байна. Shri rapax-ийн чулуужсан үлдэгдлийг 2010 онд Говийн тодорхойгүй хэсгээс хууль бусаар хил давуулан гаргажээ. Контрабандын замаар уг араг яс Францын Eldonia гэх чулуужмал судлалын компанид хүрсэн байсан юм.

Судалгааны хамтран зохиогч, Монголын Шинжлэх Ухааны Академи болон Хойд Коралиногийн Их Сургуулийн судлаач Цогтбаатарын Чинзориг хэлэхдээ,

"Энэ тохиолдол нь Говь нутгаас хууль бусаар чулуужмал зөөвөрлөж байсны дахин нэг жишээ бөгөөд урт хугацаанд үргэлжилсэн хууль бус үйл ажиллагааны схемийг харуулж байна" гэв.

Тээвэрлэлтийн явцад хүзүүний эхний дөрвөн нугалам алга болсон байна. Гэсэн ч Францын компани засгийн газрын болон палеонтологийн байгууллагуудтай хэлэлцсэний дүнд үлдсэн араг ясыг Монголын Шинжлэх Ухааны Академид буцаан өгчээ. Алга болсон хэсгүүдийг өмнө нь хийсэн компьютер томографийн дүрслэл дээр үндэслэн сэргээн босгосон байна.

Судалгаагаар Shri rapax нь өөрийн ойрын төрөл болох Velociraptor mongoliensis-тэй хэмжээний хувьд ижил боловч, хэд хэдэн онцгой шинж чанартай болох нь тогтоогджээ. Тухайлбал, төвийн хумс нь 3 инчээс урт байсан нь Velociraptor-ийнхаас бараг хоёр дахин том аж. Мөн урд мөч нь маш хүчтэй, туйлын бат бөх сарвуутай байсан бөгөөд Чинзоригийн хэлснээр энэ нь нэлээн том хэмжээтэй олз барих, атгах боломжийг олгож байсан бололтой.

Судалгааны өөр нэг хамтран зохиогч, Италийн палеонтологич Андреа Кау хэлэхдээ,

"Түүний сарвууны байдлаас харвал хөлөөр цохихоос илүүтэй атгалтын хүчинд тулгуурладаг байсныг харуулж байна" гэжээ. Мөн Shri rapax нь харьцангуй богино хоншоортой байгаа нь хүчтэй зажлуур бүхий эрүүтэй байсныг илтгэх бөгөөд энэ нь ан хийхэд маш чухал зэвсэг болдог байсан аж.

Хэдийгээр S. rapax ба V. mongoliensis нь нэг газар нутагт, нэг цаг үед амьдарч байсан ч биеийн бүтцийн ялгаа нь тэдний амьдралын хэв маяг өөр байсныг харуулдаг. Судлаачид үүнийг niche partitioning буюу ижил төрөл зүйлийн амьтад нэг газар нутагт зэрэгцэн оршихдоо хоорондоо зөрчилдөхгүйгээр байгалийн нөөц болох хоол, амьдрах орчин, идэвхтэй цаг зэргийг ялгаж, хувааж хэрэглэдэг байсан гэж үзжээ.

Эрдэмтэд олдсон дутуу араг яснаас Shri rapax-ийн тухай олон шинэ мэдээлэл олж авч чадсан ч, алдагдсан толгойн араг яс болон хүзүүний нугаламын зарим хэсгүүд эргэн ирж, үлдсэн хэсгүүдтэй нийлнэ гэсэн итгэл тээсээр байна.

Стоуни-Брукийн Их Сургуулийн Жеймс Наполи хэлэхдээ,

"Хэрвээ толгойн гавлын яс олдвол энэ үлэг гүрвэлийн амьдралын хэв маяг болон хувьслын түүхэн дэх байр суурийг илүү нарийн ойлгоход тусална" гэжээ.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Planet Today

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
8 сар 8, 2025 08:27

бүх хулгайлагдсан гүрвэлийн яснуудаа цуглаад музейд тавьж мөнгө олооч дээ

Холбоотой мэдээ

Back to top button