Улс төрийн мэдээ

Тойм: Засгийн газрын ул суурьгүй шийдвэрүүд буюу цомхотгол, санал хураалт…

Энэ оны 6-р сарын 13-ны өдөр Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдсон билээ.

Эмх замбараагүй, ул суурьгүй цомхотголын хохирогчид нь хэн байх вэ

Үүрэгт ажлаа хүлээн аваад үндсэндээ 2 сар орчмын хугацаа болох гэж байна. Засаг толгойлсон өдрөөсөө Төрийн албан хаагчдыг 14,400-гаар цөөлнө гэдгээ зарласан түүний хувьд нэг гараараа цомхотгохыг үүрэгдэж, нөгөө гараараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэх.

Гэтэл ердөө хэдхэн хоногийн дотор цомхотголын шуурганд өртөж буй иргэдийн зүгээс Засгийн газрын бодлого, судалгаагүй шийдвэрийн үр дүнгийн хохирогч болон гарч ирцгээх болов. Тухайлбал, ЦУОШГ-ын 147 ажилтныг цомхотгох шийдвэрийг салбарын сайд нь Засгийн газрын хуралдааны дараа шуудхан олон нийтэд мэдэгдэж, улмаар нарийн мэргэжлийн инженер, техникч болон цэвэрлэгч, жижүүр гэх зэргээр ЦУОШГ-ын 21 аймгийн салбарын ажилтнуудаас түүвэрлэн цомхотгохоор болсныг эсэргүүцэн мэдээлэл хийсэн юм.

7-р сарын 23-нд Ерөнхий сайдын МҮЭХ-ны төлөөллүүдтэй уулзаж, төрийн албан хаагчийн цомхотголд судалгаатай, улс суурьтай хандана хэмээсэн ч хэлсэндээ хүрсэнгүй. Араас нь Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын 176 ажилтныг цомхотгохоор болж цалинг нь зогсоосон асуудал үүсэв.

Ямар албан хаагчдыг, хэний үзэмжээр хэрхэн халж буй нь тодорхойгүй байгаа нь ажилгүйдлийн давалгаа айсуйг харуулж буй юм. Яам, тамгын газар, агентлагийн дарга нараас эхлээд үе үеийн Засаг дамжиж явдаг МАН-ын "албан тушаалгүй" албан тушаалтнуудаас төрийн албаны цомхотголоо эхлэх нь зүй.

Энэ оны төсвийн тодотголоор хасагдсан эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг нэмэх ёстой гэх олон нийтийн санал

Монгол Улсын Засгийн газраас, тухайлбал Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан шийдвэр, үүргийн дагуу 2026 оны төсвийн төслийг боловсруулах ажлын хүрээнд энэ сарын 1-ний өдрөөс эхлэн И-Монголиа цахим системд иргэд саналаа өгч эхэлсэн юм.

Эхний 6 хоногийн хугацаанд 100,958 иргэн санал өгсөн бөгөөд “2026 онд аль салбарт төсвийг түлхүү чиглүүлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэсэн асуултад 75262 иргэн боловсрол, 61922 иргэн боловсрол, 48968 хүн цахилгаан дулааны салбарын санхүүжилтийг дэмжих хэрэгтэй гэсэн санал өгчөө.

Харин “2026 онд аль салбарын төсөвт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзэж байна” гэхэд 44015 иргэн нийгмийн халамжийг бууруулах гэсэн бол 42272 хүн соёлын салбарын санхүүжилтийг танах шаардлагатай гэсэн байна. Мөн 68728 иргэн төрийн захиргааны үйл ажиллагааны зардлыг бууруулж, 58206 хүн төрийн өмчит компаниудын зардал, тоог бууруулах санал өгсөн байв. Гэтэл дунд болон доод шатны албан тушаалтнуудаа ажлаас нь цомхотгоод эхлэв.

Татварын бодлогын тухайд 84636 иргэн татварын хувь хэмжээг бууруулж, 44777 иргэн татварын буцаан олголт болон хөнгөлөлтийн талаар Засгийн газар бодит шийдвэр гаргах ёстой гэжээ.

Эндээс харвал саналд оролцож буй иргэдийн дийлэнх нь Татварын хуульд өөрчлөлт оруулах, Энэ оны Төсвийн тодотголоор санхүүжилтийг нь хасчихаад байгаа эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг ирэх онд нэмэгдүүлэх ёстой гэсэн олон нийтийн санал цаашид ч нэмэгдэхээр байна.

Гэтэл бодит байдал дээр төсвийн захиран зарцуулагч нарын гаргасан төсвийн төслүүдийг багцлах болохоос иргэдийн саналыг төсөвт шууд тусгах боломжгүй гэдэг санааг Сангийн сайд нь хэлчихсэн.

Харин эдгээр саналууд ирэх оны төсөвт жин дарахгүй гэвэл түүнийг халхавчлах шийдвэр нь НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгох шийдвэр гэж харагдана.

Хөл, толгойгүй шийдвэрүүд

Шинэ танхим бүрдээд удалгүй, Ерөнхий сайд нь "мэргэжлийн боловсон хүчин, ур чадвар" гэсэн тойм ойлголтуудыг нийгэмд "сурталдаж" байхад Засгийн газрын сайд нараас нь авхуулаад томилгооны "галзуурал" болсоор байна. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн сайдын тамгаа авснаас хойш хэд хэдэн томилгоо хийсэн нь мэргэжлийн, нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон уу гэдэг эргэлзээтэй.

ДЦС-3-т гарсан ослын талаар олон нийтэд мэдээлэл өгөхдөө Засгийн газраас томилсон БЭТ нь дотоод ажилчдыг нь "мэдээлэл задруулсан, байдаг л осол" гэх зэргээр ярьж, нөгөө талд Боловсролын салбараас дараагийн цомхотгол явагдах тухай яриа гарч байхад салбарын сайд нь тоймтой зүйл ч ярьсангүй.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсны дараах одоогийн Засгийн газраас хүлээх хүлээлт өндөр. Гэтэл олон нийтийн өмнө хэлсэн болгон нь шийдвэр болж буй

Ерөнхий сайд өөрөө улс төрийн манлайлал үзүүлэх ёстой атал нийгэмд үр нөлөө нь хэрхэн буух талаар ул суурьгүй шийдвэрүүд гаргаж, олон нийтээс санал авах нэрийдлээр популизм үүсгэхгүй байх сан. Г.Занданшатарын Засгийн газар хамгийн богино настай байх уу гэдэг сорилт хэдийнээ эхэлчихээд байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 9, 2025 11:45

нөгөө новшийн ДАНХан толгойтийн босгосон ДАНХар төрийг цэгцэлж бна . хуцаж л бна биз

Холбоотой мэдээ

Back to top button