"Онтрэ"-гийн лиценз шилжүүлэлт зогссоноос үүдэн шинэ маргаан шүүх дээр үүсжээ

“Shivee Tolgoi” болон “Javkhlant” нэртэй хоёр ашигт малтмалын лицензийн хувь заяа шийдэгдээгүй л байна. Канадын Entrée Resources компани эдгээр лицензийг “Оюу Толгой” ХХК-д шилжүүлэх асуудал өндрөө авсан ч Засгийн газар солигдож, зун цаг ч дамначихлаа. Одоогоор үйл явц гацаж, асуудал шүүхийн шатанд хүрсэн талаар гадаад эх сурвалжуудад мэдээлсэн байна.
Татварын үнэлгээний маргаан
Монголын хууль тогтоомжийн дагуу лиценз шилжүүлэх үед тухайн лицензийн үнэ цэнийн 10 хувийн корпоратив орлогын татвар ногдуулдаг. Entrée болон “Оюу Толгой” компаниуд Монголын татварын байгууллагад шаардлагатай баримтуудаа ирүүлсэн ч Татварын Ерөнхий Газар үнэлгээг баталгаажуулахаас татгалзжээ.
Энэ нь лиценз шилжүүлэлтийн гол саад болж, 2025 оны 5-р сараас хойш талуудын хооронд маргаан хурцадсан байна. Entrée компанийн Монгол дахь охин компани 8-р сарын 1-нд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, татварын үнэлгээг дахин авч үзэхийг шаардаад байгаа аж.
Стратегийн ач холбогдол ба төрийн оролцоо
Оюу Толгойн бүлэгт багтах энэ хоёр лиценз нь стратегийн ач холбогдол бүхий ордод тооцогддог. Үндэсний баялгийн тухай хуулийн агуулгаар ийм ордод төр 34 хувийн эзэмших боломжтой. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын түвшинд хэлэлцүүлэг өрнөж байгаа ч эцсийн шийдвэр гараагүй байна.
Мөн УИХ-аас “Оюу Толгой” ордын эдийн засгийн өгөөжийг дахин үнэлэх Түр хороо байгуулж, судалгаа хийхээр болсон талаар өмнө нь мэдээлж байв. Гэсэн ч энэ талаар Entrée компанид албан мэдэгдэл хараахан ирээгүй байгаа юм байна.
Оюу Толгойн төлөвлөгөөний өөрчлөлт
Rio Tinto-ийн мэдээлснээр, Оюу Толгой төслийн Panel 0 болон Panel 2 хэсгийн олборлолт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байгаа бол Entrée-ийн лицензийн талбайд багтах Panel 1-ийн ажил лиценз шилжүүлэлт шийдэгдэх хүртэл түр зогссон хэвээр байна.
Үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах үүднээс OTLLC Panel 2 South хэсэгт чиглэл өөрчилж, ажил үргэлжлүүлэхээр бэлтгэж байна.
Entrée: Асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна
Entrée компаниас хамгийн сүүлд наймдугаар сарын 6-нд хувьцаа эзэмшигчдэдээ зориулан мэдэгдэл гаргасан байгаа юм. Үүндээ,
"Одоогоор зогсоод буй Хойд Хюго ордод түшиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг дахин эхлүүлэхэд лиценз шилжүүлэх явдал чухал ач холбогдолтой юм. Манай компани эдийн засгийн хохирол үүсэхээс сэргийлэхийн тулд Монголын Засгийн газартай хамтран, татварын үнэлгээ болон уул уурхайн үйл ажиллагаанд төрийн оролцоотой холбоотой үлдсэн асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллаж байна" гэжээ.
Харин наадмын дараа намар гэдгээр улстөрчид ажилдаа ханцуй шамлан орж, хавраас хойш шийдэлгүй гацаж байгаа энэ асуудалд анхаарал хандуулах л үлдээд байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Иргэд энэ асуудлыг маш анхаар�##�тай хүлээж байгаа. Элбэгээгийн бригад шиг шаачихав. Хүүк Зандка нараа.