Үндэсний дээд лиг: Шинэ бүрэлдэхүүн, ширүүн өрсөлдөөн

31 дэх удаагийн Үндэсний дээд лигийн сагсан бөмбөгийн тэмцээн ирэх аравдугаар сарын 1-нд эхлэх гэж буй. Өнгөрсөн улирлын аваргаар "Хасын хүлэгүүд" аваргаа ес дэх удаагаа баталж, “Бишрэлт Металл” баг дэд аваргаа гурав дахь жилдээ хадгалсан.
Шинэ улирал эхлэхтэй зэрэгцэн лигийн багууд болон тамирчдын шилжилт, хөдөлгөөн хийгдэж, сагсан бөмбөг сонирхогчдын дунд халуун сэдэв болж байна. Ийнхүү одоо ч үргэлжлэн хийгдэж тамирчдын шилжилт, хөдөлгөөнийг багцлан хүргэж байна.
Дээд лигт есөн удаа аваргын цом өргөсөн “Хасын Хүлэгүүд” багийн ахлагч Д.Мөнхтүвшин Хүлэгүүд багийнхаа гэрээг дуусгаж, “SG Apes” багтай нэгдснээ зарлажээ. Түүний хувьд 2004 оноос дээд лигт элсэж, тасралтгүй 21 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэхүү хугацаанд хамгийн олон удаа буюу нийт есөн удаа аваргын цом өргөсөн. Мөн тус багийн хамгаалагч Э.Саруул-Эрдэнэ гэрээгээ дуусгаснаа олон нийтэд зарласан.
Одоогийн байдлаар тус багийн Ч.Ихбаяр, Э.Түшиг, С.Биндэръяа, Э.Эрмүүнзаяа, М.Цэнгүүн нар багтайгаа гурван жилийн хугацаатай гэрээ хийснээ зарлаад байна.
Өнгөрсөн улирал шилдэг найман багт багтаж, финалын эрхийн төлөө “Бишрэлт Металл” багтай нэлээн ширүүн өрсөлдөөнийг үзүүлсэн “Эс Жи Эйпс” багийнхан ирэх улирал нэлээн хүчтэйгээр тамирчдаа сэлбэж буй.
Тус багт Д.Мөнхтүвшин нэгдсэнээс гадна, Монгол улсын шигшээ багийн холбогч “Эрдэнэт Майнерс” багийн тоглогч байсан Г.Ган-Эрдэнэ нэгдэж, хоёр жилийн гэрээ байгуулжээ. Мөн үндэсний шигшээ багийн төвийн тоглогч Г.Дөлгөөн хоёр жилийн гэрээ байгуулсан байна. Г.Дөлгөөний хувьд АНУ-ын Охайо мужийн Дэйтон хотын Centerville Elks Athletics ахлах сургуулийн багийн тоглогч 203 см өндөр, 19 настай. Тэрбээр Япон Улсын ахлах сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байжээ. Түүний хувьд мөрөөдөлдөө хүрэхийн тулд АНУ-д өнгөрсөн жил очсон байна. Тус багийн ахлагч, үндэсний шигшээ багийн холбон тоглогч М.Өлзий-Орших багтайгаа гурван жилийн гэрээ байгуулсан бол Н.Эрдэнэ, Б.Тулуй нар мөн адил гэрээгээ сунгажээ. “Эс Жи Эйпс” багт дахин нэгэн сонирхолтой тоглогч нэгдсэн нь “Завхан Бродерс” багт тоглож байсан төвийн тоглогч У.Чингүүн юм.
Дээд лигийн гурван удаагийн дэд аварга “Бишрэлт Металл” багийн тоглогч Б.Сүхбат болон А.Батхуяг нар “Би Си Эйч Найтс” багтай нэгджээ. А.Батхуягийн хувьд өнгөрсөн улирал зээлийн гэрээгээр “Би Си Эйч Найтс” багт тоголсон бол ирэх улирал албан ёсоор нэгджээ. Мөн Тайвань улсын супер лигт тоглож байсан Э.Сугараа болон “Эс Жи Эйпэс” багийн тоглогч Н.Ганбаатар нар “Би Си Эйч Найтс” багт нэгдсэн байна. Мөн тус багийн ахлагч, ард түмний MVP гэх цолтой О.Эрдэнэцогт багтайгаа гэрээнийхээ хугацааг сунгасан байна.
“Эрдэнэт Майнерс” баг нэрээ “Омни Эрдэнэт Майнерс” болгон өөрчилсөн байна. Ирэх улирал “Омни Эрдэнэт Майнерс” багт МУГТ Т.Санчир нэгджээ. Мөн Г.Болор-Эрдэнэ гэрээгээ сунгасан байна.
Бишрэлт Металл, Хасын Хүлэгүүд, Омни Майнерс, Эс Жи Эйпс, Би Си Эйч Найтс, Дархан Юнайтед, Сэлэнгэ Бодонс гэх долоон багаас санал авсан гэгдэж буй Ч.Маргад аль багтай гэрээ үзэглэсэн нь одоог хүртэл тодорхойгүй байна. Түүний хувьд Вашингтон ДС-д байх Виржина мужийн их сургуульд суралцдаг. Түүнийг Монголын үзэгчид болон спортынхон яг л дараагийн Т.Санчир гэлцдэг. Ямар ч айдасгүй, бүгдийг өөрийнхөөрөө хийж, чамбай тоглолтыг харуулдаг. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард үндэсний шигшээ багт дуудагдаж, өөрийн авьяас чадвараараа цойлсон.
Одоогийн байдлаар зарим багууд өөрсдийн тамирчдын мэдээллээ задлаагүй байна. Өнгөрсөн улирал НБА-ын од ДеМаркус Казинсыг багтаа нэгтгэж, сагсан бөмбөгийн ордныг гал халуун, ширүүн өрсөлдөөнтэй болгосон Сэлэнгэ Бодонс багийнхан эхний ээлжид Японы мэргэжилтэн Тошияа Коёонагиг дасгалжуулагчаараа сонгожээ. Харин бусад багийнхан хэдийн бэлтгэлдээ орсон байна.
Ирэх улирлын тэмцээн багуудын дунд асар их өрсөлдөөнтэй байх нь гарцаагүй. Гадаадад мэргэшсэн, үндэсний шигшээ багийн залуу тамирчдаа лигийн талбайд харж, дуртай багаа шинэчлэгдсэн бүрэлдэхүүнээр нь дэмжих нь сагсан бөмбөг сонирхогчдын туйлын их хүсэл аж. Тиймдээ ч ирэх улирал сагсан бөмбөгийн ордонд гал халуун тоглолтууд өрнөх нь тодорхой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.