УРЛАГ

“PARASITE” киногоор юу өгүүлэв

Сэтгүүлч Ц.Тамирын “Parasite” киноны талаар бичсэн “Review” /сэтгэгдэл/-ийг хүргэж байна.

Сөүлийн хаа нэгтээ нэгэн ядуусын гудамжны амьдралыг өглөө бүр байрны доод хонгилын цонхоор ширтэн сэрэх Кимийн гэр бүл. Киноны эхэнд л Кимийн эхнэр нөхөртөө байнга үнэгүй зүйл хэрэглэх боломжгүй болж буй талаар гомдоллон “Ямар төлөвлөгөө байна” хэмээн асуудаг. Энэ асуулт Кимийн гэр бүлээ өнөөг хүртэл хэрхэн ямар замаар авч яваагийн, тэдний гэр бүл ямар замналаар амьдарч буйн учир зангилаа юм. Үнэгүй утасны хэрэглээ, үнэгүй интернэт, болж өгвөл л бүх зүйлийг үнэгүй ашиглах хүсэл. Гэртээ утсаа барин үнэгүй wifi хайж нааш цааш холхих түүний нас биед хэдийнэ хүрсэн хүү, охин. Хүний амьдралын бүтэн хоёр үе “үнэгүй” гэсэн шошгоор амьдарч ирсний гэрч нь энэ юм. “Үнэгүй юм бол хордоод ч болтугай шавьжны хор цацуулаад, шавьжнаасаа салъя” хэмээн хорт утаан дунд тоомжиргүй суух Кимийн дүр, яг эл өгүүлбэр шиг хоржоонтой атлаа хүлцэнгүй дорой хэсгүүд кинонд бишгүй гарах нь найруулагчийн ёгт санааг шууд илтгэнэ. Тэд биед амар ажил хийх авч түүнийгээ ч төгс гүйцэтгэх чадваргүй. Амьдралын хэцүү, төвөгтэй асуудал үүсэх бүрт сэмхэн бултах, аргацааж өнгөрөх заль мэхийг Кимийн хүүхдүүд даруй сурсныг киноны хэд хэдэн сцениэс мөн төвөггүй олж харж болно. Хэрвээ амьдралд өөрийн хүч хөдөлмөрөөр урагшлах чадваргүй бол магадгүй “Энэ эд зүйл чамайг баяжуулна, аз дуудна” гэх мэтийн зүйлд урамшдаг нэгэн хорвоод цөөнгүй.

Тэр нь Кимийн хүү. Баян айлд ажиллах боломжоо тэр гэнэтийн аз гэж үзэж, улмаар шинэ хөрсөндөө гүн шигдэн урагшилсаар байх өт хорхойг санагдуулна. Хүүхдүүдийнхээ зальтай, овжин байдлыг аав ээж нь чадвар хэмээн магтах нь ч зэвүү хүргэм. Ер нь л энэ киноны туршид тэвчимгүй зэвүүцэм, гунигтай хоржин, ёж байдалтай үргэлж тулгарна. Тэр битгий хэл ичиж зовиурлана. Гэхдээ тэдний гэр бүлд халуун дулаан уур амьсгал, аав хүүгийн нандин харилцаа. Эцэг эхээ хайрлах хайр, бахархал, залуу хүний хүсэл мөрөөдөл гэсэн гэгээтэй зүйлс ч орших нь киноны уур амьсгалыг эрс зөөлрүүлдэг. Үзэгчид Кимийн гэр бүлтэй хамт байрны давчуухан хонгилоос баян айлын цэлгэр том байшин руу шилжинэ. Эндээс нийгмийн хэт ялгаатай хоёр өөр нөхцөл нэг шугамд давхцах эхлэл тавигддаг.

Нийгмийн дээд, доод анги давхаргаас нэгнээ ширтэлцэх нүд, бодол, үнэлэмж. Энэ нь эцэстээ үзэн ядалт, тэмцэл болон хувирна. Хямсагнуур, ямбатай, дээрэнгүй Пакийн гэрт цагийн багшаар очсон Кимийн хүү байдаг бүх л арга залиа ашиглан тэднийд үлддэг. Улмаар эгчийгээ, эгч нь аавыгаа, аав нь эхнэрийгээ гэх мэтээр гэр бүлээрээ байж болох бүх л мэхээ хэрэглэж хөрөнгө чинээтэй Пакийнд ажилд орно. Ингэхдээ бусдыг хэзээ ч бодохгүй. Тэдэнд ердөө л өөрсдөө чухал. Эндээс цааш үйл явдал зогсолтгүй өрнөдөг. Амьтад хоолоо булаалдахаараа хэрхдэг билээ. Яг л цусны үнэр авсан цөөвөр чононууд шиг, эсвэл гэрэлд бутран алга болох сүрэг жоомыг санагдуулам сцена ч үзэгдэх нь бий. Киноны өрнөл хэсэгт Кимийнхэн цугаар Пакийнхныг эзгүйчлэн гэрийнх нь зочны өрөөнд гахай мэт ууж, идэж наргин суух үед Кимийн эхнэр “Баян хүн яагаад гэнэн, сайхан сэтгэлтэй байдаг байна аа. Би лав баян байсан бол хэзээ ч эзэгтэй шиг байхгүй” гэсэн нь ч мөн найруулагчийн зориуд хэлэхийг хүссэн санаа гэдэг нь илт.

Найруулагч Бун Жун У-гийн “Memories of murder” кино ч мөн түүний онцгой бүтээл. Цуврал алуурчны тухай үгүүлэх уг киноны зохиолын нарийн сэжим, найруулагчийн үгүүлэмж, жүжигчний ур чадварын хослолыг сайн харуулсан. Түүнчлэн найруулагч Бун Жун У нэгэн ярилцлагадаа психо хоррор киноны мастер Альфред Хичкокийн кинонуудаас урам зориг авдаг хэмээн хэлсэн байдаг. Хичкокийн “Психо” киног үзэж байхдаа Бэйтийн байшингийн шат, хувийн саун зэрэг нь Бун Жун У-д сэдэл өгсөн гэдэг. Хувийн байшин өөрийн саунтай байна гэдэг түүнд их жигтэй санагдсан бөгөөд эндээс Parasite киноны гол үйл явдал өрнөх Пакийн гэр бүлийн тансаг байшин доторх нууц хонгилын санаа урган гарсан байна. Нийгмийн анги давхраа хүн хоорондын харилцаа, хүний доторх төрөлх араншин нийгмийн гарал үүсэлтэй нь хэрхэн нийцэж бас хэрхэн зөрчилдөж буй талаар үгүүлж буй түүний анхны кино нь Parasite биш юм. Snowpiercer кино нь ч мөн энэ сэдвийг хөнддөг.

Нийгмийн ялгарал үгүй болж, анги давхраагүй нийгэмд бүгд жигд, тэгш боломжийн дор амьдарч чадах уу. Баян, ядуугийн ялгаа арилчихвал бид үнэхээр хэлээд байгаа сайхан амьдралаа цогцлоож чадах эсэх. Баян амьдрал доторх сэтгэлээр нэн ядуу, хүн чанаргүй, эх адаггүй байдал хийгээд ядуу амьдрал доторх халуун дулаан сэтгэл, хүн чанар, хэмжээ хязгаарын заагийг ч мөн эсрэгцүүлэн тавих бөгөөд үүнээс ч эсрэгээр баян хүнд ч хүн чанар, сайхан сэтгэл буй, ядуу хүнд ч хомхой шуналтай, хорон зальтай чанар байдгийг нийгмийн давхраатай нь нягтшуулан олон талт хувилбараар кинондоо дүр бүрээр тодорхойлон харуулсан нь Бун Жун У найруулагчийн онцгой ур чадвар юм. Хүний цаад мөн чанар, хүн хоорондын харилцаа зэрэг нэвт шувт олж мэдрэх боломжтой зүйлсийг бид материаллаг байдал, ахуй, нийгмийн анги давхраа гэсэн олон тодотголоор далдалж, энэ нь цаг ямагт бидний зөрчил тэмцэл, үзэн ядалтын гол шалтгаан болсоор байна гэж үү?

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button