"Голомт"-ын Д.Баясгалангийн барьсан нүүрс ачих логистикийн төв эвдрэлтэй байгаа тул нэр бүхий хүмүүсийг АТГ-т өгчээ

ЭТТ ХК дээр нэг л жиг ургалаа гээд Засгийн газар долдугаар сарын 1-нээс онцгой дэглэм тогтоосон. Ингээд 10 хүний бүрэлдэхүүнтэй бүрэн эрхт төлөөлөгчийн баг томилж ажиллуулсан юм.
Үүний голлох шалтгаануудын нэг бол "Чайна энержи"-гийн гэрээнд заагдсан нүүрс тээврийн рейс байв. Манайх гэрээний үүргээ зөрчсөн нэгээр тогтохгүй удаагийн үйлдэл хийж, БНХАУ-ын талаас шаардлага тавьсан, уулзалтууд хийгдсэн. Товчхондоо, "Чайна энержи"-гийн нүүрсийг ачихгүй гацаах, нүүрс тээврийн машинуудыг урьдчилж гаргах зэрэг асуудал давтагдсан.
Түүнээс гадна "Бодь интернэйшнл"-ийн барьсан нүүрс ачих логистикийн төвийн байгууламж зэрэгт ч анхаарах шаардлага үүсээд байжээ.
Онцгой дэглэм тогтоосон хугацаанд тодорхой үр дүнгүүд гарснаас логистикийн төвийн байгууламж чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон байна.
“Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан байдаг.
Галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр ачих зориулалттай төмөр замын тээврийн төв гэж ойлгож болно.
2024 онд баригдаад дууссан, одоо ашиглалтад хэдийнэ орчихсон байх ёстой ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарчээ.
Тодруулбал, тодорхой хэсэг нь цоорох, ажиллагааны горим алдагдал зэрэг анхаарал татам асуудлууд гарсан талаар эх сурвалж хэллээ.
Энэ үүднээс "Бодь интернэйшнл", "Тавантолгой төмөр зам" ХХК-иудтай хамтарч БЭТ-ийн баг дөрвөн удаагийн туршилтын ачилт хийж үзжээ. Улмаар үүсээд байгаа асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх үүрэг өгсөн аж.
Мөн төслийн хэрэгжилтийн хүрээнд үүссэн хуулийн болон бусад асуудлуудыг шалган тогтоох үүрэг бүхий Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ахлуулсан Хяналт шалгалтын баг ажиллуулжээ.
Ингэснээр гүйцэтгэгч компани болох "Бодь интернэйшнл", захиалагч "Тавантолгой төмөр зам", хяналт тавих үүрэгтэй нэр бүхий албан тушаалтнуудыг АТГ-т өгчээ.
Одоогоор нэрсийг албаны хүмүүс нууцлах чигтэй байгаа аж.
Гэхдээ Гашуунсухайтын төмөр замыг оффтейк гэрээгээр барьсан "Бодь интернэйшнл"-ийн ард "Голомт"-ын Д.Баясгалан байдаг. Д.Баясгалан өдгөө улсын болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалттай томоохон тендерүүдэд шалгарч, ажил гүйцэтгэсээр байгаа юм. Нөгөөтээгүүр төмөр замын багц ажил авах үед гүйцэтгэх захирлаар нь А.Амундра ажиллаж байсан нь анхаарал татдаг.
Ямартай ч нүүрсний экспортод онцгой анхаарч байгаа энэ өдрүүдэд хил холболтын төмөр зам, нүүрс ачих логистикийн төв зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтад ч ихээхэн анхаарах чигтэй болчихлоо.
Логистикийн төвийг дагаад АТГ-ын шалгасан үйл ажиллагаагаар ямар асуудал илрэх, хэний нэр цохогдох нь зарим талаар намрын улс төр болж ашиглагдахыг ч үгүйсгэхгүй юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.