Улс төрийн мэдээ

Уурхайгаас 12.3 км-ын зайд баригдсан "Норинко"-гийн нүүрс баяжуулах үйлдвэрт зориулж, ₮300 тэрбумын конвейерийн тендерийг хятад компанид өгчээ

"Нүүрсний хулгай 2.0 дэгдэх үү?" гэмээр сонирхолтой мэдээлэл энэ наймдугаар сард хөвөрч байна. Доорх хоёр асуудлыг АТГ-аас шалгаж эхэлсэнтэй холбоотой.

Эхнийх, “Бодь интернэйшнл”-ийн барьсан нүүрс ачих логистикийн төвийн байгууламж ашиглалтад орох хугацаа болчихсон ч тодорхой гэмтлүүдтэй байгаа. Дөрвөн удаагийн туршилтын ачилтаар эдгээр нь илэрсэн. Иймд гүйцэтгэх, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахаар өгсөн.

Хоёр дахь нь, оффтейк гэрээгээр санхүүжүүлж, БНХАУ-ын “Норинко” группээр бариулсан нүүрс баяжуулах үйлдвэрийн байршлын асуудал. Эрдэнэс тавантолгойн уурхайгаас 12.3 км-ын зайд баригдчихсан. Улмаар тээврийн зардал өссөнөөс үүдэж, дахин конвейер байгуулах шаардлага үүссэн. Иймд байршил сонгосон асуудлаар тодорхой албан тушаалтнуудыг мөн АТГ-т өгөөд байгаа.

"Норинко" групп 314 сая ам.долларын оффтейк гэрээгээр нүүрс баяжуулах үйлдвэрийг барьжээ

“Норинко”-гийн нүүрс баяжуулах үйлдвэр нь өнгөрөгч онд нээлтээ хийсэн.

Үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлт гэж ноднин зургадугаар сард болсон ба УУХҮ-ийн дэд сайд (Одоо УИХ-ын гишүүн болсон) Б.Уянга, “Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал С.Наранцогт, ЭТТ ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн ба гадаад талын хүмүүс оролцсон юм.

Энэ үеэр хэн ч байршлыг хөндөж яриагүй.

Мөн У.Бямбасүрэн нь өдгөө Засгийн газраас ЭТТ ХК дээр томилсон бүрэн эрхт төлөөлөгчийн багийг ахалж байгаа. Тэр өөрийн амаар “Нүүрс баяжуулах үйлдвэр уурхайгаас хол зайд баригдсан асуудлыг АТГ-т шалгуулахаар өгсөн” гэж өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн хүн юм.

Нөгөөтээгүүр, ЭТТ ХК нь хэд хэдэн оффтейк гэрээ байгуулсан асуудал анхаарал татаж байсан. Тэдний нэг бол энэ.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн гүйцэтгэгч шалгаруулах 314 сая ам.долларын дүнтэй тендерт ганцхан компани оролцож шалгарсан нь “Норинко” группийн охин компани “Норинко интернэйшнл” юм. Оффтейк гэрээ учраас төлбөрөө 100 хувь нүүрсээр авна. Иймд 314 сая ам.долларын буюу 3 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг байгуулж, ажилдаа оржээ.

Дээрх нь 2022 он болсон үйл явц.

Ийнхүү “Норинко” групп нүүрсээр төлбөрөө аваад, нүүрс баяжуулах үйлдвэр барьж өгсөн. Гэвч уурхайгаас 12.3 км зайд.

Байршлыг хэн сонгов?

"Байршлыг гурван яамны ТНБД хамтарсан тушаалаар баталсан" гэжээ

Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн долдугаар сарын сүүлээр ЭТТ ХК дээр очиж ажилласан. Энэ үеэрээ тус асуудлыг хөндөж асуусан байна.

Тодруулбал, “Үйлдвэрүүд уурхай дээрээ баригддаг. Гэтэл заавал 20-иод км-ын зайд баригдсан нь ямар учиртай вэ. Улмаар нүүрс тээврийн зардал гэж дахиад машин тутамд 1.8 сая төгрөг болж байна” хэмээжээ.

Үүнд ЭТТ ХК-ийн Уул уурхай, технологийн газрын дарга Ч.Алтанбагана хариулахдаа,

“Бид байршил солих асуудлыг хөндөхөд ажил 23 хувьтай явагдчихсан байсан. 80-аад тэрбум төгрөгийн газар шорооны ажил хийгдсэн байсан. Байршлыг Эрчим хүчний яам, УУХҮЯ гээд гурван яамны Төрийн нарийн бичгийн даргын хамтарсан тушаалаар баталсан.

Эдийн засгийн үр ашгийн тооцоолол хийж үзээд, төслийг уг байршилд нь дуусгах зүйтэй гэж үзсэн. Улмаар конвейерийн төсөл эхлүүлсэн, 46 хувьтай явж байна. Конвейер ажиллаж эхэлбэл тээврийн зардлыг гурав дахин хэмнэнэ” гэсэн байна.

Байршил баталсан тушаал нээлттэй цахим орчноос олдохгүй байгаа юм. Харин 2022 он гэж хөөвөл Эрчим хүчний яаманд Н.Тавинбэх ТНБД-аар ажиллаж байсан.

УУХҮЯ-нд гэвэл 2019-2022 он хүртэл Г.Нандинжаргал, 2022 оны аравдугаар сараас Б.Бямбадагва (ЭТТ ХК-ийн ТУЗ-д давхар ажилласан), 2023 оноос С.Магнайсүрэн (өдгөө ҮАГ-ын дарга) нар ажиллажээ.

Тендерийн түүхгүй, 2024 онд бүртгүүлсэн БНХАУ-ын компани конвейерийн тендерт шалгарчээ

Харин үүсээд буй нөхцөл байдлын улмаас конвейерийн тендерийг 2023 онд зарлажээ.

Тендерийн нэр: Нүүрс тээврийн конвейерийн систем, бутлуур болон автомашинд ачих системийн барилгын зураг төсөв боловсруулах, барилга угсралтын ажил.

  • Макс-Өргөө
  • Cementation - Terra Nova
  • Chengdu Design Research Institute of Building Materials Industry
  • Бодь-Интернэшнл
  • Dadi Engineering Development (Group) Co Ltd
  • Xinjiang coal design institute Co LTD гэсэн зургаан компани оролцсоноос сүүлийнх нь шалгарчээ.

2023 оны арванхоёрдугаар сард зарлаж, 2024 оны хоёрдугаар сард шалгаруулсан энэ тендерийн төсөвт өртөг нь 304.5 тэрбум төгрөг юм.

Шалгарсан “Xinjiang coal design institute Co LTD” гэгч компани нь Монголд “Шиньжяны нүүрсний зураг төсөл судалгааны хүрээлэн” ХХК нэрээр бүртгэлтэй аж. Сонирхолтой нь, тендер шалгаруулснаас хойно буюу 2024 оны зургадугаар сард үүсгэн байгуулагдсан гэж бүртгүүлжээ.

Харин яг тендерт шалгарсан нэрээр хайгаад олдохгүй байгаа бөгөөд, Zangia.mn сайт дээр байршуулсан компанийн тодорхойлолт хэсгээр дээрх монгол нэршлийг олж тогтоож буй.

Энэ компани өмнө нь ямар ч тендерт оролцож байсан түүхгүй.


Улмаар уурхай дээр биш, 12.3 км-ын зайд барьж, дахин 300 гаруй тэрбум төгрөгөөр конвейер байгуулах шаардлагатай болсон асуудал хэн шийдвэр гаргасан нь төдийлөн тодорхой биш гэдэг нь харагдаж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн өөрийн өртөг 900 гаруй тэрбум төгрөг юм. Иймд түүний гуравны нэгтэй дүйцэх дүнгээр конвейер барьж байна.

Конвейерийн тендер зарлах үед ЭТТ ХК нь Засгийн газраас томилсон БЭТ-өөр удирдуулж байсан. Энэ нь Сангийн яамны ТНБД Ж.Ганбат юм. Харин тендер шалгаруулсны дараа, 2024 оны тавдугаар сард нь Х.Мөнхжаргалыг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон, одоо хүртэл ажлаа хийж байна.

Энэ бол "Нүүрсний хулгай" гэх хэрэг сөхөгдөн, УИХ дээр нээлттэй сонсгол хийж бужигнасны дараа өрнөсөн, ихээхэн хяналттай гэж итгэх үйл явцууд. Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн, УУХҮ-ийн сайдаар Ж.Ганбаатар ажиллаж байв.

"Норинко"-гийн тендер нэг хэрэг, байршил баталсан нь бас тусдаа явдал. Харин үнэхээр уурхай дээр үйлдвэр байгуулах техникийн боломжгүй байсан уу? Үгүй бол, энэ нь дахин конвейер барих нөхцөл үүсгэхийн тулд хийгдсэн ашиг сонирхол бүхий ажил уу? Тэгвэл үүнд байршил баталсан гурван яамдын ТНБД-ын дарга, хожим БНХАУ-ын "Шиньжяны нүүрсний зураг төсөл судалгааны хүрээлэн” ХХК-ийг шалгаруулсан шийдвэр зэрэг холбоотой юу? зэрэг асуулт сөхөгдөж байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 сар 18, 2025 08:32

Монгол гэдэг үг хулгай монгол хүн гэдэг хулгайч монгол орон бол ямарч эзэнгүй асар их баялаг болж хувирсан.

зариг
зариг
8 сар 18, 2025 10:24

сэтгүүлч Сансармаа маань маш чух�##� том луйврын сэжүүрийг гаргаж ирж сайн ажиллаж байна. Амжилт хүсьеееее

Холбоотой мэдээ

Back to top button