С.Амарсайхан: Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь аймгуудад өвөлжилт хүндрэх эрсдэлтэй

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болж байна. УОК-ийн авч хэрэгжүүлж буй бэлтгэл ажлын талаар Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Тэрбээр, "Долоодугаар сард гангийн үнэлгээг эхний байдлаар гаргасан. Энэ үнэлгээгээр 330 гаруй сумын 220 гаруй нь өндөр хуурайшилттай буюу гантай байна. Ургамлын гарц тааруу, малын тарга тэвээрэг тааруу, өвөлжилт хүндрэлтэй болох нь ээ. Тухайлбал, Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Дорноговь аймгууд их эрсдэлтэй гэж гарсан. Увс, Завхан, Архангай, Баянхонгор, Төв, Дундговь, Дархан, Сэлэнгэ, Хэнтий зэрэг аймгууд дунд түүнээс дээш эрсдэлтэй. Булган, Хөвсгөл, Орхон аймгууд харьцангуй гайгүй. Гэхдээ эрсдэлүүд байна.
60-70 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэлтэй гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Аймаг, орон нутгийн штабуудад дүгнэлтээ хүргүүлсэн. УОК-ийн хуралдаанаар тодорхой үүрэг даалгавар өгсөн. Өвс тэжээлийн бэлтгэл хангах, бусад аймгуудаас хадлангаа хангах. Мах бэлтгэл, малын тэжээл үйлдвэрлэлийн чиглэлд анхаарах. Малын тоо толгойг сайтар тооцож, зүй бусаар хоргодохоос урьдчилан сэргийлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах. Отор нүүдлийн бүс нутгийн тооцоо судалгааг хийх, бэлчээрийн маргаан мэтгэлцээн гаргахгүй байх. Зудын эрсдэлийг олон нийтэд хүргэх давтамжийг нэмэгдүүлэх.
Мөн нийслэлийн айл өрхүүдийн түлш, түлээний нөөцийг нэмэгдүүлэх. Дизель түлш, бензин шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Татан авалтыг аж ахуй нэгжүүдтэй хамтран хийх. Бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагатай" хэмээлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Dornod Sukhbaatar aimaguudad ymar baigaa ym bol doo!