НИЙГЭМ

49 жилийн туршид 152 удаа цусаа өгч, 456 хүний амь аварсан Г.Мижиддорж

Бусдад 152 удаа цусаа бэлэглэж 456 хүний амь насыг аварсан Г.Мижиддоржтой цөөн хором ярилцлаа.

"Би 1961 онд Увс аймагт мэндэлсэн. Өдгөө 64 настай. 1976 оноос хойш тасралтгүй 49 жил цусаа бусдад бэлэглэсэн. Энэ хугацаанд нийтдээ 152 удаа цусаа өгсөн байсан шүү. Анх миний цусаар хүмүүсийн амь аврагдаж болно гэдгийг анх дуулаад эргэлзэлгүй донор болох шийдвэрийг гаргаж байсан. Сүүлд сонсоход миний ойр тойрны найз нөхөд, гэр бүлийнхэн ч миний цусаар мэнд үлдэж байсан юм билээ. Сайхан л санагдсан"

-Та хэддүгээр бүлгийн цустай вэ. Нэг удаадаа хэчнээн хэмжээний цус хандивладаг вэ?

-Би гуравдугаар бүлгийн цустай. Хамгийн түгээмэл цусны бүлэгт тооцогддог юм билээ. Эхэндээ 150 граммыг өгч, дараа нь нэг удаадаа 450 гр цус өгдөг болсон.

-49 жилийн туршид тасралтгүй цусаа өгсөн гэхээр ойролцоогоор хэчнээн литрийг хандивласан гэсэн үг вэ?

-Өнгөрсөн хугацаанд хандивласан нийт цусны хэмжээ ойролцоогоор 88 литр болж байх шиг.

-Цусны донор болсон цагаас хойш бие махбод болон сэтгэл зүйд тань ямар эерэг өөрчлөлт гарсан бэ?

-Бие махбод хөнгөн байдаг. Түүнээс гадна байнга шинжилгээнд хамрагддаг болохоор одоо өвдөөд байдаггүй. Мөн хүний амь аварч байгаа болохоор сэтгэл санаа сайхан байдаг.

-Сүүлийн үед залуучууд идэвхтэй цусны донор болдог болсон байна?

-Намайг анх цусны донор болж байхад хүмүүс цусны донор болох талаар мэдээлэл тун бага байлаа. Цусаа өгвөл цусгүй болчихно гэх мэтчилэн олон шалтгааны улмаас залуучууд цусаа өгдөггүй байсан. Би ч хангалттай сайн мэддэггүй мөртлөө донор болж байлаа шүү дээ. Харин орчин үеийн залуус цусны донорын талаар мэдлэг өндөртэй, цусаа ч сайн өгдөг болж байгааг нь хараад үнэхээр бахархаж байна.

-Гэр бүл тань анх цусны донор болж байхад тань яаж хүлээж авч байсан бэ. Танай гэр бүлд өөр цусны донор хүн бий юу?

-Хүний амь насыг аварч байна гэдэг нэг бодлын гавьяа шүү дээ. Тийм болохоор ч тэр үү гэр бүлийнхэн маань дургүйцэж байсан удаагүй. Харин надаас өөр цусны донор манай гэр бүлд байдаггүй юм.

-"Алтан донор" цолоо хэзээ хүртсэн бэ, тус шагналыг хүртэхэд ямар мэдрэмж төрөв?

-Сая зургаан сарын 14-ний өдөр Алтан донор гэх эрхэм цолыг хүртсэн. Сайхан санагддаг юм билээ. Ямар ч арын хаалгагүй, мөн эрүүл амьдарсны минь баталгаа энэ байв. Гэхдээ зөвхөн тэмдэг, батламж л өгсөн л дөө. Өөр зүйлгүй.

-Таныг өнгөрсөн долоон сард хамгийн сүүлийн удаа цусаа хандивласан гэж дуулсан.

-Тийм ээ. Нас өндөр болсон учир дахин цусны донор болох боломжгүй болсон л доо. Учир нь өндөр настай хүмүүсийн зүрх судас, бөөр, элэг зэрэг эрхтнүүдийн үйл ажиллагаа аажмаар сулардаг, цусны эргэлтийн тогтолцоо өмнөх шигээ тэсвэртэй биш болдог. Тиймээс донорын болон хандивлагдсан цусаар мэнд үлдэх хүмүүсийн эрүүл мэндийн төлөө ийм зохицуулалттай байдаг юм билээ. Гэхдээ өөрийн биеэ эрүүл байлгах эрхэм үүргийг биелүүлж бусдад амь бэлэглэхийг цаашид уриалж явах болно. Энэ нь үлдсэн насандаа биелүүлж явах том үүрэг минь.

-Ярилцсанд баярлалаа.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
8 сар 22, 2025 08:16

ӨВГӨНД МӨНГӨ ӨГӨӨЧЭЭ МОНГОЛЫН ТӨР

Холбоотой мэдээ

Back to top button