"Оскар"-т Монголыг төлөөлж оролцох бүтээлийг сонгон шалгаруулах бүртгэл эхэллээ

Оскарын кино наадамд Монгол Улсын төлөөлөн оролцох бүтээлийг сонгон шалгаруулахаар бүртгэл эхлүүлжээ.
Тодруулбал, энэ талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас дараах зарыг хүргүүлсэн байна. Үүнд:
Америкийн Кино Академиас (Academy of Motion Picture Arts and Sciences – AMPAS) зохион байгуулдаг “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлийг сонгон шалгаруулах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Кино урлагийн зөвлөлийн ажиллах журмын 2.10.7 дахь заалтын хүрээнд “Академи Авардс”-д бүтээл нэр дэвшүүлэх эрхийг Монгол Улсын кино урлагийн салбарыг төлөөлөн Кино Урлагийн Зөвлөл эзэмшдэг. Тус эрхийн дагуу “Олон улсын шилдэг кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад бүтээл нэр дэвшүүлэх Үндэсний Сонгон Шалгаруулах Хороо (National Selection Committee)-г байгуулан ажиллаж байна.
“Академи Авардс” буюу 98 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо зохион байгуулагдах бөгөөд Үндэсний Сонгон Шалгаруулах Хороо нь 2024-2025 онд бүтээгдсэн Монгол кино бүтээлийг сонгон шалгаруулах гэж байна" хэмээжээ.
Бүтээлд тавигдах шаардлагад:
- Монгол Улсад 2024 оны 10 сарын 01-нээс 2025 оны 9 сарын 30-ны хооронд ашгийн зорилгоор 7 хоногоос багагүй хугацаанд кино театрт толилуулагдсан байх /Кино наадмын үзвэр хамаарахгүй/
- Бүтээл нь АНУ-ын нутаг дэвсгэрээс өөр улсад бүтээгдсэн бөгөөд үргэлжлэх хугацаа 40 минутаас дээш байх
- Бүтээл нь АНУ-д нээлтээ хийгээгүй байж болно.
- Бүтээлийн харилцан ярианы ихэнх хэсэг (50%-аас дээш) Англи хэлээс өөр хэл дээр бүтээгдсэн байх
- Бүтээлийн бүтэх үйл явцад (продакшн багт) Монгол уран бүтээлчид голлох үүрэгтэйгээр оролцсон байх
- Бүтээл нь Кино театрын үзвэрийн өмнө эсвэл тухайн үед дараах хэлбэрээр олон нийтэд хүрээгүй байх. Үүнд: Өргөн нэвтрүүлгийн суваг болон кабелийн суваг, IPTV, PPV/VOD үйлчилгээ, DVD болон стрийминг платформ, Нислэгийн үзвэр гэх мэт хэмээн заасан байна.
Бүтээл хүлээн авах хугацаа 2025 оны 9 дүгээр сарын 22-ныг хүртэл аж.

Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.