Ж.Хумбаа: Баяд биелгээг өвлөн уламжлуулахад 74 жилийг зориулж, 400 шавь төрүүлсэн. 84 насны минь гавьяа энэ

Баяд угсаатны биелгээг өвлөн уламжлагч, Увс аймгийн Малчин сумын харьяат, ардын авьяастан Ж.Хумбаатай "Нүүдэлчин" дэлхийн фестивалийн үеэр уулзаж, ярилцлаа.
Өдгөө 84 настай энэ буурай хуурын аялгуунд хөнгөн биелж, "биед өвдөх зүйлгүй. Энэ нь миний бий биелж, мал аж ахуйн хөдөлмөрийг тасралтгүй хийж явсантай минь холбоотой" хэмээн хуучиллаа.
Түүний хувьд 1959 оноос эхлэн сум орон нутагтаа нэгдлийн малчин, сургуулийн тогооч, эмнэлгийн асрагч, зочид буудлын үйлчлэгч зэрэг ажил хийж улс орондоо 30 гаруй жил хөдөлмөрлөж, гавьяаныхаа амралтад гарсан.
Тэрбээр Улаанбаатар хотноо зохиогдсон “Алтан тулга” ардын урлагийн их наадам /1980, 1981/, Ардын язгуур урлагийн улсын 1, 2-р үзлэг /1983, 1988/, Олон улсын кино наадам /1989/, Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан Ардын урлагийн их наадам /2001/, ЮНЕСКО-гийн Монголын морин хуур хөгжмийн уламжлалт урлагийг хамгаалах наадам /2007/, язгуур урлагийн “Ойрад түмэн” наадам /2016/, “Нүүдэлчин Монгол-2018” соёлын наадам зэрэг улсын болон олон улсын чанартай наадамд тус тус оролцож, алтан тулга, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, Язгуур урлагийн уламжлалт арга барил, дэг сургууль, намба төрхийг төгс эзэмшсэн “Өвлөн уламжлагч”, Монгол Улсын шилдэг “Өв тээгч” медаль, ЮНЕСКО-гийн “Хүндэт өргөмжлөл”-өөр тус тус шагнагдаж байжээ. 1990 онд БНХАУ, 2002 онд ОХУ-ын Тува улсад аялан тоглолт хийсэн билээ.
-Нас өндөр болсон тул "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестивальд дахин оролцохгүй ч байж мэднэ-

"Би Увс аймгийн Малчин сумын харьяат хүн. 1983 оноос хойш язгуур урлаг тэр дундаа баяд ардын биелгээг өвлөн уламжилж, үр хүүхдүүдээ сурган хүмүүжүүлж ирсэн дээ. Харин бий биелгээ, ихэлийн татлагыг 10 настайгаасаа эхлэн аав, ээжээсээ сурсан. Энэ жил 84 нас хүрлээ. "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль 2025 миний хувьд хамгийн сүүлийнх нь болж байх шиг байна. Нас өндөр болсон тул дахин оролцохгүй ч байж мэднэ"
-Таныг Увс аймгийн, тэр дундаа Баяд угсаатны бүлгийн язгуур урлагт томоохон байр суурь эзлэх авьяастан гэж дуулсан. Шавь нар нь ч хэдэн зуугаараа тоологддог юм билээ. Одоо хүүхдүүдэд биелгээ зааж буй болов уу
-42 жил гэдэг бага тоо биш. Нэг насныхаа талыг язгуур урлагт зориулсан гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Сүүлд тоолж үзэхэд 400 орчим шавьтай болсон байна билээ. Хэзээнээсээ л намар, өвөл, хаврын улиралд хүүхдүүдэд хичээл дээр нь очиж заах бол зундаа өөрийн гэртээ давтлага хэлбэрээр биелгээгээ сургадаг байлаа. Одоо нэг их хүүхдэд биелгээ заахаа больсон. Нас өндөр болсон учир чанартай ганц, хоёрхон хүүхэд авч бэлдээд л явж байна.
-Угсаатан бүхэн өөрсдийн ёс уламжлал, ахуй байдлыг шингээсэн биелгээтэй байдаг шүү дээ. Тэгвэл Баяд угсаатны бүлгийн хувьд бусдаасаа юугаараа ялгаатай вэ?
-Манай Увс аймаг бол олон ястны өлгий , уул усны диваажин нутаг шүү дээ. Бусад аймаг, сумдын хүмүүс харахад Увс гэж нэгэн бүхэл харагдах боловч олон угсаатны бүлгээс тогтдог юм. Нэг модны олон салаа шиг гэх үү дээ.
Тэр дундаа манай Малчин суманд голцуу Баяд угсаатны бүлэг амьдран суудаг. Хөдөлмөрч, хичээнгүй, мал ахуй, цагаан идээ боловсруулахдаа гарамгай улс байдаг даа. Тийм ч болохоор угсаатны бүлгийнхээ онцлогийг хадгалсан бие биелгээ, бүжиг наадгайтай. Биелгээг нь голчлон тайлбарлая гэж бодож байна. Баяд биелгээ бусад угсаатны бүлгийнхээс ялгаатай нь тун тогтуун хөдөлгөөнтэйгөөрөө ялгаатай. Ингэхдээ хөл тэгш бөгөөд хагас суулттай, хормой чичрэхгүй биелдэг дүрэмтэй. Бас нэг онцлог нь биелж байх үедээ гар толгой хоёр зэрэг хаялна. Ингэж чадаагүй тохиолдолд баяд биелгээ хийж байна гэж хэлэх боломжгүй. Энэ ч утгаараа хатуу журамтай гэж хэлэгддэг байж мэднэ.
-"Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль үргэлжилж байна. Та энэхүү наадамд хэдэн удаа ирж байв. Таны харж байгаагаар энэ жилийн наадам ямар онцлогтой болж байна вэ?
-Нүүдэлчин фестиваль жил ирэх тусам л өргөжин тэлж байгааг харахад сайхан байна. Анх энэхүү наадам зохион байгуулагдаж байхад аймгаа төлөөлөн ирсэн зургаан хүний нэг байлаа. Тэр үеийнхтэй харьцуулахад үзэгч олон болоод оролцогчид маш олширсон байгааг харахад сайхан байна. Миний хувьд жил бүр ирсээр байгаад өөрийгөө сойдог морь шиг болжээ. Наадмын өдөр ойртох тусам нойр багадаж, догдлох мэдрэмж нэмэгдэх шиг.
Өнгөрсөн шөнө л гэхэд хэд хэд өндийж тэнгэр хангайг ажиглав. Хур бороо багатайхан байлгаж өгөөрэй л гэж залбирч хонолоо. Тэгтэл өнөөдрийн цаг агаар харьцангуй тогтвортой, нэг их хурц наргүй, сэрүүн тунгалаг өдөр боллоо шүү дээ.
-Уламжлалыг устгаж, гаднын урсгалтай хольж болохгүй-

-Таны энгэрт төрийн дээд одон медалиуд харагдаж байна.
-42 жил урлагт зүтгэсэн намайг төр засаг өндрөөр үнэлсэн. Тийм ч учраас надад олон одон медаль бий. Хамгийн сүүлд хүртсэн болон хамгийн үнэ цэнтэй гэж бодсон гурвыгаа л зүүгээд ирсэн. Соёлын тэргүүний ажилтан, Алтан гадас, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.
Хамгийн сүүлд буюу жилийн өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоо хүртсэн. Хэн бүр хүртээд байдаггүй том шагнал шүү дээ. Миний энэ насны гавьяа л энэ гэж бодож амьдардаг даа.
-Баяд биелгээний талаар ярилаа шүү дээ. Тэгвэл Монгол биелгээний гол онцлогийг та хэрхэн тайлбарлах вэ?
-Монгол ухааныг биелгээнд тусгах, Монгол хөгжим, зэмсэг, ая дан дуугарч байх шаардлагатай. Үүнээс гадна үндэстэн угсаатны хувцас, эдлэлийг өмсөх, тухайн угсаатныхаа бүжиг, биелгээний намба донжийг хадгалах нь зүйтэй. Мөн хөдөлгөөний утга, бэлгэдлийг өөрөө сайн ойлгож, түүнийгээ зөв илэрхийлэх хэрэгтэй. Дээр дурдсан бүхэн бүрэлдэж байж л монгол бүжиг, монгол биелгээ болно.
Монгол соёлд бий биелгээ өөрийн гэсэн орон зайтай, нандин өв. Нэг их үсэрч, дэвхцээд байвал тэр биелгээ биш. Доороо л биелдэг. Эсвэл хоорондоо байраа солих маягтай. Энэ бол орон зайн сэтгэлгээ, уламжлал.
Үүнээс гадна уламжлалаа заавал хэн нэгэнд дамжуул. Энэ бол монгол хүний үүрэг. Гэхдээ биелгээний сургалт явуулж байгаа хүмүүс сайн анхаарахгүй бол буруу зөрүү хийгээд байна. Дөрвөдийн биелгээг захчингийнхтай холиод, ая дан, татлага, хувцсыг нь андуурдаг тохиолдол бишгүй. Үүнд анхаарах хэрэгтэй.
-Биелгээ гэхээр ихэвчлэн настай хүмүүс бүжиглэдэг гэж ойлгодог хүн цөөнгүй. Үүнийг өвлөн уламжилсан хүмүүс нь манайд голдуу өндөр настай байгаа учраас ингэж ойлгодог юм болов уу?
-Хэсэг хугацаанд, ялангуяа сүүлийн 30 жил монголчууд эдийн засгийн хямралд байлаа. Тиймээс биелгээг үр хүүхдэдээ өвлүүлэх нь багассан. Одоо бол харьцангуй өөрчлөгдлөө. Гэхдээ л өв тээгчид өөрсдөө л биелээд байна. Залуучууд орчин үеийн урлаг, урсгалуудыг илүү сонирхож, уламжлалаа нэг их тоохгүй байх шиг. Яагаад гэвэл нэг угсаатны нэг биелгээ нь 1-3-хан хөдөлгөөнтэй. Түүнийгээ л давтаад байдаг. Тийм учраас өнөөгийн залуусын сонирхлыг татдаггүй байж мэдэх юм.
Угтаа тухайн өвийг жинхэнэ утгаар нь уламжилж аваад, сонирхлынхоо дагуу хөгжүүлж болно. Гэхдээ уламжлалыг устгаж, гаднын урсгалтай хольж болохгүй. Үндсэн намбыг нь алдагдуулалгүйгээр, хөгжмийн хэм хэмнэлийг жаахан өөрчилж, хөдөлгөөнүүдийн давтамжийг нэмж болно гэж хардаг даа.
-Ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан хүн байна урт наслаарай
Их мундаг хүн юм. Буян нь үр хүүхдүүдэд нь бороо шиг асгарах болтугай
Сайхан хүн байна. 84 настай хүн бүжиглэж байна шүү дээ
Хөөх, мундаг байна энэ хүн