Украины дрон Курск дахь Оросын цөмийн цахилгаан станцад халджээ

Оросын баруун хэсгийн Курскийн бүсэд байрлах цөмийн цахилгаан станцад гарсан галыг унтраасан бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах хүчнүүд Украины нэгэн дроныг буудсан гэж Оросын албаныхан мэдээллээ.
Дрон унахдаа тэсэрч, трансформатор гэмтээсэн ч цацрагийн түвшин хэвийн байсан бөгөөд ямар нэгэн хүний амь нас хохироогүй гэж уг станцын Telegram хуудсанд бичжээ.
Энэ үйл явдал нь Украины тусгаар тогтнолын баярын өдөртэй давхацсан байна. Тус улс 1991 онд Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтнолоо зарлаж байсан юм.
НҮБ-ын Олон улсын атомын энергийн агентлаг (IAEA) Орос, Украин хоёуланг цөмийн байгууламжийн ойролцоо дээд зэргийн хянуур байхыг байнга сануулсаар ирсэн.
Украины зүгээс Курскийн бүс дэх цөмийн байгууламжтай холбоотой Оросын буруутгалд ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнгөрсөн онд Украины цэргүүд Оросын эсрэг цэргийн эсрэг гэнэтийн давшилтын үеэр уг бүс нутагт түр хугацаанд нэвтэрч байсан юм.
Их Британийн Засгийн газар Украины тусгаар тогтнолын ойг тэмдэглэн даваа гарагт Даунинг-стритийн дээр Украины далбааг мандуулна гэж мэдэгдлээ.
Британий Батлан хамгаалахын сайд Жон Хили хэлэхдээ, “Энэ өдөр бол Украины ард түмний эрх чөлөө, ардчиллын онцгой өдөр учраас Их Британи Украиныг дэмжих хүчин чармайлтаа улам нэмэгдүүлсээр байна” гэв.
Интерфлекс ажиллагааг Их Британийн Батлан хамгаалах яамныхан 2026 онд ч үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь Зэвсэгт хүчний сургалтын хөтөлбөр. Украины шинэ элсэгчдийг Оросын түрэмгийлэгчидтэй тэмцэхэд бэлтгэх зорилготойгоор хэрэгжүүлж буй тусгай нэршилтэй ажиллагаа юм.
Бямба гарагт Оросын тал өөрийн хүчнүүд Украины зүүн хэсгийн Донецкийн бүс нутагт байрлах хоёр тосгоныг эзэлсэн гэж мэдэгдэв.
Оросын цэргүүд зүүн Украинд маш удаан бөгөөд ихээхэн хохиролтойгоор урагшилж, одоогоор Украины газар нутгийн ойролцоогоор 20 хувийг хяналтдаа аваад байна. Энэ сард дайны асуудлаар эрчимтэй дипломат уулзалтууд өрнөж байгаа бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар наймдугаар сарын 15-нд Аляскад уулзсан юм.
Тус дээд хэмжээний уулзалтыг Украины энх тайвныг тогтоох чухал алхам гэж тодорхойлж байсан. Гэвч хоёр тал хэлэлцээг амжилттай боллоо гэж мэдэгдсэн ч, түүнээс хойш Трамп Орос, Украины хооронд энхийн гэрээ байгуулагдахгүй байгаа асуудалд улам ил тод бухимдал илэрхийлсээр буй.
Эх сурвалж: ВВС
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросууд Украины Запорожийн атомын цахилгаан станцыг барьца�##�ж байгаагаа боль тэгэхгүй бол Украинчууд Курскийн атомын цахилгаан станцыг адилхан барьца�##�ах хэрэгтэй