НИЙГЭМ

Тэнгэр шинжээч Д.Аюурзана: Мичид, сар хоёр дундаа тохиовол өнтэй өвөл болдог, энэ жил алаг цоог л байх нь

“Нүүдэлчин” соёлын наадам Тайж хайрхны бэлд гурван өдөр болж өндөрлөлөө. Тус наадамд Завхан аймгийн Их-Уул сумын уугуул, аймгийн аварга малчин, тэнгэр шинжээч Дэндэвийн Аюурзана дөрвөн жил дараалан оролцож байна. Түүнтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

-Сайн явж ирэв үү, сайхан зусаж байна уу. “Нүүдэлчин” наадамд хэд дэх жилдээ ирж байна вэ?

-Сайн явж ирлээ. Сайхан зусацгааж байна уу. Нүүдэлчин наадамд дөрөв дэх жилдээ ирж байна.

-Тэнгэр шинжих уламжлал, арга ухаанд хэдийнээс суралцаж, судалж эхэлж байв, та. Сонирхолтой, нарийн зүйл их санагддаг?

-Мал малласан цагаасаа л эхэлсэн дээ. Хөдөө мал, ахуйгаа дагаж өсөж торниод, 1967 онд гурван жилийн цэргийн албанд татагдсан. Халагдаж ирээд өдийг хүртэл малаа маллаж байна. Эл галтай, эсгий гэрт төрсөн монголчуудын хувьд мал маллах арга ухаан байгаль, цаг агаартайгаа салшгүй холбоотой. Тиймээс одон орон, байгаль цаг агаараа байнга ажиглаж байдаг. Өвөг дээдсээсээ үүх түүх нь ч ийм юм. Малчин хүн маргааш цаг уурын байдал ямар байхаас хамаарч, түүндээ тохируулж малаа маллана шүү дээ. Мал гэдэг чинь хүний арга ажиллагаа, хариулга сайн л бол өсөж, торниж байдаг.

Арга ухааны хувьд хавар тарга хүчийг нь сайн авхуулаад, зундаа улам нэмээд, намар сайхан тогтоогоод, өвөл бэлчээр, ус ундыг нь тохируулаад зөв зүйтэй маллаж чадвал алзахгүй.  Мөн малчин хүн од, гараг эрхсийнхээ тохиолыг сайн ажиглаж чадвал эрсдэл, хорогдол бага байх талтай.

Тухайлбал, мичид гэдэг од сар бүр тохиодог. Энэ од намрын эхэн сарын 21-нд эхэлж тохионо. Сар болгон тохиосоор зуны эхэн могой сарын шинийн гурванд байхгүй болдог. Мичид гэж дээрээ их бөөн од байдаг, бараг бүх хүн мэдэх байх.

Энэ одны тохиолоор тухайн сарын цаг агаар ямар байхыг шинждэг. Цаашлаад намрын адаг сарын шинийн есөнд, өвлийн зул сарын шинийн 15-ны өдөр од, сараа сайн шинжиж хараад тэр өвөл ямар болохыг голчлон шинждэг. Тэр үед тэнгэр сайхан цэлмэг, тогтуухан байвал налгар сайхан өвөл болдог. Мөн мичид, сар хоёр дундаа тохиовол өнтэй өвөл болно, тэр сардаа сайхан байна гэсэн үг. Хамгийн найдвартай нь энэ байгаа юм. Бусдаар мичдээ тойроод тохиох юм бол онцгүй, хатуудуу л байдаг.

Нэмээд шинийн хоёрны сар босоо хурц байвал жаахан ханиад томуутай, хур багатай, хүйтэвтэр байх нь ээ гэж шинжинэ. Харин хойшоогоо гэдгэрдүү байвал энэ сар цас их орох нь гэж шинждэг. Хэрэв бүдүүвтэр хэр нь босоо, хэвтээ биш байвал дажгүй аль, аль нь тэнцүүхэн сайхан байна гэж үздэг. Сар ойрхон хүрээлсэн байвал тэнгэр заавал муудна. Хүйтэн шуургатай байх нь уу, цас их орох нь уу аль нэг нь болдог. Бас амьтны байр байдлаар шинждэг уламжлал ч бий. Жишээлбэл буга дуудна гэж ярьдаг. Уул хярлаж дуугарвал жаахан цастай өвөл болно. Намар доор дуугарвал бас ч гэж гайгүй өвөл болох нь гэдэг. Тарвага ичээгээ бүтэн түлхвэл сайхан өвөл, дунд түлхвэл цас ахиу орно. Оготно хөеөгөө өндөр хураасан байна, цас их орох нь. Дээр нь юм тавьсан байвал шуургатай, хэцүү өвөл болно. Бүр далд нүхэнд хураасан бол их хатуу өвөл болно гэх зэргээр амьтдаар дамжуулан шинждэг тохиолдлууд зөндөө бий л дээ.

-Танай нутаг Завхан тийш нэрс их ургадаг. Энэ жимс их гарвал зуд болно гэж ярьдаг билүү, өн болдог гэдэг билүү?

-Тосон жимс гарахаар л өн болно гэдэг. Усан жимс гарсан байвал зудархуу, хатуу өвөл болно гэлцдэг. Самар их гарвал гайгүй өвөл болно гэдэг. Иймэрхүү зүйлүүд их ярьцгаадаг.

-Сар, од мичдийн тохиол, хангай, тал хээрийн амьтны байр байдал, ургамлын гарц зэргээр тэнгэрийг шинжиж болдог байна. Нэмээд бог, бод малын байр байдлаар шинжих тохиолдол ч бий шүү дээ?

-Байлгүй яах вэ. Ялангуяа шинийн нэгний өглөө хардаг шүү дээ. Нар гарах зүгт тогтуун хэвтэж байвал налгар сайхан өвөл болох нь. Жаахан цас, шуургатай хонь босоо байвал хүйтэн, хатуувтар өвөл болж мэдэх нь гэж шинждэг. Гэхдээ тэрийг энэ эрсдэлтэй үед баталгаатай гэж баримтлах нь бага болчхоод байгаа. Од, мичид л голцуу.

Бас болоогүй намрын адаг сарын шинийн есөнд тэнгэрийн заадас алга болдог. Үүнээс хойш долоо хоногийн дараа гарч ирвэл өнтэй өвөл болно. Долоогоос олон хоногийн дараа гарч ирвэл хатуу өвөл болно гэж шинждэг. Тэнгэрийн заадас, хар нохойн ам гэж янз бүрийн юм яриад байдаг даа. Тэр чинь нар буруу эргэдэг талтай. Тиймээс жаахан тааруу нэр өгөөд байгаа юм.

-"Тод магнай" кинон дээр гардаг шиг үүл шинжих тохиолдол бий юу. Хэр барагцаатай бол?

-Миний хувьд хурдан морь уядаггүй, ойр биш учраас энэ талаар баталгаатай зүйл ярьдаггүй. Зүгээр уяачдын ам дамжсан ярианаас үзвэл наадмын өглөө бараан үүл гарвал бараан зүсмийн морь түрүүлэх нь. Цагаан үүл гарвал цайвар зүсмийн адуу түрүүлж ирэх нь ээ гэж ярьдаг.

-Нар шингэх үеэр тэнгэрийн хаяа улайвал маргааш дулаан өдөр болох нь. Цаг агаар дулаарна гэж ярьдаг шүү дээ. Ер нь тэнгэрийн хаяагаар шинжих тохиолдол элбэг үү?

-Тэнгэрийн хаяа хэт айхтар улайж нар шингээд, тоосроод байвал өвөл тийшээ их хүйтрэхийн шинж л дээ. Сайн юм биш. Харин зун, намартаа будан их татвал хүйтэн нь бага өвөл болдог. Өмнө хэсэгт мичдээ ярьчихлаа. Одоо лагсар гэж одыг ярихгүй өнгөрч болохгүй. Одоогийн хэллэгээр хар од гэж ярина. Зүүн урд зүгт бий. Хаврын адаг сарын шинийн 25-нд тохионо. Энэ од бүх жилийг даадаг. Сартай тохиох бөгөөд наанадаж 24-нд, цаанадаж 26-нд тохионо. Дүрсэлбэл долоон бурхан буруу харсан юм шиг тахир од бий. Ерөнхийд нь хэлбэл шуу, алган дундаа тохиовол сайн. Хуруу сарвуун дээр тохиовол тааруу. Энэ бол маш нарийн зүйл. Өнөө жилийн хувьд доошоогоо буюу гарын шуу руугаа тохиосон. Бас ч гэж гайгүй, алаг цоог өвөл болох болов уу. Би жил бүр энэ одны тохиолыг хардаг юм.

-Өнгөрсөн өвөл хавар болоогүй байхад яргуй цухуйгаад эхэллээ. Эрт дулаарах нь гэдэг зүйл их яригдсан. Та сонссон болов уу, хэр ортой бол. Ийм тохиолдол та үзэж, сонсож байв уу?

-Сонссон, худлаа дам яриа болов уу гэж бодогдсон. Тийм эрт яргуй гарна гэдэг дулааны нигуур улам наашилж байна гэсэн үг, сайны дохио лав биш. Гэхдээ тийм зүйл болоогүй байх. Сонирхуулаад ярихад корона гардаг жилийн өвөл шинийн гуравны сар салаа гарсан. Хүмүүс над руу утасдаж их суусан. Ийм тохиолдол цөөхөн л дөө. Тухайн үед нүдээр харахад зүгээр л юм шиг харагдсан. Дурангаар хартал нээрэн салаа гарсан байсан. Өөрөөр хэлбэл муугийн дохио. Тэгээд удалгүй тэр өвчин гарсан.

Уржнан жил хоёр одтой сар тохиосон учраас их хүнд өвөл болсон. Намар нь маш их цас ороод, улс даяар хэцүүдсэн шүү. Тэрийг бол би баталж байна. Хүндээ ирээгүй, малдаа ирээд өнгөрлөө дөө гэж ярьдаг юм, одоо. Өөрөөр хэлбэл байдаг сар мичид бүгд байгаад тохиосон байхад дахиад нэг одтой тохионо гэж бараг л байдаггүй. Гэтэл тэр жил давхар одтой тохиогоод сүйд хийсэн.

-Сүүлийн жилүүдэд газрын гарц их тачирхан болжээ. Зун сайхан болохоо байжээ гэж ярьдаг болсон байна. Шалтгаан нөхцөл нь таны бодлоор юу байж болох вэ, малын тоотой холбоотой байна уу. Эсвэл байгаль дэлхий, цаг уурын байдал өөрчлөгдөөд байна уу?

-Аль аль нь л байх. Нэгдүгээрт цөлжилт үүсэж байгаа үед малыг хэт олон болгодог нь жаахан тиймэрхүү. Хоёрдугаарт, ноолуураас болж ямаа их өсдөг. Алсын бодлого л байлгүй. Ямаа үндэс их ухдаг учраас тоо толгой олон болохын хэрээр нөлөөлж л байгаа. Гэхээр зарим хүн дургүйцдэг. Ер нь байгальдаа тохируулах ёстой юм.

Бид хангай дэлхийдээ эзний ёсоор хандаж, залбирч, хайрлан хамгаалж явах учиртай. Үгүй бол үүнээс ч дордож мэднэ. Сүжиг гэж юм бий шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button