Этгар Керетийн "Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч” ном орчуулагджээ

Тагтаа хэвлэлийн газраас бэсрэг өгүүллэгийн нэрт мастер Этгар Керетийн "Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч" түүврийг эх хэлнээ орчуулан уншигчдадаа хүргэх гэж байна.
Тус номыг Б.Сувддулам орчуулж, ерөнхий редактораар Б.Баясгалан ажиллажээ. Номын зохиолч Этгар Керет 1967 оны наймдугаар сарын 20-нд Рамат-Ган хотод дэлхийн II дайны үед нацистуудын бөөнөөр хорих лагериас амьд гарч чадсан польш хосын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн түүхтэй. Амьдралын түмэн өнгө хийгээд олон далайцтай сэдвийг инээд хоржоон, ёгтлол егөөдөл, уран сэтгэмжээр сүлэн асар бага орон зайд багтааж чаддагаараа алдартай бэсрэг өгүүллэгийн сод туурвилч юм.
Тэрбээр “Бурхан болохыг хүсдэг автобусны жолооч (2004)”, “Сураггүй болсон Киссинжер (2007)”, “Гэнэт хаалга тогшив (2012)”, “Алив, нисээч (2020)”, “Автомат засвар (2025)” зэрэг өгүүллэгийн түүвэр, “Циркчидтэй хамт дутаасан аав (2004)”, “Урт үстэй муужгай хүү (2020)” зэрэг хүүхдийн ном, “Сайнаар дурсах долоон жил (2013)” хэмээх намтар, дурсамжийн ном бичжээ. Мөн өгүүллэгүүдээс нь сэдэвлэсэн богино хэмжээний 60 гаруй кино бий аж.
Түүний бүтээлүүд дэлхийн 48 орны хэлээр орчуулагдан гараад буй бөгөөд The New York Times, Le Monde, The New Yorker, The Guardian, The Paris Review, Zoetrope зэрэг нэр хүндтэй сэтгүүлүүдэд хэвлэгдсэн байдаг. Этгар Керет эдүгээ Тел-Авив хотод эхнэр, хүүгийн хамт амьдарч байгаа юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.