Нийгмийн

Улаанбаатар Принт ХХК- Залуучуудад чиглэсэн брэндүүд дээр төвлөрөн ажиллаж байна

Салбар бүрд дижитал гэх болсон өнөө цагт хэвлэлийн салбарын борлуулалт энэхүү трендээс улбаалан буурсаар байна. Харин Монголын ууган үйлдвэрүүдийн нэг Улаанбаатар Принт ХХК  ажлын байруудаа тогтвортой хадгалах, ажилтнуудаа шинэ шилжилтэд бэлтгэж компанийнхаа дараагийн 30 жилийг бататгах зорилгоор олон талт бизнесийн загварт шилжээд байна.

“Манайх 200 гаруй ажилтантай. Тэдний дунд 20-30 жил тогтвортой ажиллаж буй туршлагатай хүмүүс олон бий” хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал онцлов. Ажилтнуудын тогтвортой ажиллах боломжийг бүрдүүлэхээс гадна компанийнхаа үйл ажиллагааны цар хүрээг тэлж Улаанбаатар Принт ХХК нэрээ олон улсын бизнес харилцаанд дуудахад илүү хялбар болгож UBP хэмээн шинэчлэн тодорхойлжээ.

Ю БИ ПИ ХХК-ийн хамгийн өндөр танигдсан брэнд мэдээж сурагчийн дэвтэр байдаг. Тус компани сурагчийн дэвтэр нь дотоодын зах зээлийн 95 хувийг дангаар бүрдүүлдэг. Ю БИ ПИ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Т. Дөлгөөн “1997 он хүртэл 100 хувь импортын дэвтэр хэрэглэгдэг байсан бол Улаанбаатар Принт анхны Монгол дэвтэр үйлдвэрлэн гаргаж, зах зээлд нийлүүлснээр хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүй өнөөдрийг хүрлээ. Энэ амжилтын гол хүчин зүйл бол чанар. Манайх дэвтрийн цаасаа Японоос импортолдог. Дэвтрийн цаас маш чухал. Хүүхдийн арьстай тогтмол хүрэлцдэг. Манай цаас харшил өгөхгүй, шугамын өнгө бууралттай нь хүүхдийн хараанд ээлтэй мөн өндөр нягтаршилтай тул бэх нэвчихгүй онцлогтой” гэлээ.

Энэ жил л гэхэд улсын хэмжээнд 1,3 сая сурагч сургуулийн босго алхжээ. Тэдний 1,2 сая гаруй нь Ю БИ ПИ ХХК-ийн дэвтэр ашигладаг гэхээр тус компанийн үнэ цэн, чанар зах зээлд хэрхэн танигдсаныг тодорхойлж болохоор. Тэдний зүгээс дотоодын ууган үйлдвэр учраас сурагчдыг чанартай дэвтрээр хангахаас гадна өв соёлоо таниулах зорилгоор соёлын агуулгатай мэдлэг олгох бүтээгдэхүүн хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна. Энэ хүрээнд Монголын Үндэсний Музейтэй хамтран “Үнэт үзмэрийн дээжис” нэртэй цуврал дэвтрийг тусгайлан “Мэдлэгтэй Дэвтэр” брэндийн дор 2025 оны наймдугаар сараас худалдаанд  гаргаад байна. Уг цуврал дэвтрүүдэд музейн сор бүтээлүүдийг хүүхэд, сурагчдад таниулах зорилгоор 10 сор үзмэрийг хавтасны (ковер) зураг болгожээ.

Мөн энэ жилээс Евроазийн стандартын дагуу дэвтрүүдээ хүүхдийн цүнхэнд илүү тохиромжтой хэмжээтэйгээр үйлдвэрлэж эхлээд байна. Ю БИ ПИ компани мөн байгальд ээлтэй цаас нэрээр алдартай Double A брэндийн албан ёсны дистрибьютер юм.

Улаанбаатар Принт нэртэйгээр хэвлэлийн салбартаа төдийгүй монголчууд дундаа танигдсан энэхүү компани бизнесийн чиглэлдээ бүл нэмж Японы нүдний шилний  тэргүүлэгч JINS брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Ийнхүү 2025 оны наймдугаар сарын 18-нд тус брэндийн Монгол дахь албан ёсны дэлгүүрийн Галлериа Улаанбаатар төвд нээсэн.

Түүнчлэн дэлхийн нэр хүндтэй брэндүүдийн Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлж, амьдралын суурь хэрэгцээг хангах, залуучуудад чиглэсэн брэндүүд дээр төвлөрөн ажиллаж байгаагаа Ю БИ ПИ ХХК-ийн Гүйцэтгэх захирал хэллээ. Тэрбээр “Бид дэлхийн брэнд SUBWAY-ийг хариуцан ажиллаж байгаа нь манай үйл ажиллагааны хүрээг бас тэлсэн нэг онцлох зүйл” гэв.  

Э.ТЭРГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button