С.Мөнхбат: “Гацуурт”-ын Л.Чинбат Галуут сумын ИТХ-ын төлөөлөгчтэй хуйвалдсан

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт “Гацуурт” компанийн удирдлагууд хууль зөрчиж байгаль орчинд хохирол учруулсан, хүний эрхийг зөрчсөн гэх талаар малчдын төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус сумын “Үнэгт” хоёрдугаар багийн нутагт "Гацуурт" компани хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэж нутгийн иргэд үзэж байгаа аж.
Энэ тухай “Үнэгт” хоёрдугаар багийн малчин С.Мөнхбат:
"Гацуурт" компани 2006 онд Галуут сумын "Үнэгт" гуравдугаар багийн нутаг "Их тойруу" гэдэг газар 518 га газрын лицензийн эрх авсан. Тухайн газрын булаг шанд, голын ай савд 100 кг алтны нөөцтэй. “Гацуурт” компани анх 2017 онд уул уурхайн үйл ажиллагаагаа эхлүүлж, нутгийн иргэд тухай үед нэгдэн тэмцэж ажлыг зогсоосон боловч, үйл ажиллагаагаа дахин эхлүүлээд байна.
2017 онд эхлүүлсэн ажлын хор уршгаар уурхайн нүхэнд айлуудын мал олноор унаж үхсэн асуудал гарсан. Энэ тухай бид шалгуулахаар АТГ-т удаа дараа гомдол гаргасан ч огт шийдвэрлээгүй. Түүнчлэн “Гацуурт” компанийн Л.Чинбат сумын ИТХ-ийн төлөөлөгч Б.Анхбаяртай хуйвалдаж хууль зөрчсөн. ИТХ-ийн төлөөлөгч Б.Анхбаяр нь 2025 оны 5-р сард Галуут сумын 3-р багийн нутгийг, 2-р багийн нутаг болгосон акт үйлдэж 150 га-гаар газар сунгасан” гэлээ.
Гацуурт компани 2017 онд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулаагүй бөгөөд хуулиараа багийн иргэдийн нийтийн хурлаас санал авалгүйгээр уул уурхайн үйл ажиллагаа явуулсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох заалттай.
Түүнчлэн нутгийн иргэд тухайн үед цагдаагийн байгууллагад хандсан ч хэргийг шийдээгүйгээс шалтгаалан тус компани үйл ажиллагаагаа дахин эхлүүлжээ.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, хайгуулын нөхөн төлбөрийг олгож лицензийг хүчингүй болгох, Засгийн Газраас экологийн тэнцвэр алдагдуулахгүй өөр газар зөвшөөрөл өгөх зэрэг шийдэл бий.
Галуут сумын "Үнэгт" багийн малчин Л.Хүрэлчулуун хэлэхдээ "Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж малчдын төлөөллийг хүлээн авч уулзахын хүсэж байна. Галуут суманд орших "Өлзийт" гол нь хил залгах дөрвөн сумын нутгаар урсдаг. 100 гаруй төрлийн ургамал, улаан номонд орсон ан амьтан, түүхийн дурсгалт өв олон. Тиймээс тус компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардаж байна” хэмээлээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.