207 дугаар байрыг 2.5 тэрбум төгрөгөөр нураах ба Монголд анхны туршлага болно

Дэлбэрэлтэд өртөж, ашиглалтаас гарсан 207 дугаар байрыг нураах ажил өнөөдөр эхэллээ. Нураасан барилгыг Морингийн даваанд байрлах Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт аваачиж боловсруулан, эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөжээ.
Энэ талаар Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнгөрсөн оны зургадугаар сард Барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг ажиллаж, энэ барилгыг ахин ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Дулааны нөлөөцөөс шалтгаалан үндсэн хийцлэл дээр нь өөрчлөлт орсон. Үүнтэй холбогдуулан тус барилгыг нураах ажил яригдаж, өнөөдөр буулгаж эхэлж байна. Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр тус 13 давхар барилгыг зориулалтын тоног төхөөрөмж ашиглан буулгах гэж байна” гэлээ.
Тус барилгыг нураах ажилд 2,5 тэрбум төгрөг, барилгыг буцаан барихад 12 тэрбум төгрөг зарцуулах урьдчилсан тооцоо гарсан аж. Манай улс анх удаа олон давхар барилга буулгаж байгаа учир аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах, ойр орчмын барилгыг хамгаалах ажлуудыг эхний ээлжид хийж гүйцэтгэхээр болжээ.
Барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн дарга Ц.Болд “Манай үйлдвэрт нийслэлийн засаг даргын захирамжаа 30 хоногийн хугацаанд буулгах даалгавар өгсөн. Бид ирэх сарын 1-нд бүрэн нурааж дуусгах төлөвлөгөөтэй ажилаа эхэллээ. Барилгыг дээврээс нь эхлэн, давхар бүрээр нь хэсэгчлэн нураана. Ингэхдээ жижиглэх, тастах аргаар нураана. Нураах ажилд 60 гаруй инженер, техникийн ажилчид ажиллана. Өмнө манай компани “урт цагаан”-ыг нурааж байсан ажлын туршлагатай” хэмээв.
Тухайн барилгыг оршин суугч 62 айл нийтдээ нэг жил найман сарын хугацаанд түрээсийн байранд амьдарч байгаа бөгөөд түрээсийн мөнгийг нийслэлээс дааж байгаа юм. Ослын буруутай этгээдийг шүүхээр эцэслэн тогтоосны дараагаар хохирлыг тухайн этгээдээс нэхэмжлэх ажээ.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаягд�##� төмрийн ченжүүд үнэгүй буулгаад аваад явна