Нийслэлийн бохирдолтой хэсгүүдийг цэвэрлэх "Clean Up-5" арга хэмжээ энэ сарын 20-нд болно

Жил бүрийн есдүгээр сарын 20-нд World Clean Up Day буюу "Дэлхийн цэвэрлэгээний өдөр" тохиодог билээ. Эл өдрийг дэлхий даяар хатуу хог болон далайн хог хаягдалтай тэмцэх зорилгоор анх санаачилж байсан.
191 гаруй орон энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд байгаль орчныг хамгаалах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулахад чиглэсэн үндэсний цэвэрлэгээний өдөр юм. Тус өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод "Clean Up-5" залуусын сайн дурын арга хэмжээг 2025 оны есдүгээр сарын 20-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь орон даяар олон нийтийн оролцоотой цэвэрлэгээ зохион байгуулж, иргэдийн экологийн боловсрол, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой.
"Clean Up" залуусын сайн дурын арга хэмжээ өмнө нь дөрвөн удаа зохион байгуулагдсан бөгөөд 4,000-8,000 залуучууд Туул гол, Сэлбэ гол болон Улаанбаатар хотын бохирдол ихтэй хэсгүүдийг цэвэрлэж байсан аж.
Энэ удаад "Clean Up" залуусын сайн дурын арга хэмжээ дараах маршрутаар цэвэрлэгээ хийх гэж байна. Тодруулбал Маршалын гүүрнээс баруун тийш туул голын ай сав газар, Маршалын гүүрнээс зүүн тийш Туул голын сав газар дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж дагуу цэвэрлэнэ.
Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, төр, ТББ, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагууд их дээд сургуулийн оюутан залуус та бүхнийг эх дэлхий байгаль орныхоо төлөө есдүгээр сарын 20 ний өдөр 09:00 цагаас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.



Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв шүү амжилт