"Эрдэнэт"-ийн ойролцоо 1.1 сая тонн зэсийн нөөцтэй Оюут орд нээгдсэнийг зарлалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Орхон аймагт ажиллах үедээ "Эрдэнэт" үйлдвэрийн үндсэн ордоос 10 километрын зайд зэсийн Оюут хэмээх шинэ орд илрүүлсэн талаар мэдээллээ.
Оюут орд нь урьдчилсан тооцоогоор 357 сая тонн хүдэр, 1.1 сая тонн зэсийн нөөцтэй юм байна.
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын мэргэжилтнүүд, геологичид 2023 оноос хойш хайгуул хийн ажилласаар энэхүү ордыг нээжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Г.Занданшатар "Оюут орд нь улсын эдийн засагт стратегийн том боломжийг нээж, олон жил тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байна.Эрдэнэт хотын шинэ хөгжлийн гараа эхэлж байна. Шинэ үйлдвэр, дагалдах дэд бүтэц гээд бүтээн байгуулалтууд өрнөж, шинэ үеийн залуучуудын хөдөлмөрлөх талбар нээгдлээ.
Монголын баялаг зөвхөн дотоодод төдийгүй дэлхийн ногоон ирээдүйд хувь нэмрээ оруулах юм. Энэхүү ордоос олборлох зэс нь эрчим хүчний шилжилт, цэвэр технологи, тогтвортой хөгжлийн салбаруудад ашиглагдана.Оюут ордыг ашигласнаар Монгол Улс дэлхийн зэсийн эрэлт, нийлүүлэлт, хэрэгцээг хангах томоохон тоглогч хэвээр байх боломжтой юм.
Байгалийн баялгийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт тэгш хүртээх Үндсэн хуулийн заалтын дагуу Оюут ордын үр өгөөжийг монгол хүн бүр хүртэх ёстой" гэхчлэн ярьжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.