Путиний мөнх амьдралын тухай ярианы дараа ОХУ хөгшрөлтийн судалгаанд мөнгө цацаж эхэлжээ

ОХУ-ын төрийн шинжлэх ухааны сан сүүлийн жилүүдэд хөгшрөлт, урт наслалтыг судлах анагаахын шинжлэх ухааны судалгааны зардлыг үлэмж нэмэгдүүлсэн байна.
2013 онд суурь болон хэрэглээний судалгааг дэмжих зорилгоор байгуулагдсан ОХУ-ын Шинжлэх ухааны сан (РНФ) нь 2016-2020 онд ийм чиглэлийн долоон төслийг санхүүжүүлж юм. Харин 2021-2025 онд хөгшрөлтийн чиглэлээр 43 төслийг санхүүжүүлж байгаа гэж “Новая Газета Европ” мэдээлжээ.
Санхүүжилт авсан төслүүдийн нэгийг ерөнхийлөгч Владимир Путиний охин гэгддэг хүн удирдаж байсан юм. Тус сан жилд 4-7 сая рублийг (47,000-83,000 ам.доллар) дэмжлэг болгон олгодог аж. Харин 2017 онд дэмжлэг дунджаар 3-6 сая рубль (36,000-71,000 ам.доллар) байсан юм.
РНФ мэдээлснээр, хөгшрөлттэй холбоотой төслүүдийн санхүүжилтийн доод хэмжээ 2016-2020 онд 21 сая рубль (250,000 ам.доллар) байсан бол 2021-2025 онд дор хаяж 172 сая рубль (2 сая ам.доллар) болж өсжээ. Тус сангийн 2025 оны төсөв 40 тэрбум рубль (476 сая ам.доллар) байгаа аж.
Ихэнх төслийн санхүүжилтийг 2021-2023 онд олгосон байна. Тэдгээр төслүүдэд дархлааны хөгшрөлтөд гүйцэтгэх үүргийг судлах, тархи, нүдний өөрчлөлтийг Альцхаймерийн өвчинтэй холбон шинжлэх судалгаанууд багтсан юм.
2025 онд л гэхэд хөгшрөлттэй холбоотой шинэ таван төсөл санхүүжилт авчээ. Үүнд стрессээр өдөөгдсөн эсийн хөгшрөлт, хипоталамусын мэдрэлийн эсийн үйл ажиллагааны өөрчлөлт зэрэг сэдэв хамрагдсан байна.
Энэ онд шинээр санхүүжилт авсан нэг төсөл нь эсийн шинэчлэл, эрүүл урт наслалтыг судлах тухай. Хэвлэлүүд Путины том охин байж магадгүй хэмээн мэдээлдэг Мария Воронцова тэрхүү төслийг удирджээ.

ОХУ-д хориглосон шинжлэх ухааны “T-Invariant” цахим хуудас мэдээлснээр, Воронцовагийн төсөлд “дэлхийн түвшний шинжлэх ухааны лаборатори”-ийн хөтөлбөрийн хүрээнд санхүүжилт олгосон байна. Энэхүү хөтөлбөр нь 30 сая рубль (357,000 ам.доллар) хүртэлх санхүүжилт олгодог юм.
“T-Invariant” мэдээлснээр Воронцовагийн ажиллаж байсан төслүүдийг эрдэмтэд иш татсан тоо нь санхүүжилт авсан бусад авсан судлаачдаас эрс доогуур байсныг дурджээ.
72 настай Путин саяхан урт наслах, хөгшрөлтийн зогсоох болон залуужуулах шинжлэх ухаанд сонирхолтой байдгаа илэрхийлж байсан юм.

Энэ сард Бээжинд болсон цэргийн парадын үеэр тэрбээр БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй хүний урт наслалтын талаар чимээгүй ярилцаж байгаад нь бичлэгт буусан. Ши Жиньпин энэ зуунд гарч буй шинжлэх ухааны дэвшлийн ачаар хүн 150 наслах боломжтой гэж таамагласан бол Путин биотехнологийн хөгжлөөр хүмүүс “залуужиж, бүр мөнх амьдрах” боломжтой хэмээн хариулсан байна.
Эх сурвалж: The Moscow Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Их удирдагчид гэдэг нөхөд ийм л тэнэг мангар юмнууд баыдаг бна ш дээ !!!