Ө.Шижир: Хууль бус алт тушаалтыг болиулахгүй бол 2026 оны төлөвлөгөө чинь биелэхгүй шүү

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, “Эдийн засаг дахь төрийн оролцоог багасгана гэж 10 жил ярьж байна. Төсвийн тухай хуульд удаа дараа өөрчлөлт оруулсан. Төсвийн хүрээний мэдэгдлээ бас энэ маягаар өөрчилсөөр байна. ТӨХК-иуд ДНБ-ий 74 хувийг үйлдвэрлэж байна гэж бахархалтайгаар бичсэн байна лээ. Юугаараа төрийн оролцоог багасгаж байна вэ? Цар тахлын үеийн хил хаалттай үед олборлож байснаас бага хэмжээний алт олборлож байна, өнөөдөр. Энэ бол алт тушаалт багассан ба хууль бус аль хилээр гарч байна гэсэн үг. 20 тонн алт тушаана гэж тусгасан чинь бол ирэх онд биелэхгүй. Одоо яаж ААН-үүдээ хөл дээрээ бос, ажилчдынхаа цалинг тавь гэж байгаа юм. Төсвийн хүрээний мэдэгдлээ эхэлж зөв боддог болмоор байна” гэлээ.
Үүнд ЭЗХ-ийн сайд Н.Учрал “Ер нь манай үеийнхний үзэл бодол ижилхэн л дээ. Төрийн оролцоог багасгана, хувийн хэвшлийг дэмжинэ, эдийн засгийн эрх чөлөө гэдгийг бид ярьж төрж өссөн л дөө. Бодлогын хувьд тэнцвэржүүлсэн орлого нь ДНБ-ий харьцаа 37 хувь, маш өндөр. Үүнийг 2028 онд 28 хувь хүртэл буулгая гэдгээр л төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилж оруулж ирсэн. Энэ хугацаанд хувийн хэвшлийн орон зайг хадгалж, татварын шинэчлэл хийх ёстой. Одоо Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, түүнийг дагасан 110 хуулийн өөрчлөлтийг өргөн барьсныг хэлмээр байна. Үүнийг бид улстөржихгүйгээр хамтдаа хийж, эдийн засгийн эрх чөлөөг хамгаалах хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.