Улс төрийн мэдээ

Х.Тэмүүжин: Алдаан дээрээсээ сургамж аваад, зоригтой засчихдаг бай Г.Дамдинням сайд аа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар "Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор Г.Дамдинням сайдаас асуулт асуумаар байна.

Төсвийн хүрээний мэдэгдэл болон ирж байгаа төсөл, төсөв Монгол Улсын ирээдүйн таван жилийн үйл явцыг төлөвлөх гэж оролдож байгаа. Бид алдаан дээрээсээ сургамж аваад тэр алдаагаа зоригтой засчихдаг баймаар байна Г.Дамдинням сайд аа.

Бид 2007 онд стратегийн орд гэх нэр томьёог ашиглаад буруу хаалга татаад мухар гудамж руу орчихсон. Ер нь стратегийн бүтээгдэхүүнийхээ тухай зоригтой ярих хэрэгтэй. Стратегийн орд гэдгээс эдийн засагт ямар үр дагавар гаргаад байгаа вэ гэхээр даацтай, хөрөнгө оруулалт томтойгоор хариуцлагатай уул уурхайг эрхлэхээр зорьж байгаа том аж ахуй нэгжүүд дээрээ бид үл ойлгогдох популизм, дарамт гэх олон зүйлийг бий болгочхоод яг адилхан бүтээгдэхүүн гаргаж байгаа жижиг ордууд дээр хариуцлагагүй уул уурхай, татвар болон янз бүрийн зүйлсээс займчдаг бизнесийг өдөөчихсөн.

Тиймээс үүнийг зоригтой шийдээд стратегийн орд гэж дэлхийд байхгүй нэр томьёонуудаа болих хэрэгтэй. Монгол Улсын хувьд стратегийн бүтээн байгуулалт гэж юу байх ёстой вэ гэдгийг тодорхой гаргаж өгмөөр байна. Тэгэх юм бол дараа нь төрийн оролцоо ямар байх тал дээр ярих боломж бүрдэнэ. Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа стратегийн бүтээгдэхүүнээс бусад бизнес эрхлэгчдээ татварын дарамтаас гаргамаар байна.

Энэ Засгийн газар НӨАТ-ын 10 хувийн буцаан олголтыг 5 хувь болгоё гэдэг санал гаргаж байх шиг байна билээ. Яг одоо бизнес эрхэлж байгаа хүмүүс дээр татварын дарамт, ачаалал асар их байгаа. Ажлын байраа нэмж чадахгүй, эдийн засгийг тэлж чадахгүй байгаа. Тиймээс НӨАТ-ын татвараа 5 хувь болгож болохгүй юу, буцаан олголт нь 2 хувиараа байж байдаг юм байгаа биз. Б.Пүрэвдорж болон бусад гишүүдээс гаргасан хуулийн төсөл энд гацаад, зогсоод байна. Засгийн газар үүн дээр зоригтой шийдвэр гаргаж болдоггүй юм уу. Б.Түвшин гишүүн болон бусад гишүүдийн өргөн барьсан НДШ-тэй холбоотой асуудал байна. Яг үнэндээ төр өөрөө хувийн хэвшилтэй өрсөлдөгч байдаг зүйлийг зогсооно гэж хэлсэн. Энэ төрийн өмчит компаниуд бизнес эрхлэгчдийн хийж чадаж байгаа ажил дээр бөөн мөнгө, хүн, үйл ажиллагаа овоолчихсон байгаагаа татан буулга.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Тэмүүжин гишүүнтэй 100-аас дээш хувь байдаг бол санал нэг байна. Томоохон улс орнууд стратегийн бүтээгдэхүүн гэж зарладаг. Стратегийн бүтээгдэхүүн гэдэгт заавал газрын ховор элементийг тооцдоггүй. Тухайн улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг бүтээгдэхүүнүүдээр нь зарлаж явдаг. Манай улс стратегийн ордыг Үндсэн хууль руугаа хийгээд гацалтад оруулчихсан. Яаж гацалтад орсон бэ гэвэл, стратегийн орд гэдэг нэр өгчихсөн болохоор хайгуул, судалгааны ажлыг хувийн хэвшлүүд явуулж чадахаа байчихсан. Айгаад.

Дараагийн Оюутолгой, Тавантолгойг бий болгоно гээд хайгуул, судалгаа хийгээд явахаараа улс дээрэмдчихнэ, 51 хувийг нь авчихна, 34 хувийг нь авчихна гэсэн айдастай байгаа болохоор хайгуул судалгааныхаа тайланг өгөхөө больчихсон байгаад байна. Энэ байдлаас болж томоохон хөрөнгө оруулалт орж ирэхгүй болчихсон. Энэ нь үргэлжилбэл дараагийн Оюутолгой, Тавантолгой гарч ирэхгүй. Тиймээс Х.Тэмүүжин гишүүнтэй санал нэг байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг удахгүй Засгийн газраар оруулж ирнэ. Манай яам дээр бэлтгэгдэж байгаа. Удахгүй олон нийтийн хэлэлцүүлгийг эхлүүлнэ. Энд стратегийн орд, стратегийн бүтээгдэхүүн гэдгийг ойлгомжтойгоор тодорхойлоод "Том биетэй л бол чамаас авна" гэж дайраад байхаас илүүтэй бүгд байгалийн заяагдмал нөөцөө ашиглаж байгаа учир байгалийн сангийн тухай АМНАТ авъя. Ингэх юм бол том жижиггүй баялгийн санд хувь нэмэр оруулагч болно.

Сангийн сайд Б.Жавхлан "Х.Тэмүүжин гишүүний зарчмын суурь асуудал дээр бүгд санал нэг байна. Ер нь татварын дарамтыг бууруулъя, хамгийн оновчтой шийдлээр явуулах тал дээр. Гэхдээ бид ямар хувилбараар, ямар арга замаар явах вэ гэдэг зөв сонголтоо хийх хэрэгтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчих вий. НӨАТ дээр 10-ыг тав болгох уу, хоёрыг тав болгох уу гэдэг тал дээр хоёрыг тав болгохоор болсон. Яагаад 10-ыг тав болгоогүй вэ гэдэгт гурван үндэслэл хэлье.

  • Нэгдүгээрт: НӨАТ-ын орлого 8 их наяд болж ирж байгаа. 10-ыг тав болговол шууд 4 их наяд болно. Энэ мөнгө иргэдийн гар дээл үлдэхээр орлогын тэгш бус байдал бий болно
  • Хоёрдугаарт: Төсвийн хамгийн тогтвортой орлого. Ковидын хүнд үед НӨАТ-ын орлого л нэмэгдэж, төлөвлөгөө нь нэмэгдэж байсан. Энэ орлогыг огцом бууруулах нь төсөвт маш их эрсдэлтэй.
  • Гуравдугаарт: Татвар нь тав, буцаалт нь 2 хувь болчихоор бүртгэлийн шинж чанар нь байхгүй болчихно.

Х.Тэмүүжин гишүүн нэмж үг хэлэв.

Ингэхдээ "Жавхлан сайдын ярьж байгаа гурван үндэслэл төрд биш иргэнд ашигтай байж болох үндэслэл. Хамгийн тогтвортой төрийн орлого гэж байна. Энэ бол иргэдийн халаасанд байгаа хамгийн найдвартай орлого нь. Иргэдийнхээ халаасанд тэр мөнгийг үлдээчих юм бол улстөрчийн, төрийн гар харж дээшээ харж биш амьдралаа өөрсдөө шийдэх гэж оролдоно шүү дээ. Иргэд дараагийн бизнес рүүгээ, хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэнд рүүгээ мөнгөө хийх юм уу гэдэг сонголт шүү дээ. Бид дарга иргэдийн өмнөөс сонголтыг нь хийж өгдөг хэлбэрээс салах хэрэгтэй" гэв.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зөв үнэн байх
Зөв үнэн байх
9 сар 17, 2025 19:55

Зөв санаа гаргаад л байх шиг байгаа юм . Арай бүгд тэнэг биш гэдэг нь ч харагдаад байгаа юм. Даанч гэнэт баяжсан хүмүүс нь гэнэт буцаад хоосон болчихно гэсэн мангар айдаснаас хувиа хичээж бүлэглэл үүсгээд дээр нь хүний амьдр�##�ыг хэд тэдэн хувь байхад хватид наахуй гээд байх шиг байна . Оросоор хагас дутуу ярьдаг нөхөдүүд байнаа байна

Зочин
Зочин
9 сар 17, 2025 20:28

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button