“FIBA U23 3x3 World cup”-ийн эргэн тойронд

“FIBA 3х3” сагсан бөмбөгийн “U23” ангиллын 23 хүртэлх насны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн Хятадын Шиюн Ань хотод энэ сарын 17-ны өдөр эхэлсэн. Гурав дахь өдрөө үргэлжилж буй тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг өрсөлдөж байгаа юм.
“FIBA U23 3x3 World cup” буюу 3х3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын эрэгтэйчүүдийн шигшээ баг оролцож байгаа бөгөөд тэд “С” хэсэгт Итали, Алжир, Аргентин, Венесуэл Улсын багуудтай нэг хэсэгт багтжээ.
Манай улсын эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Г.Болор-Эрдэнэ, Г.Дөлгөөн, С.Төгөлдөр, Э.Маргад гэсэн тоглогчид багтсан билээ.
Ташрамд дуулгахад, “FIBA U23 3x3 World cup”-ийн бүх тоглогчдыг оноо авалтаар манай улсын шигшээ багийн тамирчин Ганхуягийн Дөлгөөн хоёр тоглолтод 21 оноо авж тэргүүлсэн.
Эрэгтэй шигшээ баг “FIBA U23 3x3 World cup”-ийн “С” хэсгийн эхний тоглолтоо Итали Улсын хүчирхэг багийн эсрэг хийж 22:16-аар ДАШТ-ий эхний ялалтаа авсан. Хэсгийн хоёр дахь тоглолтоо Аргентин Улсын багийн эсрэг хийж 21:19 онооны харьцаатайгаар ялагдал хүлээсэн юм. Тэгвэл өнөөдөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа 18:20 цагт Венесуэл, 20:50 цагт Алжиртай хийх хуваарьтай байна.
Дэлхийн чансааны шилдэг 20 баг оролцож байгаа тус тэмцээний эрэгтэйчүүдийн ранкыг Герман Улсын шигшээ баг 1765478 оноогоор тэргүүлж байгаа бол удаах байранд 985068 оноогоор Франц Улсын шигшээ баг, 934072 оноогоор Монгол Улсын шигшээ баг удаалж байгаа аж.
Өнгөрсөн жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулсан бөгөөд эрэгтэйчүүдийн төрөлд Герман улсын баг түрүүлж, Америк, Испани Улсын багууд удаалсан юм.
Манай шигшээ баг “C”-ийн хүснэгтийн хоёрт бичигдэж байгаа бөгөөд хэсгээсээ хоёрдугаар байраар гарвал “А” хэсгийн нэгээр гарсан багтай тоглоно. Харин хэсгээсээ нэгээр гарвал “А” хэсгийн хоёроор гарсан багтай тоглох юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.