Казинс, ₮2.5 тэрбумаар нэгдсэн 3х3 шигшээгийн хамт дутуугаа гүйцээж чадах уу

Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн 2025-2026 оны улирлын тоглолт ирэх сарын 1-нд эхэлнэ. Үндэсний дээд лигт эрэгтэй 10, эмэгтэй 6 баг оролцох юм. Энэ улиралд "M" хөгжлийн лигээс "Ховд шонхрууд" болон "Mongolians" багууд дээд лиг рүү дэвшиж өрсөлдөхөөр болсон. Лигийн дүрмийн дагуу өнгөрсөн улирал сүүл мушгисан хоёр багтай тоглож хожил авснаар тэд дээд лигийн босго алхаж чадсан юм. Ингэснээр лигийн шилдэг 10 эрэгтэй баг аваргын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлэх аж.
Үүнээс энэ улиралд аваргын цомыг өргөх магадлал өндөр байгаа баг бол "Сэлэнгэ Бодонс". Мэдээж өмнө жилийн дутуугаа гүйцэхээр Демаркус Казинсыг эргэн нэгтгэсэн "Сэлэнгэ Бодонс"-ынхон 2.5 тэрбумаар 3x3 шигшээ багийн тоглогчтой гэрээлсэн.
Казинс плэй-офф эхлэхэд буюу хоёрдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод ирэх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн АНУ-ын иргэн 188 см өндөр 96 кг жинтэй холбогчийн байрлал дээр тоглодог Майк Уиллиамсаар багаа зузаатгасан. Тус тоглогч нь NCAA-д дөрвөн улирал тоглохдоо 9 оноо, 3.4 самбар, 1.1 дамжуулалт дунджилсан юм. Мэргэжлийн замналаа Швейцар улсын дээд лигээс эхлүүлж, хамгийн сүүлд Болгарын дээд лигт 19 тоглолтод оролцохдоо 17.5 оноо, 4.4 самбар, 2.9 оновчтой дамжуулалт дунджилж байжээ. Түүнчлэн өмнөх улиралд гялалзсан “гитарчин залуу” Ahhmad Junior ахин нэгдсэн байна.
Сэлэнгэ Бодонс багын Монгол тоглогчид өнгөрсөн улирал бусад багуудаас сул байна гэж фанатууд маш их шүүмжилсэн. Тэгвэл энэ улирал Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, А.Ананд, О.Энхбаатар, Т.Отгонжаргал гэсэн шилдэг монгол тоглогчдоор хүчээ зузаатгаад буй.
Дэлхийд ранк өндөртэй 3x3 шигшээ багыг 5x5 тоглуулж, дэлхийн тэмцээнүүдэд саад хийлээ гэж сагсны фанатууд Сэлэнгэ Бодонс багыг шүүмжлээд амжсан. Тэгвэл энэ талаар Сэлэнгэ Бодонс баг "3х3-ийн шигшээ багийн тамирчид нь дэлхийн топ тоглогчдод эрэмбэлэгддэг, олон улсын тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс. оролцож буй тул "Сэлэнгэ Бодонс" багийн зүгээс эдгээр тамирчдыг Үндэсний дээд лигт 5х5 тоглоход нь бэлтгэл сургуулилтыг хамтад нь хийлгэх, багийн ойлголцол, уур амьсгалыг хадгалах, 3х3 тэмцээнүүдийн өвөл, зуны хуваариудад зохицуулалт хийж, оролцоход нь дэмжлэг үзүүлэх тохироотойгоор 5 тамирчинд санал тавьж, хэлцэл амжилттай болж гэрээ байгуулсан" гэсэн албан мэдэгдэл гаргасан юм.
3x3 тоглогчид 5x5 сагсан бөмбөг хэрхэн тоглож, плей-офф хүртэл хүснэгтийн хэддүгээр байраар гарч ямар багтай плей-оффын ширүүн тоглолт хийх бол зэрэг асуулт гарч ирнэ. 2 сарын 28-нд багтайгаа нэгдэх Казинс 3x3 шигшээ багийн тамирчидтай урд өмнө нэг баг болж тоглож үзээгүй бөгөөд тэд богино хугацаанд хэрхэн гар нийлэх бол зэрэг асуултад хариулт өгч чадвал дээд лигийн аварга авч Азийн аваргуудын лиг"-т тоглож олон улсад гарах зорилготой тэдний хүсэл биелэх юм.
Аваргын зам амаргүй нь ойлгомжтой. Тэдэнд өмнө жилий аварга Хасын хүлгүүд, SG APES, зэрэг хүчтэй өрсөлдөгчид тэднийг хүлээж байна.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.