Ерөнхий Ассамблей: БНХАУ чимээгүйхэн Трампыг сөрж, Зеленский НҮБ-ыг шүүмжлэв

Жил бүр НҮБ-ын 193 гишүүн Нью-Йорк хот дахь төв оффист чуулж дэлхий дахинаа тулгамдаад буй асуудлыг хэлэлцдэг. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган үргэлжилж байна. Тус чуулганы хоёр дахь өдөр болсон онцлох зүйлсийг тоймлон хүргэе. Чуулган ирэх долоо хоногийн даваа гараг /2025.09.29/ хүртэл үргэлжилнэ.
Трамп цаг уурын өөрчлөлтийг үгүйсгэснийг сөрсөн БНХАУ-ын алхам

Ассамблейн хоёр дахь өдөр БНХАУ хэд хэдэн орны хамт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төлөвлөгөө гаргаснаа зарласан юм. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уур амьсгалын эсрэг байр суурийг шууд бусаар эсэргүүцсэн явдал боллоо.
Мягмар гарагт /2025.09.23/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн индэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үг хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт бол хууран мэхлэлт гэсэн юм. Мөн тэр Европын Холбоо, БНХАУ-ыг цэвэр эрчим хүчний технологи дэмжиж байгааг нь шүүмжилсэн.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш уур амьсгалын өөрчлөлтийн сэдэвтэй дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан юм. Тэрхүү уулзалтад Бээжингээс БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин цахимаар оролцож, 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 7–10 хувиар бууруулна гэж мэдэгдэв.
Мөн ирэх 10 жилийн хугацаанд БНХАУ-ын салхи, нарны эрчим хүчинд суурилагдсан хүчин чадлыг 2020 оны түвшнээс зургаа дахин нэмэгдүүлнэ гэсэн юм Энэ хугацаанд дотоодын эрчим хүчний хэрэглээний 30-аас дээш хувийг чулуужмал бус түлшээр бүрдүүлнэ хэмээжээ.
БНХАУ бол дэлхийн хамгийн их хүлэмжийн хий ялгаруулдаг орон. Тус улс хүлэмжийн хийн ялгаруулалтын өсөлтөө удаашруулах бус, бодитоор бууруулах зорилт тавьсан анхны тохиолдол нь энэ байв. Гэвч тус улсын бууруулна хэмээн танилцуулсан хэмжээг зарим шинжээчдийн хүлээлтээс бага байна гэж үзжээ.
Ши Жиньпин дэлхийн хөгжингүй орнууд цаг уурын өөрчлөлтийн эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авахыг уриалсан юм. Мөн тэр нэрийг нь дурдаагүй ч АНУ-ыг Парисын хэлэлцээрийн зорилтоос ухарч буйд нь чиглүүлэн шүүмжилсэн байна.
Сүүлийн 60 жилд Сирийн удирдагч анхны удаа Ассамблейн өмнө үг хэллээ

Сирийн Ерөнхийлөгч Ахмад аль-Шараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейд үг хэлэв. Энэ нь Сири улсын удирдагч сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд Ассамблейн индэр дээр үг хэлсэн анхны тохиолдол болсон юм.
Шараа “Би хүн төрөлхтний түүхийн нийслэл, иргэншлийн өлгий болох Дамаск хотоос энд ирлээ. Урт хугацааны турш Сири улс шударга бус явдал, хомсдол, дарлал дор шаналж ирсэн. Эцэст нь бид нэр төрөө хамгаалан босож зогслоо. Сири өмнө нь хямралыг тараадаг байсан бол одоо улс дотроо болон бүс нутагт энх тайвныг сурталчилж, дэлгэрүүлдэг орон болсон” гэсэн юм.
Тэр нэмж “Бид одоо хориг арга хэмжээг бүрэн цуцлахыг уриалж байна. Учир нь эдгээр хориг арга хэмжээ Сирийн ард түмнийг хүлж буй гав дөнгө болсон хэвээр байна” хэмээжээ. Шараа хэлэхдээ Турк, Катар, Саудын Араб болон Арабын улсууд, Европын Холбоо болон АНУ-д талархал илэрхийлээд, Сири Газын зурвастай тай хамт байгаа гэдгээ илэрхийлсэн байна.
“Бид дайны аймшиг, сүйрлийг хамгийн гүнзгий мэдэрсэн ард түмний нэг. Тийм учраас бид Газын ард түмний талд баттай зогсож байна” гэж тэр хэлэхэд танхимд алга ташив. Мөн Израил улс руу нь халдаж буй энэ үед олон улс Сирийг дэмжихийг Шараа уриалжээ.
АНУ-ын нэгэн албан тушаалтан мягмар гарагт /2025.09.23/ мэдэгдэхдээ Сири, Израил хоёр зөрчлийг намжаах гэрээнд ойртсон гэсэн байна. Энэхүү гэрээний хүрээнд Израил халдлагаа зогсоож, харин Сири Израилын хил орчимд ямар ч цэргийн техник, хүнд тоног төхөөрөмж байршуулахгүй байх юм.
Зеленский НҮБ-ыг шүүмжлэв

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Ерөнхий Ассамблейн индэр дээр үг хэлэхдээ дайн туулж буй улс орнуудад НҮБ үр ашиггүй байдаг хэмээн шүүмжиллээ. Мөн тэр хиймэл оюун ухаан болон дроныг хөгжүүлж буй явдал нь хүн төрөлхтний түүхэнд гарч ирсэн хамгийн аюултай зэвсэг хөгжүүлэх уралдаан хэмээн анхааруулсан байна.
Зеленский “Судан, Сомали, Палестин эсвэл дайны гал дунд байгаа бусад ард түмэн НҮБ-аас үнэхээр юу хүлээж болох вэ? Арван арван жилийн турш зөвхөн мэдэгдэл л хийлээ” гэж тэр олон улсын байгууллагуудын ямар ч алхам хийхгүй байгааг хурцаар шүүмжилсэн юм.
Тэрбээр нэмж “Итгэж болохоор аюулгүй байдлын баталгаа гэж байхгүй, зөвхөн зэвсэгтэй найз нөхөд л байна” гэсэн байна. Зөвхөн зэвсэг л улс орон амьд үлдэх эсэхийг шийддэг, үнэхээр хамгаалах хүсэлтэй хүчирхэг нөхөдтэй үед л олон улсын хууль үйлчилдэг хэмээжээ.
Зеленский индэр дээрх хугацааныхаа ихэнхийг хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай, хор хөнөөлтэй зэвсгийн өрсөлдөөн хэмээн нэрлэсэн асуудалдаа зарцуулсан юм. Зэвсгийн технологи батлан хамгаалах чадвараас хурдан хөгжиж байна гэдгийг Зеленский анхааруулсан байна. Тэр “Одоо олон арван мянган хүн дроныг мэргэжлийн түвшинд ашиглан хэрхэн хүн хөнөөхийг мэддэг болсон. Дроны довтолгоог зогсоох нь буу, хутга, тэсрэх бөмбөгийн халдлагыг зогсоохоос илүү хэцүү. ОХУ дайнаар ийм л зүйл авчирлаа” гэсэн юм.
Дрон үнэтэй байсан тул өмнө нь зөвхөн хүчирхэг гүрнүүд л тийм технологийг ашиглаж чаддаг байсан. Гэвч өнөөгийн нөхцөл байдал өөрчлөгдөж, энгийн дрон хүртэл одоо хэдэн мянган километр нисэх боломжтой болсон.
Тэр “Дайны технологи газар зүйн хил хязгаарт захирагддаггүй болсон, энэ нь бүх зүйлийг өөрчилж байна. Дронууд дронуудтайгаа тулалдаж, стратегийн чухал байгууламж руу дайрч, хүнийг бие танин онилох цаг удахгүй ирнэ” гэсэн юм. Дэлхий өөрийгөө хамгаалахын төлөө хэтэрхий удаан хөдөлж байна гэж Зеленский анхааруулжээ.
Мөн Зеленский “Бүрэн автомат, хүн бараг удирдах шаардлагагүй хиймэл оюун ухааны систем гарна. Тийм системийг цөөн хэдэн хүн л удирахад хангалттай. Бид түүхэн дэх хамгийн хор хөнөөлтэй зэвсгийн өрсөлдөөнийг туулж байна. Яагаад гэвэл хиймэл оюун ухаан зэвсэг хөгжүүлэлтийн өрсөлдөөнд орж ирсэн учраас” гэж онцолсон байна. Тэрбээр эцэст нь дэлхийн удирдагчдыг одооноос арга хэмжээ авч, ОХУ-тай хийж буй дайнд Украинд туслахыг уриалсан юм.
Эх сурвалж: Reuters, Euro News, Al Jazeera
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ter neg alialagch ulsaq sunuuj duusgalaal daa
ТЭНЭГ ОРК БИСДА НАР НЭГ ИЙМ ЦЭЭЖИЛСЭН ҮГТЭЙ ГЭЖ БАЙГАА