Top StoriesЯрилцлага

Сумандаа 10 түрүүлсэн бөх М.Эрдэнэбаяр: Бяр нь ханасан, дөрвөн настай тэмээг шууд л өргөчихсөн

Олон дунд “тэмээ өргөдөг бөх” хэмээн танигдсан Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат сумын наадамд 10 түрүүлсэн Манлай заан М.Эрдэнэбаяртай ярилцлаа. Тэрбээр Баянлиг сумандаа амьдарч, үндэсний бөхөөр барилдахаас гадна тууль хайлдаг, нүүдэлчин соёлоо өвлөн тээж яваа нэгэн юм. Бага наснаасаа эхлэн тэмээ маллаж өссөн тэр сумынхаа хоёр түмэн тэмээний баяраар буйлласан тэмээгээ өргөж олноо “Тэмээ өргөдөг бөх” хэмээн нэрлэгдсэн. Мөн сумын заан цолондоо эзэн байхаар сумын наадамд 10 түрүүлэх зорилго тавьж төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор 10 дахь түрүүгээ хүртсэн  түүнтэй ярилцсан ярилцлагаа уншигч танд хүргэж байна. 

-Бөх болох хүсэл сонирхол анх хэрхэн төрж байв, танд?

- Бөх болох  хүсэл сонирхол хүүхэд байхаас эхлэлтэй. Улс, аймгийн том цолтой бөхчүүдийг харах сайхан санагддаг байсан. Тэд цаана л монгол эр хүний эд хавийг гайхуулсан “эр хүн гэж ийм л сайхан бие бялдартай, зан чанартай байдаг даа” гэж бөхөд дурлаж, хүсэн мөрөөдсөн. Тэдэн шиг л бөх болох юм сан гэж бодсоор 13, 14 наснаасаа өсвөрийн бөхийн барилдаан барилдаж эхэлсэн. Анх сумын наадамд 15 настай барилдаж , 2007 онд сумын наадамд 126 бөх барилдаанд үзүүр булааж сумын начин цолтой болсон. Тэр цагаас хойш сумын начин цолтой зургаан жил болсон. Түүнээс хойш цэргийн алба хааж ирээд 2013 онд сумын заан цолоо авсан. Түүнээс хойш өнөөдрийн байдлаар 10 түрүүлчихсэн байна. 

-Таныг бөхийн спортоор хичээллэхээр хотод бэлтгэл хийж байсан гэж дуулсан?

- 16 настай байхдаа “Хилчин спорт хороо”-н дээр бэлтгэлд хамрагдсан. Тэр үед далбаа нэвт хөлстэй болчихсон байсан учир паарны дээр тохчхоод эргээд харсан “хоёр хоёроороо барилд” гэсэн юм. Би сандраад далбаагаа өмсөөд очтол бүгд хоёр хоёроороо болчихсон байдаг байгаа. Тэгээд хүн хайгаад явж байтал эрээн өнгийн тамирын хослолтой өндөр ах голд нь алхаж таарсан.

Хөдөөнөөс ирсэн би юм мэдэхгүй юм чинь “хөөе ах, хоёулаа барилдах уу?” гэж хэлсэн чинь Улсын заан Баасандорж ах байж таараад өдөржин нухуулсан хөгжилтэй юм болж байсан. Хотод хэдэн сар бөхийн бэлтгэл хийсэн. Удалгүй нутаг буцсан л даа. Зарим хүмүүс намайг бэлтгэлээсээ шантраад, оргоод явсан гэж яриад байдаг. Үнэн хэрэгтээ хөдөө ажил их, сурах боломж мөнгө төгрөггүй байсан учир нутаг буцсан. Хааяа бодоход тэр үед хотод бэлтгэл хийх боломж байсан бол одоо улсын цолтой бөх болчихсон байх ч юм билүү гэж боддог.

-Тантай нэгэн үе хамт өсвөрт барилдаж байсан, одоо том цолонд хүрсэн бөхчүүд хэн хэн байна?

-Манай үеийн том цолтой бөхчүүд олон бий. Манай найз Улсын харцага Н.Золбоо, Улсын харцага Э.Гантулга гээд байгаа. Бид нар өсвөрийн бөхийн барилдаанд хамтдаа олон явж барилдаж байсан. Найз нар сайхан том цолонд хүрсэн. Би эд нартай адил улсын цол авах байсан, өөрийгөө тэднээс  хоцорлоо гэж боддоггүй. Сумын заан цолондоо сэтгэл хангалуун явдаг. Найзуудаа сайхан дэмжээд цэнгээд явж байна.

-Аймгийн цолыг зорьж, наадамдаа хэдэн удаа зодоглосон бэ? Аймгийн цолтон болох бодол бий юу, эсвэл сумын манлай заан Эрдэнэбаяраараа үлдэх үү? 

- Ер нь хүн өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдрах ёстой юм шиг. Аймгийн наадамд ихэвчлэн гурвын даваанд тунадаг юм. Гурав даваад дөрвийн даваанд унадаг даа. Гэхдээ аймгийн наадамд олон барилдаагүй, цөөн хэд л барилдсан.   Үнэхээр хүрэхгүй цолыг яалтай. Болохгүй бүтэхгүй зүйлийг болгох гэж зүтгэх хэрэггүй биз. Бөх хүн авсан цолондоо дүүрэн сайхан байх, цолыг гололгүй эзэн нь байх хэрэгтэй. Сумын заан гэдэг бол сайхан цол шүү дээ.  Цолонд хүрэх, цолондоо эзэн байх, бөх болох гэдэг тийм амар зүйл биш байх. Хэрвээ цаг хугацаа, аз од нь ирээд аймгийн цол авах боломж гарвал авна. Эс чадвал тэр л биз харамсах зүйл байхгүй.

-Бөхөд нэг дэвжээ, нутаг усны ахаараа даваа ахиулах, тунаанаас гаргуулах дэмжүүлэх, эсвэл мөнгө төгрөгөөр цолонд хүрэх тохиолдол бий гэлцдэг. Таны хувьд өөрийн үнэн хүчээр аймгийн цолны босго алхъя гэж боддог бололтой?

- Сайхан сайхан залуус тийм маягаар цолонд хүрдэг л дээ. Аймгийн цолтой залуус олон байж л байдаг. Яг үнэн хэрэгтээ аймгийн цол аваад сумын наадамд гурав давахгүй бол яах юм. Түүний оронд сумын заанаараа байсан дээр. Хаана ч очсон  эрэмбэтэй сумын заан байх сайхан. Бөх хүн авсан цолондоо эзэн байх ёстой гэсэн хувь бодолтой явдаг: 

-Өнгөрсөн жил сумын наадмын 10 дахь түрүүгээ төрөлх сумынхаа 100 жилийн ойгоор авсан. Сумын наадамд 10 түрүүлэх тэр тусмаа нутгийнхаа 100 жилийн ойд түрүүлэх сайхан мөч байсан байх?

- Тэгэлгүй яах вэ. Буурал нутгийнхаа түүхт ойд зодоглоод түрүүлэх сайхан мөч. Сумын наадамд 10 түрүүлэх зорилго эртнээс өөртөө тавьж, түүнийхээ төлөө тууштай хичээж байсан. Манай сумын ойгоор хол ойрын садан ахан дүүс, нутгийнхан олноороо ирсэн өтгөн сайхан наадам болсон. Цаанаасаа юм нь таарна гэдэг шиг 10 түрүүлэх зорилгодоо хүрэхэд нэг түрүү дутуу байсан учир сайхан барилдаж түрүүлсэн. Сумынхаа 100 жилийн ойгоор 10 дахь түрүүгээ хүртэх хувьтай байж. 

-Сумын наадамд 10 түрүүлэх зорилго нэлээн эртнээс өөртөө тавьсан санагдлаа. Яагаад заавал 10 давъя гэж зорьсон юм бэ?

-Сумын наадамд  хоёр, гурав түрүүлсэн заанууд байдаг. Аман яриагаар бол дээх нь үед 10 түрүүлсэн хүний тухай ярианууд бий. Нутаг усандаа мал сүргээ адгуулж хажуугаар нь барилдаж нүүдэлчдийн өв соёлоо тээж яваа сумын заанууд тоологдошгүй их.

Тиймээс авсан цолондоо эзэн болж тэр бүх залуусын зүүний манлайд гарна гэдэг бол сайхан. Одоо ахиад нэг, хоёр түрүүлэх бодол байгаа. Цаашдаа хоёр жил барилдах байх тэр хугацаанд хоёр, гурав түрүүлчих байх. 

-Та 2024 онд сумын наадмын найман түрүүтэй байсан. 2024 онд хоёр түрүү хүртэж 10 болгосон. 10 түрүүг хэдэн жилийн дотор авсан юм бэ?

 - Долоо дахь түрүүгээ сумынхаа ардын хувьсгалын баяр наадмаас аваад, найм дахь түрүүгээ Баянхонгор аймгийн Шинжст сумд авсан санагдаж байна. Ес дэх түрүүгээ Өмнөговь аймаг, 10 дахь түрүүгээ сумынхаа 100 жилээс авсан. Ер нь 10 түрүүгээ сүүлийн гурван жилд ихэнхийг нь авсан.  

-Зарим сумдын наадамд залуу дүү нараа дэмжих, сумын заан болгох тохиолдол байсан уу? 

- Ганц нэг дүүгээ дэмжих цолны босго алхуулах тохиолдол бас байлгүй л яах вэ. Зөвхөн би би гээд байж болохгүй дүү нартаа боломж олгох хэрэгтэй. Тэр ч утгаараа ганц нэг дүү нарыг заан болгож байсан. Ер нь дүү нарыг дэмжээгүй байсан бол сумын наадамд 17 түрүүтэй байх байсан. 

-Тумбраадаж цээжээ дарж  бяралхаж учраа бөхөө цацаж хаядаг энэ таны дархан мэх байх. Энэ мэхээрээ олон түрүү хүртсэн шүү дээ, энэ мэхнийхээ тухай яриач?

-Тумбраадах, толгой уураглах, давхар ачих гээд ер нь миний хийдэг мэхнүүд. Гэхдээ байнга хийдэг дархан мэх гэхээсээ илүү тухай барилдаж байгаа бөхдөө таруулж нөхцөл байдлыг мэдэрч мэх хийнэ. Тумбраадах мэхийг бол барилдах явцдаа сурсан. Тумбараадад өргөж гаргаж ирээд зөөлөн тавих хэрэгтэй.

Заримдаа зөөлөн унагах гэж байгаад өөрөө унасан тохиолдол цөөнгүй. Барилдахад их ухаан зарах шаардлагатай. Бас бяр мэдээж чухал. Бяртай хүний хөдөлгөөн бүхэн мэх гэдэг үнэн байх.  

-Тамирчин хүнд багш их чухал байдаг. анх спорт оруулж бөхийн “А” үсэг заасан багшийнхаа тухай та хуваалцаач?

 - Анхны бөхийн “А” үсэг заасан багш гэвэл О.Мөнхбаатар гэдэг хүн бий. Одоо  сумандаа аж төрөн амьдарч байгаа.  Багш дээрээ долоодугаар ангиасаа эхэлж бэлтгэл хийж эхэлсэн. Өсвөрийн аймгийн тэмцээнүүдэд  багштайгаа явж оролцдог байсан. 

-Та барилдаандаа сэтгэл хөдлөлөө ил гаргадаг, нуудаггүй. Тийм болохоор ч тэр үү бөх сонирхогчид танд хайртай байдаг шиг санагддаг юм?  

- Миний байгаа нь л тэр.  Би ард түмнийхээ хайр хүндэтгэлийг их хүртэж яваа хүн. Өөрийгөө ард түмний хүү юм гэж боддог.  Бөхөө хүндлээд цэнгэлдэхэд ирж байгаа ард иргэддээ үнэнч шударга сайхан барилдаан үзүүлэх хэрэгтэй.  Үзэгчдээ цэнгүүлэх л бөх хүний үүрэг байх. Намайг дэмждэг тусалдаг олон сайхан ах дүү нар байгаа, тэднийгээ хуурч  худлаа барилдахгүй байхыг хичээдэг. Ер барилдаад унасан л бол унасан хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Зарим бөхчүүд уначхаад шаралхах, өс санах дэвжээгээ шаах зэрэг муухай үйлдэл гаргадаг нь зохимжгүй санагддаг. Үнэхээр дийлэлгүй унасан л бол унасан, би бол унаа давааг тоодоггүй. Унаж давж л бөх болно шүү дээ. Зарим наадамд заавал тэр  нутгийн бөх түрүүлэх ёстой гэсэн сонин хандлага байдаг нь таалагддаггүй. Үүнийг болих хэрэгтэй, хэн дийлсэн хэн илүү нь түрүүлэх учиртай. 

-Таныг тэмээ өргөдөг бөх гэдгээр тань хүмүүс таних байх. Тэр хэдэн оны үйл явдал юм бэ? 

- 2017 онд манай сумд хоёр түмэн тэмээний баяр болж байсан үе. Санаандгүй байдлаар тэмээ өргөсөн үйл явдлууд болсон л доо. Түмэн тэмээний баяр очсон чинь гадаадын хэдэн жуулчид ирсэн байсан.  Би мотоциклтой гурван хүн сундалчихсан явсан юм. Тэгсэн гадаад жуулчин их гайхаад  чи хэдэн хүн суулгаад хамт явж чадах уу? гээд орчуулагчаараа асуулгаж байна. Тэгэхээр нь долоон хүн суулгаад явж чадна гэсэн чинь өнөө жуулчин тэгвэл тэмээгээр мөрий тавья гэдэг байгаа.

Тэгээд би өөртэйгөө нийлээд долоон хүн суулгаад мотоциклтой давхиж үзүүлсэн. Тэр үед тэмээ буйллах тэмцээн болоод би орсон юм. Буйлласан тэмээгээ өргөчихмөөр санагдаад нөгөө жуулчнаасаа энэ тэмээг өргөөд аваад явчих уу гэтэл тэг гэдэг байгаа. Нөгөө тэмээгээ өргөхөөр болоод дөрвөн хөлийг нь боож байгаад өргөсөн. Намрын тэмээ бяр хүч ханачихсан байж таараа. Дөрвөн настай тэмээ байсан. Одоо бичлэгээ үзэхээр нуруу өвдөх шиг болдог. Ахиж ер нь тэмээ өргөж сахилгагүй зан гаргахгүй. 

-Бөх удам дагадаг гэж ярьдаг. Тэр тусмаа эмэгтэй талаас төрдөг гэдэг, таны удамд бөх хүн байв уу?

 - Манай ээжийн өвөө цэргийн арслан Даваа гэж хүн байсан. Манай ээж их чадалтай хүн байсан.  60 литрийн савтай усыг үүрээд торох юмгүй явдаг байсан одоо бодоходоо бас бяртай хүн байжээ гэж боддог. Тэмээ өөрөө барьж аваад унагаад буйллачихдаг байсан гэхээр чадалтай байсан байгаа юм.

Би багаасаа хөдөө гарч, тэмээтэй ноцолдож өссөн. 14 наснаас эхлээд бяр сууж байгаа нь мэдэгдэж эхэлсэн. 15 наснаасаа үеийн хүүхдүүдтэй барилдахаар бэртээчих гээд байдаг байсан. Энэ нь багаасаа тэмээтэй ноцолдсоных байх. 18 настай байхдаа 110  орчим кг жинтэй байсан санагддаг.  

-Та бөхийн өргөөний сумын заануудын барилдаанд нэг үзүүртэй нэлээдгүй олон шөвөгтэй. Нийт хэдэн шөвөг авсан юм бэ? 

- Яг тэд гэсэн тоо бол хэлж мэдэхгүй байна. 2023 онд 544 бөхийн барилдаанд долоо давж тавдугаар байрт орсон санагдана. Мөн нэг үзүүртэй.  Бөхийн өргөөнд барилдах гоё. Өргөөний сумын заануудын барилдаанд өөрөөсөө 10 гаран насаар дүү бөхчүүдтэй барилддаг. Тэдэнтэй өгөө аваатай барилдах сайхан. Би нас бол тоо гэсэн бодолтой байдаг. Хүн хөдөлмөрлөж чадах юм бол амжилт оройтохгүй.

Хүн өөрөө залхуу, хойрго байвал бие бялдар нь сулбагар түүнийгээ дагаад сэтгэл зүйд нь ч тэр хөгшрөлт хурдан явагддаг байх. Энэ сумын заануудын намрын нээлтийн барилдаандаа сайхан барилдаад, цаашдаа өргөөнд ер нь барилдахгүй. Аварга арслангуудын энерги шингэсэн авшигтай сайхан өргөөнд газар газрын хүчтэн залуустай олон барилдсан, одоо болсон байх аа. 

-Хүүхдээ бөх болгож аавынхаа аваагүй цолыг  аваасай гэсэн бодол бий юу?-

 Би хүү охин хоёртой. Заавал хүүхдүүдээ бөх бол гэж хэлэхгүй. Манай хүү барилдах сонирхолтой одоо 12 настай. Аавтайгаа хамт наадамд явж барилддаг. Хүүгээ дагуулаад наадах сайхан.

-Сүүлийн үед санаатай болон санамсаргүй байдлаар, богино хугацаанд цолонд хүрэхийн тулд допинг хэрэглэх  асуудал яригдах болсон. Энэ тал дээр та ямар байр суурьтай явдаг вэ? 

- Залуучууд мэр сэр хэрэглэж байх шиг байна, ер нь бөхөд байх ёсгүй зүйл. Бас олон төрөл байх шиг байгаа юм. Бүгдийг нь хорих ёстой байх . шударга бус өрсөлдөөнийг бий болгож байгаа шүү дээ. Дэлгэрэнгүй сайн мэдэхгүй, мэдэхийг ч боддоггүй.

-Бөхөөр хичээллэж байгаа залуустаа хандаж юу гэж зөвлөх вэ?

- Цагаан бай гэж хэлмээр байна. Авсан цолондоо эзэн болж хүндлэлтэй бай. Баавар муухай, эрэмбэ сайхан гэдэг шүү дээ. Бөхөөр хичээллэсэн хүн бол муу хүн болох учиргүй гэж хэлье. 

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ахмад настан
Ахмад настан

Одоо тэмээ битгий хэл машин өргөдөг болжээ хө бэлтгэл сургуулилт матери�##�аг бааз спорт байгууламж их сайхан болж!!! Булган аймгийн Сайхан сумын харьяат Улсын арслан тэмээ өгдөг хэмээх Жамъяндорж гуай үед бол аргагүй л Байг�##�аас заяасан хольцгүй биеээрээ гайхуулдаг сайхан үе байжээ!!!

Иргэн
Иргэн

Одоо бол нуль допинг, тариа, витамин

Зочин
Зочин

Яг өргөсөн үү гэдэсрүү н толгой шигдэж орчихоод хэцүү л юм бсан даа амьсгаа авахад

Зочин
Зочин

Сумандаа биш олон суманд түрүүлж нийлбэр нь 10 байх шүү

зочин
зочин

сайхан з�##�уу байна, эрүүл энхийг хүсье

Mgl
Mgl

Одоо нэг мөсөн 2 нам болж с�##�маар юм.

Холбоотой мэдээ

Back to top button