НИЙГЭМ

Үнэнийг хэлэх зоригтой хүнийг хамгаалах нь нийгмийн үүрэг

Саяхан иргэн Г.Уянга өөрт тохиолдсон явдлаас үүдэж, сургуулийн орчны дээрэлхэлт түүнээс улбаалсан өсвөр насныхны дундах ёс суртахууны асуудлыг хөндөв.

Түүний хувьд энэ сарын 24-ний өдөр хүүхдийн тоглоомын талбайд суррон, скүүтер унасан өсвөр насны хүүхдүүдэд шаардлага тавьсны хариуд тэд түүнийг бүдүүлгээр доромжилж, хүүхдүүдийг нь элдэж хөөснийг тэр ёс суртахуунгүй үйлдэл хэмээн олон нийтэд дэлгэв.

Улмаар эл үйлдлийн дараа түүний тавьсан зарчмын асуудлын хариуд өөр рүү нь ёс бус үгээр хараасан сурагчдын харьяалагддаг Улсын 1-р дунд сургуулийн захирал, нийгмийн ажилтан, багшид шаардлага тавьжээ. Хариуд нь тухайн өсвөр насны хүүхдүүд, тэдний эцэг эх, цаашилбал тус сургуулийн зарим нэг эцэг эхчүүд бүлэглэн дайрч, гутааж, заналхийлсэн байна.

Уг нь иргэн Г.Уянга нийгмийн хэв журмыг алдагдуулж байгаад шаардлага тавьсан бөгөөд том зургаар нь харвал өөр хэнд ч тохиолдож болох нийтлэг асуудлын өмнөөс дуугарсан нь түүнийг шүгэл үлээгч болгосон юм. Г.Уянга дан ганц түүний тавьсан шаардлагыг үл биелүүлсэн тухайд бус үүнээс цааш даамжирсаар буй өсвөр настнуудын буллидэлт буюу ялгаварлан гадуурхалтын асуудал руу цөмрөөд орчихсон хэрэг. Түүний энэ үйлдлүүдийг олон улсад ёс зүй, ил тод байдал, хүний эрхийн асуудлыг хөндөж буй гэж үзэж "whistleblower" буюу шүгэл үлээгч хэмээн хүлээн зөвшөөрөх бөгөөд олон нийтийн эрх ашигт хохирол учруулж болохуйц үйлдлийг илчилсэн, таслан зогсоох арга хэмжээг авсан хэмээн үнэлдэг.

АНУ-д 1989 онд Whistleblower Protection Act буюу шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж өгч байжээ. Мөн Их Британид гэхэд олон нийтийн эрх ашгийн төлөө үйлдэл хийж, илчилж, дуугарч тэмцсэн иргэнийг ажлаас халах, дарамтлах, айлган сүрдүүлэх, нэр төрд нь халдах зэрэг бүх хэлбэрээс хамгаалах тогтолцоотой. Зарим тохиолдолд шүгэл үлээгчийн эсрэг шүүх дээр хэрэг үүсгэхийг хориглож, шүгэл үлээгчийг дарамталсан этгээдэд ял хүртэл оногдуулдаг.

Харин Монголд энэ төрлийн хуулийн зохицуулалт байхгүй. Гэхдээ нийгмийн өмнө ёс суртахууныг нэхэн сануулах гэсэн хэн бүхний нэр төр, зарчимч байдал үлгэрлэгдэн үлддэг хэвээр байх болно. Социалист нийгэмд шүгэл үлээгчийг бүлгийн дүрмийг эвдэгч, урвагч мэтээр тайлбарлан ухуулах хандлага өндөр байв. Улмаар энэ нь хоцрогдсон хандлага болж, ёс зүйгүй үйлдлийг таслан зогсоох нь иргэний нийгмийн хөгжлийн гол тулгуур болсоор байна.

Саяхан уншсан Накано Нобүкогийн "Шударга ёсны хордлого" нэрээр /Чимээ хэвлэлийн газар/ орчуулагдсан номд Япончууд ухаан муутай хүнийг "Бусдад нийцүүлж чаддаггүй", "Олноос зөрсөн үг үйлдэл байнга гаргадаг" гэсэн хэмжүүрээр хэмжиж байхад францчуудын хувьд "Бусдаас ялгардаггүй", "Өөрийн үзэл бодлоо хэлдэггүй" хүнийг мулгуу, мунхаг хэмээн үздэг тухай хэсэг гардаг.

Эндээс харвал иргэн Г.Уянгыг олон нийтийн өмнөөс, нийтийн ёс суртахууны төлөө дуугарсны хариуд "дуугүй байсангүй" гэх хандлагыг зарим насанд хүрэгчид илэрхийлж буй нь нийтийн тогтсон хандлага нь өөрөө шударга ёсны төлөө дуугарах биш, улмаар асуудлыг сөхсөн хүн нь мулгуу мэтээр олон нийтэд итгүүлэх гэсэн арга хэлбэр мэт харагдана.

Угтаа Г.Уянгын тавьсан шаардлага хууль ёсны гэдгийг ухамсарлах. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 16-аас доош насны хүүхэд суррон унавал эцэг, эх нь зөрчлийн хуулиар торгодог. Түүнчлэн 10-14 насны хүүхдүүд унадаг дугуйг явган хүний замаар хөдөлгөөнд орохыг дүрэмд заасан бөгөөд үүнд суррон, скүүтер багтдаггүй. Суррон унахын тулд А үнэмлэхтэй байхыг шаарддаг бөгөөд сургууль, цэцэрлэг, тоглоомын талбайд унаж болдог дүрэм журам байхгүй.

Мөн өнөөдөр дээрх асуулдлыг хөндөж, олон нийтэд дэлгэснээрээ тэр өөрийн биеэр өсвөр насныхны бүлэглэн дайралтад өртсөөр байна. Өсвөр насныхны дайралт, танхайрал цахим орчинд төдийгүй сургуулийн орчинд ч өндөр байгаа нь үнэн.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 4-р сарын 15-ны өдрийн хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайд, Боловсролын сайд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд нар нь хэлэлцэж байв.

Ингэхдээ Хүүхэд хамгааллын тухай хуульд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлэх шаардлагын тухай хөндсөн. Мөн энэ үеэр хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд үе тэнгийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага 2022 онд 353, 2023 онд 637, 2024 онд 1052, 2025 оны I улирлын байдлаар 193 бүртгэгдэж, орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар/хэлтэст шилжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл жил бүр өсөж байна.

Цахим дарамттай холбоотой мэдээлэл 2022 онд 83, 2023 онд 448, 2024 онд 63, 2025 оны I улирлын байдлаар 28 бүртгэгдсэн. Боловсролын орчинд гарсан хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамттай холбоотой дуудлага 2025 оны I улирлын байдлаар 2235-ыг бүртгэсэн байна.

Таны, миний хүүхэд тоглоомын талбай дээр тоглож байхдаа хурдтай суррон, скүүтерт мөргүүлэх, шүргүүлэх зэрэг эрсдэл үүсэж болно. Мөн та өсвөр насны хүүхдүүдэд зүй ёсны шаардлага тавьсныхаа хариуд Г.Уянгад тохиолдсон шиг нөхцөлд орж ч болно. Гол нь ийн дуугарсан иргэний асуудлыг эцэстээ сургуулийн нэр төр гэдэг хийсвэр ойлголт руу түлхэн оруулсныг харвал хүний нэр төр, нийгмийн ёс суртахууны эрэмбийг энд гээгдүүлжээ гэж харагдана.

Шударга ёсыг нийтээр нэхэж чаддаг, хэлэлцүүлж чаддаг улс оронд шүгэл үлээгч нь ёс зүйн баатар болдог уг нь.

Харин энэ мэт нийгмийн асуудлын төлөө дуугарсныхаа хариуд бүлэглэн доромжлуулж, дарамтад өртөх нь нийгэм даяараа ёс зүйгүй үйдлийн эсрэг дуугарах итгэл суларч, балчиг намагтаа улам гүн живнэ гэсэн үг.

Үнэнийг хэлэх зоригтой хүнийг үнэнийг дарж, булзайруулагчдаас хамгаалах нь өнөө цагийн нийгмийн амин чухал үүрэг юм.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Тэмүүл
Тэмүүл

Маш зөв бөгөөд онц зориг гаргасан үйлдэл мөн. Даруй арга хэмжээ авахгүй бол томоохон асууд�##�д шилжихэд бэлэн үзэгдэл болжээ.

Зочин
Зочин

1. E-bike, scooter zergiig Nyambaatar horigloh yostoi, niiteeree yamar ch durem juramgui nuhtsuld huuhduudiig buruutgaj bolohgui 2. Iim BULLY avgaigaar ur huuhdiinhee togloj naadah erhed halduulj bolohgui, etseg eh n tertei tergui sanuulj bgaa. Bi lav, manai huuhdiig neg avgai haraaj yuruuguud zogsoj baival huuhdee umuurnu. Uchir n ted usch yavaa huuhduud, yumiig uhaarch oilgono tertei tergui.

Холбоотой мэдээ

Back to top button