СПОРТ

Отгон аваргуудын дараалсан хожлыг “Хүлэгүүд” зогсоолоо

Сагсан бөмбөгийн “Гоё” дээд лигийн нэг болон хоёрдугаар тойргийн тус бүр нэг тоглолт өчигдөр Спортын төв ордны А зааланд болов. Энэ улиралд нийт зургаан баг өрсөлдөж байгаагаас нэгдүгээр тойргийн дараах байдлаар багуудын чанар, чансаа ижил ойр түвшинд байгаа нь харагдаж байлаа. Энэ үдшийн хоёр тоглолт хоёулаа тун өрсөлдөөнтэй, өгөө аваатай болж өндөрлөв.

Хоёрдугаар тойргийн эхний тоглолтонд “Алдар танан гарьд” “СБЛ Хасын Хүлэгүүд” хоорондоо учраа таарсан. Өнгөрсөн жилийн аварга “Гарьд”-ууд нэгдүгээр тойрогт ганц хожигдоогүй. Тэдний дараалсан, завсаргүй хожлыг лигийн зургаан удаагийн аварга “СБЛ Хасын Хүлэгүүд” багийнхан зогсоолоо.

Энэ тоглолтыг “Хүлэгүүд”-ээс Л.Өсөхбаяр, Б.Билгүүн, Б.Гандөш, “Гарьд”-уудаас Ж.Алтаншагай, М.Тэлмэн нар өнжсөн.

Тоглолт дөрвөн үеийн турш өгөө аваатай үргэлжилсний эцэст “Хүлэгүүд” өрсөлдөгчөө 85:82-оор хожсон юм. Энэ тэдний энэ улирлын дөрөв дэх хожил.

Тус тоглолтонд өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч О.Сэргэлэн 18 оноо, 8 самбараас бөмбөг авалт, 9 оновчтой дамжуулалтаар багаа манлайлж, Б.Дорждамба 19 оноо, З.Доржсүрэн 17 оноо, С.Өрнүүнбилэг 14 оноогоор тус хүргэжээ. Ийнхүү “Алдар Танан Гарьд” багийнхан таван хожил, нэг хожигдолтой болсон бол “Хүлэгүүд” дөрвөн ялалт, хоёр хожигдолтой боллоо.

 Лхагва гарагийн эхний тоглолт “Хан-Уул Хангарьд”, “Эрдэнэтийн Уурхайчид” багуудын хооронд болов. Тоглолтын өмнө “Уурхайчид” гурван хожил, хоёр хожигдолтой, “Хангарьд” хоёр хожил, гурван хожигдолтой байлаа.  “Уурхайчид” тус тоглолтод бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон бол “Хангарьд”-аас Л.Эрдэнэ, А.Од нар өнжлөө.

Эхний хагаст “Хангарьд”-ууд илүү байсан ч шийдвэрлэх үед “Уурхайчид”-ын довтолгоо байндаа онож байснаар тэд оноог нөхөж чадсан. Улмаар эгзэгтэй мөчид Б.Эрболд, Э.Дорж-Арилд нарын шидэлтүүд амжилттай болж, оноог тэнцүүлж, цаг дуусахад хоёрхон секунд дутуу, оноо 96:99 байхад “Хангарьд”-аас Б.Билгүүн холын зайн шидэлтээ амжилттай болгосон. “Уурхайчид” багийн тамирчин А.Бямбадоржийн талбайн голоос шидсэн шидэлт цагирагт орсноор 102:99-ын харьцаатайгаар “Уурхайчид” хожил байгууллаа. Ийнхүү энэ үдшийн хоёр тоглолтын хувь заяа хоёулаа эцсийн мөчид шийдэгдэж, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэв.

Энэ тоглолтын шилдэгээр 25 оноо, 10 самбараас бөмбөг авалт, 4 оновчтой дамжуулалт дунджилсан амжилтаар А.Бямбадорж тодорлоо. Түүнд Э.Дорж-Арилд 27, О.Очирбат 16, Б.Батжавхлан 14 оноогоор тус хүргэлээ.

“Уурхайчид” энэ тоглолтонд хожил байгуулснаар 4 хожил 2 хожигдолтой болж хүснэгтийн дээгүүр бичигдсэн хэвээр үлдлээ. Харин “Хан-Уул Хангарьд” улирлын дөрөв дэх хожигдолоо амссав. Ингэснээр хүснэгтийн дөрөвдүгээр байранд эрэмбэлэгдэж байна. “Гоё” дээд лигийн дараагийн тоглолт нэгдүгээр сарын 20-ны даваа гарагт 18.00 цагаас “Алдар Танан Гарьд”, “Хан-Уул Хангарьд”, 20:00 цагаас “Багануур Тулнууд”, “23 Стормс” багуудын хооронд болох хуваарьтай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

mundag

Зочин
Зочин

jijig+dachgandag+nuhurduu

Зочин
Зочин

mundag

Зочин
Зочин

mundag

Зочин
Зочин

Хүлэгүүд Хүлэгүүд Хүлэгүүд үү

Холбоотой мэдээ

Back to top button